• Эхлэл
  • Дэлхийн цаатнуудын VIII их хурал Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд болж байна

Дэлхийн цаатнуудын VIII их хурал Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд болж байна

2026/08/06

Дэлхийн цаатнуудын VIII их хурал Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд наймдугаар сарын 5-8-нд болж байна. Хурлаар "Цагааннуурын тунхаглал"-ыг батална.

Энэ удаагийн их хуралд Монгол Улс, Норвеги, Швед, Финланд, Канад, АНУ-ын Аляска, Гренланд, БНХАУ, Шотланд зэрэг улс, бүс нутгийн цаа бугын аж ахуй эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож, цаа бугын аж ахуйн өнөөгийн нөхцөл байдал, бэлчээрийн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, уугуул иргэдийн уламжлалт мэдлэг, өв соёлыг хадгалан хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих, улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Наймдугаар сарын 5-ны өдөр болсон их хурлын нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх оролцож, төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлэн, хурлын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.

 

Дэлхийн цаатнуудын VIII их хурал нэгдсэн болон салбар хуралдаан, мэргэжлийн хэлэлцүүлгүүд өрнүүлж, “Цагааннуурын тунхаглал”-ыг хэлэлцэн батална.

Мөн Духа цаатан иргэдийн түүх, өв соёл, уламжлалт аж ахуйг сурталчлах үзэсгэлэн, соёл урлагийн тоглолт, цаа бугын уралдаан, үндэсний уламжлалт тэмцээн, гар урлалын үзэсгэлэн, худалдаа зэрэг олон нийтэд зориулсан арга хэмжээнүүд хурлын хүрээнд болно.

Монгол Улс дахь цаатнууд нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сум дахь Баруун, Зүүн тайгад амьдардаг. 2025 оны байдлаар цаа бугаа маллан амьдардаг 120 гаруй цаатан өрх, 3000 орчим цаа буга манай улсад байна.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна