
Хантавирусийн халдвар гарсан “MV Hondius” аяллын хөлөг онгоцны бүх зорчигч болон багийн гишүүдэд 42 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоохыг ДЭМБ зөвлөжээ. Тодруулбал, ДЭМБ халдварын хяналтын урьдчилсан удирдамжийг гаргасан. Энэ хүрээнд бүх зорчигч болон багийн гишүүдийг онгоцноос буусны дараа 42 хоногийн турш гэртээ эсвэл тусгай байгууламжид тусгаарлахыг зөвлөж байна.
“MV Hondius” хөлөг тавдугаар сарын 10-ны өдөр Испанийн Канарын арлуудын Тенерифе аралд ирсэн бөгөөд зорчигчид нь халдварын хяналтын хатуу арга хэмжээний дагуу онгоцноос буусан. Тэднийг тус тусын улс оронд нь үзлэг, хорио цээрт хамруулж байгаа юм.
ДЭМБ хантавирусийн олон нийтэд үзүүлэх нөлөөллийг төдийлөн эрсдэлтэй гэж дүгнэхгүй байна. Нөхцөл байдлыг Covid-19 цар тахалтай адилтгахгүй байхыг анхааруулж байгаа ч олон хүний хувьд энэ үйл явдал цар тахлын эхэн үеийг санагдуулж байгаа аж.
Хантавирус нь ихэвчлэн халдвартай мэрэгч амьтан эсвэл тэдний шээс, шүлс, ялгадасаар дамжин халдварладаг. Шинжилгээгээр зарим өвчтөнд Өмнөд Америкт илэрдэг андесвирус буюу хантавирусийн нэг төрөл илэрсэн байна. Энэ нь хүнээс хүнд халдварлах нь маш ховор. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусийн хэлснээр, вирусийн нууц үе зургаан долоо хоног хүртэл үргэлжилж болно.
ЭХ СУРВАЛЖ: NHK


Сэтгэгдэл байхгүй байна