
Монголын улс төр сүүлийн 10 жил нэг л өгүүлбэрээр амьдарлаа. Тэр бол “Авлигатай тэмцэнэ”, “хулгайчдыг барина” гэсэн өгүүлбэр юм. Засгийн газар бүр ингэж амласан. УИХ бүр ийм шийдвэр гаргасан. Авлигатай тэмцэх байгууллага ч ажилласан. Дотоодын улс төрд ямар нэгэн хөлбөрөлт болох тоолон тэд гарч ирж, хэрхэн яаж авлигатай тэмцэж, том том хулгайн хэргүүд дээр ажиллаад байгаагаа мэдэгддэг жишиг ч тогтсон.
Хэдийгээр энэ үзүүлбэр нь мөн чанарын хувьд, байгууллагын үзэл санаа, ёс зүйн хувьд тийм таатай зүйл биш ч нийгэмд “ямар ч байсан эд хулгайн хэргүүдийг илрүүлэх нь” гэх хөнгөн итгэл үнэмшил төрүүлдгээрээ ач холбогдолтой. Энэ ач холбогдлыг түшиж эрх баригч нам ч хүчнийхнийг сайн тоглуулдаг. Ийм л байр байдалтай он жилүүдийг бид өнгөрөөлөө. Гэвч нэг асуулт хариултгүй үлдэв. Хариултгүй үлдсэн энэ асуулт бол яагаад хулгай тасардаггүй юм бэ гэх асуулт юм. Харамсалтай нь нүдэнд харагдаж, гарт баригдах үр дүн хаана байв. Яагаад дээрх асуулт бидний ой тархинд асуулт хэвээр үлдчихэв ээ.
Яагаад гэвэл бид мөчиртэй нь тэмцээд, үндсийг нь орхисон байна. Ийм л хариулт эцэст нь гарч ирж байгаа юм.
Жишээ нь, нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны асуудал, төрийн өмчит компаниудын алдагдал, концесс, тендер, ЖДҮ, Боловсролын зээлийн сан гээд асар их дуулиан дэгдээсэн том энэ том хэргүүдийн ард нэг л нийтлэг шалтгаан байв. Тэр бол хэт төвлөрсөн эрх мэдэл, мэдээллийн хаалттай байдал, эдийн засаг дахь төрийн буруу оролцоо, парламентын хяналт суларсан явдал юм. Хулгайчид төрөөд байдаггүй. Харин хулгай хийх боломжтой тогтолцоо өөрөө хулгайчдыг бий болгодог.
Тиймээс өнөөдөр улс төрийн хүчнүүдийн бодлогын ялгааг “хулгайч барих” биш, тэр тусмаа хулгайч барих тухай сүржин пиар бүхий худал хөөсрөл явуулж нийгмээ хуурах бүр биш, хулгай гарах боломжийг хаах тухайтад явуулж буй бодлогоор нь дүгнэж цэгнэх ёстой юм байна.
Энэ утгаараа Ардчилсан намын сүүлийн жилүүдэд өргөн барьсан хэд хэдэн хууль, эрх зүйн шинэчлэлийн санаачилгууд анхаарал татаж байгаа юм. Эднийг нэг л философи холбож байна. Тэр нь төрийн хэт төвлөрлийг задлах, эрх мэдлийг хязгаарлах, иргэн, хувийн хэвшлийн эрх чөлөөг тэлэх, парламентын хяналтыг бэхжүүлэх зорилго.
Хамгийн энгийн үгээр хэлэхэд нууцын цаадхыг ил гаргах, хуурамчаар хулдан татсан хөшгийг яран авлигыг ил болгох бодлогын төлөө тэд ажиллаж байна. Учир нь авлига харанхуйд ургадаг. Жишээ нь, монголд “төрийн нууц” гэсэн шалтгаанаар олон гэрээ, худалдан авалт, шийдвэрийг олон нийтээс нууж ирсэн. Нууцын ангиллыг хэт өргөн хэрэглэснээр хяналт суларч, хариуцлага бүдгэрдэг. Үүний балгийг бид бүтэн аравны амьдралаараа үүрлээ.
Иймээс Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулж, нууцын хүрээг хумих, төрийн мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх Ардчилсан намын санаачилга нь зөвхөн мэдээллийн эрх чөлөөний асуудал биш гэж бид харах ёстой юм. Авлигын хөрсийг хумих бодлогын нэг хэсэг гэж харах ёстой.
Чөлөөт эдийн засаг бол авлигын эсрэг бодлогын л тусгал. Тийм болохоор бид худал хулгайтай шударга тэмцэж байна гэх хөөсөрсөн суртлыг биш илүү ар луу нь харж бодлого зангидаж байгаа хэсгийнхний зүг анхааралтай хараа бэлчээх цаг. Тийм учраас авлига зөвхөн ёс суртахууны асуудал биш. Эдийн засгийн бүтэцтэй холбоотой асуудал юм шүү гэх том бодлогыг гарган тавьж байгаа улс төрийн хүчин гэж Ардчилсан намыг улс төрийн ажиглагчийн хувьд харж байгаа юм.
Төр зөвшөөрөл олгоно.
Төр лиценз олгоно.
Төр бизнес эрхэлнэ.
Төр үнэ тогтооно...Ийм үед л эрх мэдэл мөнгө болж хувирдаг юм байна. Үүнийг бид аягатай хоолон дээрээ, махныхаа үнэн дээр, махандаа шингэтэл мэдэрч байна шүү дээ.
Тиймээс Ардчилсан намын боловсруулсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль нь өмчийн эрхийг хамгаалах, төрийн оролцоог хязгаарлах, өрсөлдөөнийг дэмжих, хөрөнгө оруулагчдын эрх зүйн тогтвортой байдлыг баталгаажуулах илүү үнэ цэнтэй үзэл санааг шингээж буйгаараа онцлог юм. Дэлхийн туршлага ч үүнийг баталдаг. Эдийн засгийн эрх чөлөө өндөр орнуудад авлигын түвшин харьцангуй бага, институцын чанар өндөр байдаг талаар олон улсын судалгаанууд тогтмол гардаг. Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг.
Жишээ нь, АН-ын санаачилсан Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтүүд нь хөдөлмөр эрхэлж буй иргэд, ажил олгогчдын ачааллыг бууруулахад чиглэжээ. Учир нь татвар, шимтгэлийн дарамт хэт өндөр байх нь шууд утгаараа цалингаа нуух, албан бус эдийн засгийг тэлэх, бизнесийг далд хэлбэрт шилжүүлэх эрсдэлийг улам нэмэгдүүлдэг юм байна. Тийм ч учраас илүү шударга, ойлгомжтой тогтолцоо л сайн дурын татвар төлөлтийг нэмэгдүүлж, эдийн засгийг ил тод болгоход түлхэц өгнө гэсэн байр суурийг АН дэвшүүлж ирсэн.
Дараагийн зүйл, хяналтгүй эрх мэдэл хамгийн үнэтэй авлигыг төрүүлдэг юм байна гэдгийг бид толгойгоо тоншуулж, том том тонгоруулж байж л одоо нэг юм ойлгож байна. Бүтэн арван хэдэн жилийн амьдралын маань өртөгтэй энэ туршлага тэнцэж байна гээд бодохоор уйлмаар санагдана.
Жишээ нь, Ардчилсан улс оронд парламент бол зөвхөн хууль баталдаг байгууллага биш юм. Засгийн газрыг хянадаг хамгийн том институц юм. Гэтэл энэ агуулга хаана явна вэ. Өөд урууг нь алдуулж дууслаа шүү дээ.
Ийм нөхцөл байдалд монголын Төрийг оруулчихсан учраас Ардчилсан намын УИХ-ын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн санаачилгууд нь парламентын хяналтын механизмыг бэхжүүлэх, тайлагнал, ил тод байдлыг сайжруулахад чиглэж байгаа юм. Үүнийг ойлгоход нэг их ухаан хэрэггүй. Хяналт сулрах үед эрх мэдэл төвлөрч, эрх мэдэл төвлөрөх үед авлига улам үнэтэй болдог гэдгийг л тархиндаа сийлж авлаа шүү дээ, бид.
Бид өнгөрсөн тогтолцооныхоо үлдэгдлийг ч цэгцлээгүй явж ирснийг Ардчилсан намын залуус маань мөн гаргаж ирж тавилаа. Гэвч энэ асуудал ямар үнэ цэнтэй болох талаар хэн ч анхаарахгүй байх шиг. Ардчилсан намын санаачилсан “БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай” хуулийг хүчингүй болгох тухай хууль нь зөвхөн хуучин нэг актыг хүчингүй болгох асуудал ерөөсөө биш юм. Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалтай үл нийцэх эрх зүйн үлдэгдлийг бүрэн цэгцлэх, эрх зүйн орчныг шинэчлэх зорилготой, асар үнэ цэнтэй алхам юм. Учир нь ардчилсан тогтолцоо өөрөө хуучин тогтолцооны үлдэц дээр бүрэн тогтох боломжгүй юм. Би хувьдаа энэ хуулийн үнэ цэнийг ингэж харж байгаа.
Бид амьдралаа, цаг хугацаагаа үнэлж огт сураагүй ард түмэн юм байна. Бидний оршихуйд энэ том соёл байсангүй. Тийм ч болохоор авлигын эсрэг тэмцлийг баривчилгаагаар хэмжих муйхар угаалтад итгэн, арван хэдэн жилээ өргөчихлөө. Сүүлдээ нийгэм нь ямар нэгэн дуулиантай баривчилгааны сурагт л халууран алга ташицгааж суудаг болтол оюун тархиа гэмтээв. Гэтэл олон улсын туршлага нэг зүйлийг харуулдаг. Авлига багатай улс орнуудын нийтлэг шинж нь хатуу ял бус, хүчтэй институт байдаг. Ил тод төсөв, хараат бус шүүх, хариуцлагатай парламент, цахим төрийн үйлчилгээ, өмчийн эрхийн хамгаалалт, өрсөлдөөнт эдийн засаг л авлигыг урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй механизм болдог. Монголд ч энэ логикоос өөр гарц үгүй.
Хулгай гарсны дараа сүр дуулиантай баривчилгаа хийх нь улс төрийн үйл явдал байж болно. Харин дараагийн хулгай гарах боломжийг хууль, институцээр хаах нь төрийн бодлого байх ёстой. Энэ утгаараа Ардчилсан намын өргөн барьсан дээрх хуулиудыг нэг нэгээр нь бус, цогцоор нь харах хэрэгтэй юм. Ил тод байдал, эдийн засгийн эрх чөлөө, парламентын хяналт, татварын шинэчлэл, нийгмийн даатгалын реформ, хуучин эрх зүйн үлдэгдлийг цэвэрлэх зэрэг нь тус тусдаа санаачилга биш. Харин төрийг жижигрүүлж, иргэнийг хүчирхэгжүүлэх нэг үзэл баримтлалын хэсгүүд юм. Бид ингэж харах ёстой. Өнөөдөр монголд “хулгайтай тэмцэх” пиараар тодрох дуртай улстөрчид олширч байна. Харин хулгай төрүүлдэг тогтолцоог өөрчлөх зоригтой санаанууд гаргаж тавьж байгаа улс төр өдрийн од шиг ховор байна. Бид үүнийг сайн харьцуулж бодох ёстой цаг иржээ. Учир нь хулгайчийг шийтгэх нь өнгөрснийг засдаг. Харин хулгай хийх боломжгүй тогтолцоог бий болгох нь ирээдүйг хамгаалдаг. Энэ л логик нь юм. Тиймээс л хулгайтай биш, хулгайн үндэстэй тэмцэх бодлогыг Ардчилсан нам барьж авч байна. Ахин хэлэхэд эдний оруулж байгаа хуулиуд салангид ойлголтууд огт биш.
* Төрийн мэдээллийг ил тод болгох.
* Эрх мэдлийг төвлөрүүлэхгүй байх.
* Парламентын хяналтыг бэхжүүлэх.
* Иргэний өмчийн эрхийг хамгаалах.
* Эдийн засгийн эрх чөлөөг нэмэгдүүлэх.
* Татвар, шимтгэлийн тогтолцоог шударга болгох.
* Хуучин тогтолцооны үлдцийг арилгах...Энэ бүхэн нэг л зорилготой.
Хулгай гарах боломжийг багасгах. Хулгайчийг барих нь шударга ёсны эхлэл. Харин дараагийн хулгай гарахгүй байхын төлөөх тогтолцоог байгуулах нь шударга ёсны суурь юм. Монголын улс төр өнөөдөр нэг сонголтын өмнө ирээд байна.
Энэ бол Төр улам томрох уу. Эсвэл иргэн улам хүчирхэгжих үү гэх л сонголт юм.
Сэтгүүлч Б.Ганчимэг


Сэтгэгдэл байхгүй байна