
Ардчилсан намаас өнөөдөр /2026.05.28/ “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурлаар Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгооны асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр:
-Ардчилсан Үндсэн хуулийн дуу хоолой нь Үндсэн хуулийн цэц байх ёстой. Гэтэл Цэцийн дарга болон зарим гишүүний хугацаа нь дуусчихаад байхад шийдвэр гаргаж байгааг улс төрийн ашиг хонжоо гэж харж байна. Хуулиараа хугацаа нь дууссан гишүүдийн талаарх албан бичгийг холбогдох байгууллага руу явуулах үүрэгтэй байдаг. "Манай байгууллагаас томилогдсон гишүүдийн Үндсэн хуулиар тогтоосон зургаан жилийн хугацаа дууслаа, дараагийн гишүүнийг томилж өгнө үү" гэсэн бичиг ирсэн байх ёстой. УИХ-ын Тамгын газар энэ ажлаа хийсэн үү, үгүй юу. Хийгээгүй бол хэн нэгэн тэнд асуудлыг гацааж байна гэсэн үг. Хэрэв албан бичиг нь ирчихээд байхад томилгоог хийхгүй байгаа бол энэ нь УИХ-ын дарга болон Цэцийн даргын хариуцлагын асуудал болж хувирна.
Улсын дээд шүүх гэдэг Монголд шударга ёс тогтоох дээд байгууллага байх учиртай. Гэтэл өнөөдөр Монгол Улс авлигын индексээр 124 дүгээр байр руу ухарлаа. Үүний хариуцлагыг зөвхөн Авлигатай тэмцэх газар биш, шүүх засаглал хамт үүрэх ёстой. Сүүлийн зургаан жилийн хугацаанд авлигын индекс буурсангүй, шударга ёс тогтсонгүй, нийгэм бухимдалтай байна. Сөрөг хүчний улстөрчдийг улс төрийн зорилгоор эрүүгийн хэрэгт холбогдуулан намнадаг, шоронгоор айлгадаг байдлаа өөрчлөх хэрэгтэй.
Монголд эрүүгийн бодлого гэдэг зүйл хоёрхон чиглэл рүү ханддаг болжээ. Нэгдүгээрт, бизнес эрхэлж байгаа иргэд рүү чиглэдэг болсон. Хүн бизнес хийснийхээ төлөө шоронд ордог байж болохгүй. Улс төрийн бодлого хэрэгжүүлснийхээ төлөө, эсвэл эрх баригчдыг шүүмжилснийхээ төлөө хоригддог байж таарахгүй. Эрх баригчид ийм харалган бодлогоо зогсоох ёстой. Хүний үндсэн эрхэд халдах гэж байгаа бол заавал шүүхийн зөвшөөрөлтэй байх ёстой. Гэтэл хүний бие халдашгүй байх эрх, хувийн нууцад халдах зэрэг Үндсэн хуулийн зөрчлийг мөрдөх байгууллагууд дур мэдэн хийж байна. "Мөрдөн байцаалтын нууц" нэрийн дор хүний эрхэнд дураараа халдаж байна. Хууль нь муу байгаад байвал мөрдөх байгууллагууд хүний эрхийг зөрчсөөр л байх болно. Үүнийг засах шаардлагатай.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Ардчилсан намын бүлгийн зүгээс УИХ-ын дарга, Ерөнхий сайдад албан шаардлага хүргүүлсэн. Улсын дээд шүүхийн шүүгчийг нэг удаа улираан томилж болохоор Үндсэн хуулийн цэц дээр үүссэн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн юм.
Тэгвэл өчигдөр /2025.05.27/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс "Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улируулан томилж болно. Гэхдээ зөвхөн нэг удаа, зургаан жилээр" гэсэн шийдвэр гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл боллоо. Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүн үүнд тусгай санал гаргасан. Ардчилсан намын зүгээс энэ асуудлыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан байгаа.
Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жилийн нүүр үзэж байна. Г.Өлзийсайхан гишүүн ажлаа өгснөөс хойш аль хэдийн зургаан сарын хугацаа өнгөрлөө. Үүнээс харахад Цэц өөрөө шийдвэр гаргах чадамжтай эсэх асуудал яригдана. Мөн төрийн өндөр албан тушаалтан зургаан жилээс дээш хугацаагаар алба хашиж болохгүй гэсэн заалттай. Жишээ нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгодог. Үүнтэй адил Монгол Улсын Ерөнхий шүүгч, дээд шүүхийн шүүгч нар бол төрийн өндөр албан тушаалтан. Хэрэв энэ хүмүүс зургаан жилээсээ улиран томилогдож, 12 жил ажиллах юм бол ашиг сонирхлын зөрчил үүснэ. Ардчилсан намын зүгээс үүнийг хүчтэй эсэргүүцэх бөгөөд Эсэргүүцлийн хороо байгуулж байна. Шаардлагатай бол Улс төрийн зөвлөлийн хурал зарлана. Цаашлаад Үндэсний бодлогын хороог ч хуралдуулна.
Мөн Батлан хамгаалахын сайд Л.Батлутыг албан тушаалаас нь огцруулах хүсэлтийг Ерөнхий сайдад тавьсан. Монгол Улсад монгол цэргийн амь нас үнэ цэнтэй байх ёстой. Эр цэргийн үүрэг хүлээсэн залуус цэрэгт явахаас айдаг байж болохгүй.
Ээжүүд, ар гэр нь үүний золиос болох ёсгүй. Тиймээс бид Монгол Улсын Ерөнхий сайдтай хариуцлага тооцно. Учир нь УИХ Ерөнхий сайдыг томилдог. Харин Ерөнхий сайд бусад сайд нараа томилдог. Хэрэв Батлан хамгаалахын сайд Л.Батлутыг огцруулахгүй бол Ардчилсан намын зүгээс дараа дараагийн улс төрийн арга хэмжээнүүдийг авах болно.


Сэтгэгдэл байхгүй байна