
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг чөлөөлөх захирамжийг танилцуулж, түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбатад хотын даргын тамгыг гардууллаа.
Энэ үеэр Б.Энхбаяр “Нэгдсэн Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гарсан. Үндсэн хуульд заасанчлан Монгол Улс бол нэгдмэл улс. Холбооны улс биш. Муж улсуудад хуваагддаггүй. Нэг төртэй, нэг УИХ, нэг Ерөнхий сайдтай, нэг ард түмэнтэй. Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль, хууль тогтоомжийн хүрээнд гарсныг Та бүхэнд танилцуулж байна. Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасанчлан Ерөнхий сайдын захирамж гарснаар ИТХ-аас дараагийн хотын даргыг 14 хоногийн дотор нэр дэвшүүлэх зохицуулалттай. Энэ зохицуулалтын дагуу нийслэлийн дараагийн Засаг даргыг томилох хүртэл Б.Мөнхбат үүрэг гүйцэтгэнэ. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, харьяа байгууллагууд Үндсэн хууль, төрт ёс, ард түмэнд үйлчлэх үндсэн чиг үүргээ хуулийн дагуу хэвийн тасралтгүй явуулж байхыг Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг болгосныг уламжилж байна” гэлээ.
Өнгөрсөн Даваа гарагт нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөнөөр БЗД-ийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Жаргалсайханыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилсон билээ.
Тэгвэл түүнийг баасан гарагт чөлөөлж, оронд нь нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатыг томилсон байна. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ.
Балжиннямын Мөнхбат нь төрийн захиргаа, нийслэлийн удирдлагын салбарт олон жил ажиллаж, Чингэлтэй дүүрэг болон нийслэлийн хэмжээнд хэд хэдэн удирдах албан тушаал хашиж байжээ. Түүний намтрыг хүргэж байна.
Хувийн мэдээлэл
- Овог нэр: Балжиннямын Мөнхбат
- Үндэс угсаа: Халх • Ургийн овог: Хонгор адуут • Төрсөн он, сар: 1981.03.24
- Төрсөн газар: Архангай аймаг, Ихтамир сум • Гэр бүлийн байдал: Эхнэр, дөрвөн хүүхэдтэй Боловсрол
- 1988-1998 онд Архангай аймгийн Ихтамир сумын ерөнхий боловсролын сургууль
- 1998-2002 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг физик, байгаль шинжлэлийн багш мэргэжлээр бакалаврын зэрэг
- 2005-2007 онд Удирдлагын академийг удирдлагын ухааны магистрын зэрэг
Ажлын туршлага
- 2002-2004 онд Чингэлтэй дүүргийн 23 дугаар дунд сургуульд Физикийн багш • 2004-2008 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн • 2008-2009 онд Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга • 2009-2011 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
- • 2011-2012 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга • 2013 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга • 2013-2016 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын орлогч дарга
- • 2016 оноос Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
- • 2018-2023 онд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга
- • 2024 оны гуравдугаар сараас долоодугаар сар хүртэл Нийслэлийн Засаг даргын зөвлөх • 2024 оны долоодугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл Чингэлтэй дүүргийн Засаг дарга • 2024 оны 11 дүгээр сараас Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байна.
Тэрбээр 2016-2020, 2020-2024 болон 2024 оноос хойших хугацаанд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр дараалан сонгогдон ажиллаж байгаа юм.


Сэтгэгдэл байхгүй байна