• Эхлэл
  • Мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хүргэнэ

Мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хүргэнэ

2026/08/13

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаар инфляц, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмж, 12.5 хувьд хүргэх шийдвэр гаргажээ.

Мөн банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 0.5 нэгж хувиар нэмж, 14.5 хувьд хүргэхээр болжээ. Дээрх шийдвэр нь инфляцын хүлээлтийг тогтворжуулах, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн хоёрдогч нөлөөг хязгаарлах, мөн төгрөгийн өгөөжийг бодлогын зорилттой нийцүүлэхэд чиглэснийг төв банк мэдээллээ.

Жилийн инфляц энэ оны 7 дугаар сард улсын хэмжээнд 13 хувьтай гарлаа. Шатахуун, хүнс, төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Харин суурь инфляц оны эхнээс алгуур нэмэгдэж байсан бол өнгөрсөн сард хүлээлтээс бага зэрэг эрчимжжээ. Шатахууны үнийн өсөлт үйлдвэрлэлийн өртөг, бараа, үйлчилгээний үнэд нөлөөлөх замаар суурь инфляцыг нэмэх эрсдэлтэй байна. Харин мах, хүнсний ногооны нийлүүлэлт энэ сараас нэмэгдэж, хүнсний инфляц буурах хүлээлттэй байгаа.

Геополитикийн зөрчилдөөний улмаас шатахууны үнэ, нийлүүлэлтийн тодорхой бус байдал ихсэхийн зэрэгцээ гадаад инфляцын төлөв төсөөлж байснаас өсөж, томоохон төв банкууд бодлогын хүүгээ өсгөх хүлээлттэй болж байна. Уул уурхайн гол бүтээгдэхүүн нүүрс, зэсийн үнэ өсөж, экспортын биет хэмжээ оны эхнээс эрчимтэй нэмэгдэж байгаа нь худалдааны нөхцөлийг сайжруулах, төлбөрийн тэнцэл ашигтай гарахад нөлөөлж, эдийн засгийн идэвхжилийг дэмжиж байна.

Мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдсэнээр энэ сараас хүнсний инфляц саарч, шатахууны үнийн өсөлт эрчимжихгүй байх тохиолдолд жилийн инфляц 2027 оны дунд үеэс зорилтын интервалд орж, тогтворжих магадлалтай. Гэвч шатахууны нийлүүлэлтийн хязгаарлалт үргэлжлэх, гадаад үнийн өсөлт нэмэгдэх зэрэг инфляцыг эрчимжүүлэх эрсдэлт хүчин зүйлс хэвээр байна. Иймд Мөнгөний бодлогын хороо инфляцын хүлээлтийг тогтворжуулах, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн нөлөөг хязгаарлах зорилгоор бодлогын төлөвийг чангаруулах шийдвэр гаргажээ.

Монголбанк инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах бодлогын зорилтоо тууштай хэрэгжүүлнэ. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл, үнийн өсөлтийн нөлөөг анхааралтай үнэлж, шаардлагатай тохиолдолд бодлогын дараагийн арга хэмжээг цаг тухайд нь авна гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт онцлов.

Төв банкны мэдээлснээр, кспортын орлого нэмэгдсэнээр төлбөрийн тэнцэл оны эхний хагаст 567 сая ам.долларын ашигтай гарч, гадаад валютын улсын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрч, хүрэлцээт байдал сайжирчээ. Тодруулбал, экспортын орлого оны эхний хагаст жилийн 58 хувиар өссөн. Нүүрсний экспорт 51, зэсийн баяжмалынх 97 хувиар нэмэгдээд байна. Харин энэ оны эхний улиралд агшсан импорт II улиралд эргэн эрчимжихэд нефтийн бүтээгдэхүүний төлбөр, уул уурхайн машин механизм, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт нэмэгдсэн нь нөлөөлжээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна