
Улсын Их хурлын дарга асан Р.Гончигдоржтой ярилцсаныг хүргэж байна.
-Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчийн хуулийн “Ерөнхийлөгчийн бүрэн эрх дөрвөн жил байна” гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаад уг заалтыг түдгэлзүүллээ. Та Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль явуулах УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн мэдээлэл ҮХЦ-д гаргасан ч Цэц маргаан үүсгэхгүй байх шийдвэр гаргаж байсан. Бас энэ тухай 2021 онд манай сонинд ярилцлага өгч байсныг санаж байна. Яагаад өнөөдөр ийм байдал үүсээд байгаа талаар санал бодлоо хэлээч?
-УИХ 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хуулийн техникийн алдааг санаатайгаар гаргасантай холбоотой үр дагавруудын нэг илрэл нь энэ.
-Санаатайгаар хийсэн алдаа гэв үү, арай ч үгүй байлгүй дээ, хатуудахгүй юу?
-Тийм ээ, харин ч зөөлөн хэллээ. Бүр залилах гэж хэлмээр л байгаа юм. Яагаад Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд багтаагаад “Зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж оруулсан. Яагаад дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиндаа (энэ нь нэмэлт, өөрчлөлттэй нэгэн адил хүчинтэй) энэ зургаан жилийн бүрэн эрх аль Ерөнхийлөгчөөс эхэлж хэрэгжихийг заасангүй вэ. Дөрвөн жилээр сонгогдсон Ерөнхийлөгчдөд нэг удаа сонгогдоно гэдэг нь хамаарах эсэх нь яагаад тодорхой биш байгаа юм. Эдгээр тодорхойгүй байдал нь тэр үед Х.Баттулга Ерөнхийлөгчийг “хуурах” гэсэн л арга байсан. Тэгээд Үндсэн хуулийн Цэцээрээ дамжуулаад зорилгодоо хүрсэн. Уг нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг тодорхойлсон 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэснийг “Зургаан жилийн хугацаанд сонгоно” гэж өөрчлөөд Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдсон 31 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно” гэснийг “Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгогдож болно” гэж өөрчлөх ёстой байсан. Хуулийн техник заалгасан ямар ч оюутан ингэж л хийнэ. Тэгээд зургаан жилийн бүрэн эрх нь Ерөнхийлөгч Х.Баттулгад хамаарахгүй юм бол хавсралт хуулиндаа “Ерөнхийлөгчийн зургаан жилийн бүрэн эрх нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгчөөс эхэлнэ” гэж хуульчилж өгөх ёстой байсан. Тэрнээс биш Цэцийнхэн шиг “Ардчилсан улсад ийм байдаг”, “Венецийн зөвлөмжид тэгсэн байдаг” гэдгээр Цэц тайлбар хийж, “бултах” ёсгүй. Жишээ нь, БНСУ-ын Үндсэн хуульд “Хэрэв Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгасан, эсвэл дахин сонгогдохыг зөвшөөрсөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийгдвэл энэ нь энэ өөрчлөлтийг санаачлах үед байсан Ерөнхийлөгчид хамаарахгүй” гэсэн заалт байдаг. Ингэж л зохицуулдаг.
-Тэгэхээр одоо болтол Ерөнхийлөгчийн тухай хуулийн “дөрвөн жил” гэдгийг засахгүй явсан нь ямар учиртай юм бэ?
-Өнгөрсөн 2021 оны сонгуулиас өмнө “Дөрвөн жил”-ийг “6 жил” гэж Ерөнхийлөгчийн тухай хуульд оруулахаар Х.Баттулга Ерөнхийлөгч зургаан жилийн бүрэн эрхтэй болчих гээд байна гээд хийгээгүй байж магадгүй. Тэгээд түүнээс хойш “мартчихсан”. Уг нь тэгж өөрчлөлт оруулаад уг өөрчлөлтийг хуулийг дагаж мөрдөх журмын хуулиндаа “Энэ өөрчлөлтийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөсөн өдрөөс дагаж мөрдөнө” гээд оруулчихад болох асуудал шүү дээ.
Гэтэл 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталж, мөн сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулын тухай” (шинэчлэсэн найруулга) хуулиндаа 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтандаа “ээлжит сонгууль” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан жил тутам явагдах сонгуулыг хэлнэ” гэж Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг тодорхойлсон нь энэ хуулиар Х.Баттулга Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болсныг тодорхойлсон явдал байсан. Гэтэл энэ хуулиа агуулгаараа Үндсэн хуулиа зөрчөөд УИХ-аас 2023 онд болох ээлжит сонгууль болох ёстой байтал УИХ 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоол баталсан юм.
-Тэгэхээр хуулиараа дөрвөн жилийн бүрэн эрхтэй Ерөнхийлөгч 2021 онд сонгогдсон болж таараад байна уу?
-Д.Цогтбаатар гишүүн “тухайн үедээ Ерөнхийлөгчийн тухай хуульд нь өөрчлөлт ороогүй ч Үндсэн хуулиа дээдлээд, дагаад зургаан жил гээд явчихсан” гэсэн байна лээ. Харин Г.Уянгахишиг гишүүн “Энэ заалтыг Цэц түдгэлзүүлсэн нь энэ заалт хүчинтэй байсан юм шиг ойлголт төрөөд байна” гэсэн. Яг энэ хоёр үгэнд л гол зангилаа нь байгаа юм.
-Ямар зангилаа вэ. Нэг л ноцтой юм болоод явчихлаа даа?
-Харин тийм. УИХ-ын энэ эс үйлдэхүй дөрвөн жилийг зургаан жил болгож өөрчлөөгүй санаатай ч бай, санаадгүй ч бай ноцтой үр дагаварт хүргэж байна. Үүний шалтгаан нь 2019 оны үйлдсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд байна. Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэйгөө нэгэн адил хүчинтэй буюу Үндсэн
хуультай адил хүчинтэй. Тийм учраас Цэц үүнийг Үндсэн хуультай нэгэн адилаар баримтална. Д.Цогтбаатар гишүүний хэлснээр, Үндсэн хуулиа дээдлээд дагаад зургаан жил гээд явсан гэсэн таамаг үнэн үү. Гэтэл хавсралт хуулийн нэгдүгээр зүйлд зааснаар "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэлх хугацаанд тухайн хугацааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө" гэсний дагуу "дөрвөн жил" гэснийг "зургаан жил" болгож өөрчлөлт оруулаагүй, хуучин зохицуулж ирсэн хуулиа буюу "дөрвөн жил" гэснээ дагаж мөрдсөөр иржээ. Цэц, Г.Уянгахишиг гишүүний хэлснээр "дөрвөн жил" гэсэн заалт энэ хавсралт хуулийн дагуу хүчинтэй байсан гэж үзээд одоо түдгэлзүүлж байгаа байх. Үндсэн хуулийн үндэслэлтэй болоод байна. Цэцийн үндэслэлээр "дөрвөн жил" гэсэн нь хэвээр байгаа нь Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан бол яах юм.
-Тэгэхээр одоо Ерөнхийлөгч маань бүрэн эрхийн хугацаагаа хэтрүүлээд явж байгаа хэрэг болох уу?
-Би эхэндээ л хэлсэн шүү дээ. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хуулийн техникийн хувьд буруу хийсэн төдийгүй энэ нэмэлт, өөрчлөлтийг зөвөөр амьдруулах хавсралт хууль нь бас буруу хийгдсэнээс энэ бүхэн, бүр Үндсэн хуулийн хямрал гэхээр байдал руу оруулаад байна. Дээр хэлсэнчлэн хавсралт хуулиндаа “Зургаан жилийн бүрэн эрх одоогийн Ерөнхийлөгчид хамаарахгүй бөгөөд 2021 оны сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгчөө УИХ-д тангараг өргөсөн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно” гээд л заачихсан бол үндсэн хуультай зөрчилдсөн “Дөрвөн жил” гэдэг автоматаар хүчингүй болно. Цэцэд ч хүрэлгүйгээр тийм мэдээлэл гаргасан ч Цэц “Үндсэн хуулийг түүний хавсралтын хуулиар 2021 оны долдугаар сарын 7-ны өдрөөс хүчингүй болсон заалт учир” маргаан үүсгэх үндэслэлгүй гээд л буцаах байсан, Г.Уянгахишиг гишүүний хэлсэнчлэн. Одоо нэн даруй Ерөнхийлөгчийн тухай хууль дахь “Дөрвөн жил” гэснийг “Зургаан жил” гэж өөрчилсөн хууль УИХ гаргаж, тэр өдрөөс нь эхлэн Ерөнхийлөгчийн зургаан жилийн бүрэн эрхийг нь гүйцээн тогтоож өгөх хэрэгтэй. Болдогсон бол дагаж мөрдөх хугацааг нь ингэх ёстой. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг УИХ-д тангараг өргөсөн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гээд хугацаа ухрааж хийхсэн. Сонирхуулахад, 2000-2004 оныг УИХ 2000 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө 2000 оны долдугаар сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөнө гэж хийж л байлаа.
-Яагаад тэгсэн юм бол?
-Тэртээ 1999 оны арванхоёрдугаар сард Үндсэн хуульд нэмэлт оруулсан бөгөөд түүнийгээ дараагийн /2000-2004 оны/ Их хурлаас дагаж мөрдөнө гэж заасан юм. Гэтэл ҮХЦ нэмэлт, өөрчлөлт оруулах дэг зөрчигдсөн тул хүчингүй гэж шийдвэр гаргасан. Уг нь тийм биш л дээ. Тэгээд тэр нэмэлтийг үг үсгийн зөрүүгүйгээр 2000 оны 12 сард баталсан. Гарын үсэг нь л минийхийг Л.Энэбиш даргынхаар солигдсон юм. Тэгээд л өмнөхийг шинэ Засгийн газар байгуулахдаа хэрэглээд сүүлийн хувилбартаа 2000 оны долдугаар сарын 15-наас дагаж мөрдөнө гээд хугацааг ухраагаад тогтоосон хэрэг.
Өдрийн сонин


Сэтгэгдэл байхгүй байна