
“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэнг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд энэ сарын 25-нд албан ёсоор нээж олон нийтэд дэлгэлээ.
“Чингис хаан” үндэсний музей өмнө нь Франц, Чех, Швейцар, Япон, Итали зэрэг улсад Монголын түүх, соёлын өвийг сурталчилсан олон улсын тусгай үзэсгэлэнг зохион байгуулж ирсэн бол энэхүү үзэсгэлэн Монголын соёлын өвийг дэлхийн тавцанд таниулж буй томоохон үйл явдал болж байна.
Үзэсгэлэнг нээж “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун "Их эзэн Чингис хаан болон түүний үр хойчсын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр, дэлхийн хөгжилд үзүүлсэн нөлөө, түүхэн байр суурийг шинжлэх ухааны үндэслэлтэй дэлгэн харуулах, нүүдлийн иргэншилт монголчуудын өв соёлын онцлог, үнэт өвийг сурталчлахын зэрэгцээ Монголын болон олон улсын судлаачдын хамтын ажиллагааны үр дүнг олон нийтэд хүргэж буйгаараа онцлог” гэж тодотгов.
Үзэсгэлэнд Монгол Улсын музей, эрдэм шинжилгээний байгууллагуудын үзмэрүүд багтсанаас “Чингис хаан” үндэсний музей, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Хархорин музей, Дундговь аймгийн музей, Завхан аймгийн музейн сан хөмрөгөөс бүрдсэн нийт 255 дэсийн 437 үзмэрийг дэлгэн үзүүлж байна.
Ийнхүү “Чингис хаан” үндэсний музей Их Британийн нэр хүндтэй музейн нэг болох Эзэн хааны зэвсгийн музейтэй хамтран томоохон хэмжээний олон улсын үзэсгэлэнг зохион байгуулсан нь хоёр улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэсэн, найрсаг харилцааны түүхэнд онцлох үйл явдал болсныг тус музейгээс мэдээлэв.
Эзэн хааны зэвсгийн музей нь Их Британийн үндэсний хэмжээний зэвсэг, хуяг дуулгын цуглуулгыг хадгалдаг бөгөөд дэлхийн хамгийн баялаг, нэр хүндтэй цуглуулгуудын нэгээр тооцогддог байна.
Тус үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн, ССАЖЗЯны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн, Монголын Үндэсний музейн захирал Д.Отгонсүрэн болон бусад албаныхан оролцов. Уг үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл Европын үзэгчдийн хүртээл болно.



Сэтгэгдэл байхгүй байна