• Эхлэл
  • ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятадад төрийн айлчлал хийлээ

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятадад төрийн айлчлал хийлээ

2026/05/16

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадад айлчилж, тус улсын удирдагч Ши Жиньпинтэй хэлэлцээ хийсэн нь олон улсын ажиглагчдын анхаарлын төвд байлаа. Түүнчлэн Их Британийн Ерөнхий сайд Кир Стармерын засаг ганхаж эхэлсэн бол Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди иргэддээ хандан эрчим хүчний хямралыг даван туулахын тулд хэмнэлт хийхийг уриаллаа. Ингээд энэ оны 20 дахь долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятадад айлчиллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын удирдагч Ши Жиньпинтэй дээд хэмжээний уулзалт хийхээр тус улсад айлчиллаа. Ши удирдагч хэлэхдээ, Хятад, Америк хоёр улс хоёр талын харилцаанд "шинэ байр суурь" баримтлах, худалдааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон гэж мэдэгдэв. Д.Трампыг дагалдан явсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд “Nvidia” компанийн тэргүүн Женсен Хуанг, “Boein”-ын гүйцэтгэх захирал Келли Ортберг зэрэг томоохон компаниудын удирдагчид багтжээ.

Хоёр орны удирдагчдын хувьд улс төрийн асуудлаас илүүтэй худалдаа, арилжааны сэдвээр хэлэлцээ хийх нь харьцангуй хялбар байв. Харин хамгийн ярвигтай асуудлууд нь Украин ба Ойрх Дорнод дахь дайн, мөн АНУ-аас Тайванийг дэмжиж буй асуудал байлаа. Ши Жиньпин хэлэхдээ, Тайванийн асуудал бол  Хятад-Америкийн харилцаан дахь хамгийн чухал асуудал гэдгийг онцлон тэмдэглээд, уг асуудлыг буруу зохицуулбал мөргөлдөөн дэгдэж, хоёр орны харилцаа аюултай байдалд орно гэдгийг анхаарууллаа. Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ Д.Трампыг Бээжин рүү явахаас өмнө мэдэгдэл хийхдээ, Тайванийн аюулгүй байдлын төлөө "тууштай зогсдогт" нь талархал илэрхийлсэн байна.

АНУ-Ираны хэлэлцээ дахин мухардав

АНУ, Ираны талууд Ормузын хоолойг нээх, бүс нутгаас дайны аюулыг холдуулах талаар дахин зөвшилцөлд хүрч чадсангүй. Хятадад айлчлахаар мордохынхоо өмнө Д.Трамп Америк энэ дайнд "ямар нэгэн байдлаар" ялна гэж мэдэгджээ. Дипломатчдын хэлж буйгаар, хоёр тал уран баяжуулахыг зогсоох хугацаа, Ираны өндөр хэмжээнд баяжуулсан ураны нөөцийг хэрхэх, мөн Иран улс цөмийн байгууламжуудаа татан буулгах эсэх зэрэг олон асуудлаар санал зөрөлдсөн хэвээр байна. 

Израилын парламентыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах магадлал нэмэгдэв

Биньямин Нетаньяху тэргүүтэй эвслийн засгийн газар Кнессет буюу парламентыг тарааж, бүх нийтийн сонгууль явуулах тухай хуулийн төслийг өргөн барьжээ. Хэрэв уг төсөл батлагдвал ээлжит бус сонгууль 9 эсвэл 10 дугаар сард болох төлөвтэй байна. Шашны сургуулийн оюутнуудыг цэргийн албанаас чөлөөлөх тухай хуулийг батлаагүйд дургүйцсэн шашны дэг жаягийг хатуу баримталдаг намууд эрх баригч эвсэлд шахалт үзүүлсээр ирсэн юм. Сөрөг хүчний удирдагч Яир Лапид сонгууль явуулах энэхүү алхмыг сайшааж, дэмжигчдэдээ хандан “Бид бэлэн байна” хэмээн мэдэгджээ. 

Н.Моди эрчим хүчний хямралыг даван туулахын тулд хэмнэлт хийхийг уриаллаа

Эрчим хүчний хямралтай тэмцэхэд хувь нэмэр оруулах үүднээс Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди иргэддээ хандан түлш, шатахуунаа хэмнэх, цахим уулзалтуудыг олноор зохион байгуулах, аялахаа багасгахыг уриаллаа. Тэрбээр мөн гадаад валютын нөөцөө хадгалахын тулд энэтхэгчүүд хилийн чанадаас алт худалдан авахаас татгалзах хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. Үүний дараа тус улсын засгийн газраас гадаадаас алт худалдан авахад ногдуулах татварыг нэмэгдүүлжээ. 

Киргизид төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр 8 хүнийг яллав

Киргиз улсын хууль хяналтын байгууллагууд тус улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровыг түлхэн унагахаар хуйвалдсан хэрэгт холбогдуулан найман хүнийг яллагдагчаар татжээ. Тэдний нэг нь Төв Азийн тус улсын хоёр дахь хамгийн нөлөө бүхий улстөрч гэгддэг Камчыбек Ташиев юм. Түүнийг өнгөрсөн хоёрдугаар сард улсын аюулгүй байдлын албаны даргын албан тушаалаас нь гэнэт огцруулсан юм. Түүний өмгөөлөгчийн мэдээлснээр, шүүх хурлыг хаалттай явуулах ажээ.

Кир Стармерын засаглал ганхаж эхэллээ

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер Лейборист намын дарга болон Ерөнхий сайдын албан тушаалаа хашиж эхэлснээсээ хойш хамгийн хүнд улс төрийн хямралтай нүүр туллаа. Засгийн газрынх нь хэд хэдэн сайд нар ар араасаа огцрох хүсэлтээ өгч, нам доторх өрсөлдөгчид нь түүнийг намын даргын суудлаас нь буулгахаар зэхэж эхэлжээ. Шотланд, Уэльс, болон Английн орон нутгийн зөвлөлийн сонгуульд лейбористууд ялагдал хүлээсний дараа эл нөхцөл байдал үүссэн бөгөөд барууны популист “Их Британийн шинэчлэл” нам дараагийн бүх нийтийн сонгуульд хамгийн том улс төрийн хүчин болох замдаа орсныг харуулж байна гэж шинжээчид дүгнэжээ. “Кир Стармер дараагийн сонгуульд Лейборист намыг удирдан оролцохгүй нь тодорхой болсон” гэж албан тушаалаасаа огцорсон сайд нарын нэг болох Эрүүл мэндийн сайд Уэс Стритинг мэдэгдсэн байна.

А.Ермакийг мөнгө угаасан хэрэгт буруутгав

Андрей Ермакийг авлигын эсрэг явуулж буй өргөн хүрээтэй мөрдөн шалгалтын хүрээнд мөнгө угаасан хэрэгт буруутган шалгаж эхэлжээ. Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн Тамгын газрын дарга байсан тэрбээр Орос-Украины дайныг зогсоох хэлэлцээнд Украины талын гол хэлэлцээчээр ажиллаж байсан юм. Гэвч өнгөрсөн оны 11 дүгээр сард түүний гэрт мөрдөн байцаагчид нэгжлэг хийсний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Уиткоффтой хийхээр төлөвлөж байсан уулзалтад оролцохоос татгалзахаас өөр аргагүйд хүрчээ. А.Ермак өөрийгөө буруугүй гэж мэдэгдсэн байна.

Куба улс түлшний нөөцгүй боллоо

Кубын Эрчим хүчний сайд тус улсын мазут, дизель түлшний нөөц бүрэн дуусаж, хийн нөөц шавхагдах дөхсөнийг мэдэгдлээ. Кубад түлш нийлүүлсэн орнуудад гаалийн татвар ногдуулна гэж Америкийн эрх баригчид сүрдүүлсэн нь бодит байдал дээр арлын тус улсын хувьд эрчим хүчний хориг арга хэмжээ болоод байна. Нийслэл Хавана хотод цахилгааны хязгаарлалт үргэлжилж, зарим үед 22 цагийн турш цахилгаангүй байгаагийн улмаас иргэд эсэргүүцлийн жагсаал хийжээ.

