ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд ноос, арьс шир бэлтгэхэд зориулж 85 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох гэрээг арилжааны 5 банктай байгууллаа.
Ноос, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн түүхий эд бэлтгэхэд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, хүүгийн хөнгөлөлттэй зээлийг Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Голомт банк, Төрийн банк олгоно. Ингэснээр үйлдвэрлэлд гарах ахиц гарч, ноос, арьс шир боловсруулах үйлдвэрүүд түүхий эдээ малчдаас цаг алдалгүй, тасралтгүй татан авах чадамжтай болж, үйлдвэрлэлийн хүчин чадал эрс нэмэгдэнэ. Мөн зээлийн хүүгийн дарамт багассанаар бүтээгдэхүүний өртөг буурах давуу талтайг ХХААХҮЯ мэдээллээ.
Малчдын хувьд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд арьс шир, ноосны үнэ цэнэ болон орлого ч нэмэгдэхээс гадна малын гаралтай түүхий эдийг хаягдалгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн, олон улсын стандартад нийцсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох суурь ч бэхжих боломжтой юм.
“Цагаан алт” хөтөлбөр нь манай улсын мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг эрчимжүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилготой билээ.



Сэтгэгдэл байхгүй байна