
Ормузын хоолойн усан замд ачааны хөлөг онгоц халдлагад өртсөн тул НҮБ-ын Олон улсын далайн байгууллага 11 мянга гаруй далайчныг аюулгүй нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөгөө цуцалжээ. Мөн энэхүү халдлагаас болж газрын тосны үнэ дахин өсөөд байна.
Тодруулбал, брент маркийн газрын тосны үнэ дөрвөн хувиар өсч, баррель нь 74.89 ам.долларт хүрэв. АНУ, Иран улсууд дайныг зогсоох харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсны дараа газрын тосны үнэ огцом унасан боловч одоогоор брент маркийн газрын тосны үнэ дайны өмнөх түвшингээс гурав орчим хувиар өндөр байна.
Өнөө өглөөний байдлаар /2026.06.26/ Япон, Өмнөд Солонгос, Хонконг, Тайванийн гол индексүүд огцом уналттай байна. Токиогийн Никкей 225 индекс болон Сөүлийн Коспи индекс өглөөний арилжаагаар гурав илүү хувиар унасан бол Тайекс нэг орчим хувиар унасан байна.
"MarineTraffic" болон "Kpler" хөлөг онгоцны хяналтын платформуудын мэдээлснээр, зургадугаар сарын 24-ний өдөр 70 хөлөг онгоц усан замаар дамжин өнгөрсөн нь өмнөх өдрөөс хоёр дахин их үзүүлэлт байжээ. Мөн энэ нь гуравдугаар сарын 1-нээс хойших хамгийн өндөр өдөр тутмын үзүүлэлт болсон байна.
Хэд хэдэн хэвлэлд мэдээлснээр, Оманы эргийн ойролцоох хоолойг гатлах гэж явсан ачааны хөлөг онгоц баруун талаараа суманд өртсөн аж. АНУ-ын нэрээ нууцалсан албан тушаалтнууд энэ халдлагын цаана Иран байгаа гэж мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA


Сэтгэгдэл байхгүй байна