Газрын тосны нөөц хурдацтай шавхагдаж байна

Ормузын хоолой хаагдсаны улмаас газрын тосны нийлүүлэлт тасалдсанаас үүдэн дэлхийн газрын тосны нөөц урьд өмнө байгаагүй хурдтайгаар шавхагдаж байгааг Олон улсын эрчим хүчний агентлагаас (ОУЭХА) анхаарууллаа. Зөвхөн дөрөвдүгээр сард л гэхэд хуурай газарт хадгалагдаж буй газрын тосны нөөц 170 сая баррелиар огцом багасжээ. "JPMorgan"-ы шинжээчид мөн чинээлэг орнуудын арилжааны нөөц зургаадугаар сар гэхэд “үйл ажиллагааны дарамтын түвшинд хүрч магадгүй” гэж анхааруулжээ. “Saudi Aramco” компанийн гүйцэтгэх захирал мөн ойрын хугацаанд нөөц “ноцтой доод түвшинд” хүрч болзошгүйг мэдэгдсэн байна. Саудын Арабын уг газрын тосны компани улирлын цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 26 хувиар өссөн гэж тайлагнасан бөгөөд дайн эхлэхийн өмнө экспортоо өсгөсөн нь ийнхүү нэмэгдэхэд нөлөөлжээ. Түүнчлэн тус компани Улаан тэнгисийн Янбу боомт руу чиглэсэн хоолойгоороо нийлүүлж буй газрын тосны хэмжээгээ нэмэгдүүлсэн байна.

Панамын сувгийн ашиг орлого нэмэгдэв

Ираны дайнаас үүдэн дэлхийн худалдааны замууд өөрчлөгдсөн нь Панамын сувагт асар их ашиг авчирлаа. Төв Америкийн энэхүү усан замыг хариуцдаг байгууллагын даргын мэдэгдэсэнээр, мөргөлдөөн эхэлснээс хойш сувгийн орлого 15 хүртэлх хувиар өсөх төлөвтэй байна. Америкаас Хятад, Япон, Өмнөд Солонгос руу тээвэрлэх газрын тос, түлшний урсгал Панамын сувгаар дамжих болсон бөгөөд уг замаар дамжин өнгөрөхийн тулд хөлөг онгоцуудны төлдөг үнэ тэнгэрт хаджээ.

АНУ-ын инфляц сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрлээ

АНУ-ын инфляцын түвшин дөрөвдүгээр сард 3.8 хувьд хүрч өссөн нь сүүлийн гурван жилийн хамгийн өндөр үзүүлэлт болов. Түлш, шатахууны үнэ гуравдугаар сартай харьцуулахад 5.8 хувиар өсжээ. 2026 оны эхээр жилийн инфляц 2.4 хувьтай байсан байна. Холбооны нөөцийн сангийн (АНУ-ын Төв банк) дараагийн даргаар томилогдож буй Кевин Уоршийн хувьд инфляцын асуудлыг шийдвэрлэх хүндхэн үүргийг хүлээж байна. Жером Пауэллийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас хоёр хоногийн өмнө буюу энэ долоо хоногт АНУ-ын Сенатын танхим түүнийг уг албан тушаалд албан ёсоор томилсон байна.

Унадаг дугуй түрээсийн "Lime" компани IPO гаргалаа

Дэлхийн олон хотын гудамжинд хаа сайгүй харагддаг тод ногоон өнгөтэй, цахилгаан унадаг дугуйн түрээсийн үйлчилгээгээрээ алдартай "Lime" компани Nasdaq хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар албан ёсны хүсэлтээ өглөө. "Uber" компанийн хөрөнгө оруулалттай, Сан-Франциско хотод төвтэй тус стартап нь хөрөнгийн зах зээлд хөл тавьсны дараа үнэлгээ нь 2 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж байна. 

Чипний үйлдвэрүүдийн ашгаас иргэдэд ногдол ашиг тараахыг санал болгов

Өмнөд Солонгосын  Ерөнхийлөгч Ли Жэ Мёны нөлөө бүхий зөвлөх тус улсын дотоодын хагас дамжуулагч (чип) үйлдвэрлэгчдийн зах зээлийн үнэлгээ огцом өссөнтэй холбогдуулан нийт иргэдэд бэлэн мөнгөний тэтгэмж олгох санал дэвшүүллээ. "Samsung" компанийн нэг улирлын үйл ажиллагааны цэвэр ашиг нь 2025 оны бүтэн жилийн ашгаас нь давсан бол "SK Hynix" компанийн улирлын ашиг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 405 хувиар өсжээ. Ерөнхийлөгч Ли Жэ Мён хэлэхдээ, иргэдэд олгох аливаа төлбөрийг компаниудын ашгийн татвараас бус харин ашгаас олсон засгийн газрын нэмэлт орлогоос санхүүжүүлнэ гэдгийг тодотгосон байна. 

 

"Amazon" 30 минутын хүргэлтээ эхлүүлжээ

"Amazon" компани Атланта, Даллас, Филадельфи, Сиэтл хотуудад 30 минутын дотор хүргэлт хийх шинэ үйлчилгээгээ нэвтрүүллээ. Эдгээр хотын оршин суугчид хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний бараа болон бусад зүйлсийг өглөөний цайгаа бэлдэж уух хооронд л гэртээ хүргүүлэн авах боломжтой болж байна. "Amazon Now" үйлчилгээ тун удахгүй Хьюстон, Феникс зэрэг хотуудад, энэ оны эцэс гэхэд бусад бүх бүс нутагт өргөжин тэлэх аж.

 

Ирэх долоо хоногт болох үйл явдлууд:

  • Тавдугаар сарын 18-22-нд дэлхийн залуучуудын “MAB” гуравдугаар чуулга уулзалт Италийн Розолина Маре хотод болно. ЮНЕСКО-гоос зохион байгуулж буй уг чуулганы үеэр байгалийн нөөц газар, шим мандлын хамгаалахад залуучуудын манлайллыг дэмжих асуудлыг хэлэлцэнэ.
  • Тавдугаар сарын 18-24-нд шизофрени өвчинтэй тэмцэх долоо хоног тохионо. Энэхүү аяны хүрээнд шизофрени (сэтгэцийн олдмол өөрчлөлт) өвчний талаарх хүмүүсийн буруу ойлголт, хандлагыг өөрчлөх, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой ялгаварлан гадуурхалтыг үгүй хийхэд чиглэсэн үйл ажиллагаанууд өрнөнө.
  • Тавдугаар сарын 18 -Олон улсын музейн өдөр
  • Тавдугаар сарын 19-20-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д айлчилна
  • Тавдугаар сарын 21- Соёлын олон янз байдлын дэлхийн өдөр 
  • Тавдугаар сарын 22- Олон улсын биологийн олон янз байдлын өдөр
  • “Giro d’Italia” дугуйн уралдаан үргэлжилнэ. 
  • Тавдугаар сарын 15-31 Хоккейн ДАШТ Швейцарын Цюрих, Фрайбург хотуудад үргэлжилнэ.
  • Тавдугаар сарын 24-нд АНУ-ын Индиана муж улсад автомашины спортын хамгийн алдартай уралдаануудын нэг болох "Indianapolis 500" уралдаан болно.
  • Тавдугаар сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Кипр Улс болон Баруун Африкийн Гвиней улсад парламентын ээлжит сонгууль явагдана. 

ЭХ СУРВАЛЖ МОНЦАМЭ АГЕНТЛАГ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна