• Эхлэл
  • ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Испани-Мароккогийн хил дээр байдал тогтворжжээ

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Испани-Мароккогийн хил дээр байдал тогтворжжээ

2026/08/09

 Хэдийгээр Ормузын асуудлаар хэлэлцээ хийж байна гэсэн мэдээ өнгөрсөн долоо хоногт цацагдсан боловч Ираны тал үүнийг үгүйсгэжээ. Мөн Хэзболла, Хамас бүлэглэлүүд зэвсгээ хураалгана гэх мэдээллүүд зөрүүтэй байна. Испанийн Сеута хот руу дайран нэвтэрсэн Мароккогийн цагаачдыг цэргийн хүчээр зогсоосны дараа тэдний ихэнх нь нутаг буцжээ. Мөн нефтийн үнийн өсөлтөөс хэт ашиг олж буй томоохон олборлогч компаниудыг Д.Трамп шүүмжиллээ. Ингээд энэ оны 32 дахь долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн эдгээр болон бусад онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. 

 

Мароккогийн 70 мянган цагаач эх орондоо буцжээ

Испанийн Дотоод хэргийн сайдын мэдээлснээр, Мароккогийн хойд нутагт орших өөртөө засах эрх бүхий Испанийн Сеута хот руу дайран нэвтэрсэн 72 мянган цагаачаас 70 мянга нь эх орон руугаа буцсан байна. Тэднээс 141 хүн далайгаар сэлж Испанид нэвтрэх гэж байгаад живж амиа алджээ. Хилийн бүсэд гарсан энэхүү ноцтой зөрчил нь Европын Холбооны орнуудад түгшүүр төрүүлж, Итали болон бусад орнууд Испанитай залгаа Шенгений хилийн чөлөөт бүс дэх хамтын ажиллагаагаа зогсооно гэж мэдэгдсэн байна. Харин Испанийн Ерөнхий сайд Педро Санчес хэлэхдээ, энэхүү шийдвэр нь үүссэн нөхцөл байдлыг улам хурцатгана гэлээ. Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейен мэдэгдэхдээ, Испанийн тал шуурхай хариу арга хэмжээ, цагаачдыг богино хугацаанд буцааж байгааг сайшаав.

 

Д.Трамп Ираныг дахин сүрдүүллээ

Хэрвээ Ираны тал Ормузын хоолойг нээхгүй бол тус улсад маш хүчтэй цохилт өгнө гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дахин сүрдүүллээ. Харин Катар улс уг хоолойг нээх асуудлаар Америк, Ираны хооронд байгуулах гэрээний  төслийг хүргүүлж, хэлэлцээ маш ахицтай явагдаж байна гэж мэдэгдсэний дараа газрын тосны үнэ буурчээ. Трампын засаг захиргаа Ормузын асуудлаарх Иран-Оманы хэлэлцээнд оролцож байгаа гэдгээ мэдэгдсэн боловч үүнийг Ираны тал үгүйсгэсэн байна. Үүний сацуу, Иран, Оманы талууд Ормузаар дамжин өнгөрөх шинэ чиглэлийн талаар тохиролцоонд хүрсэн гэжээ.

 

Аун Сан Сү Чи гадаадын төлөөлөгчтэй уулзжээ

Аун Сан Сү Чид Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн албан тушаалтантай уулзахыг Мьянмарын хунтынхан зөвшөөрч, уг уулзалтыг харуулсан гэрэл зургийг нийтэлжээ. 2021 оны хоёрдугаар сард болсон цэргийн эргэлтээр тус улсын де факто удирдагчийг албан тушаалаас нь огцруулснаас хойш цэргийнхэн гадаадынхантай уулзах боломжийг хатагтай Сү Чид олгоогүй юм. Түүнийг цагдан хорьсон хэвээр байгаа бөгөөд 81 настай Сү Чи хүндээр өвчилсөн, нас барсан гэх цуурхлууд тархсаар байв.

 

SpaceX-ийн хувьцааны ханш 110 ам.доллароос доошилжээ

Зургадугаар сард IPO хийснээсээ хойш  SpaceX компани анх удаа олсон ашгийнхаа хэмжээг зарлалаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улирлын орлого бараг хоёр дахин өсч, 7.8 тэрбум долларт хүрсэн бол 541 сая долларын цэвэр алдагдал хүлээсэн нь таамаглаж байснаас доогуур байв. Гэхдээ SpaceX компанийн хувьцааны ханш унасан нь хиймэл оюун ухааны салбарт 16 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэнтэй холбоотой бөгөөд энэ нь Уолл Стритийн шинжээчдийн тооцоолсноос хавьгүй өндөр тоо юм. IPO хийсний дараа хувьцааны ханш оргилдоо буюу 225 долларт хүрч байсан бол одоо 110 доллароос доошилжээ. Ташрамд дурдахад, SpaceX-ийн пуужин Сарны гадаргуу дээр унасны дараа эрдэмтэд солирын нөлөөллийн талаарх мэдээллээ шинэчилжээ.

 

Иений ханшийг өсгөхийн тулд Япон, АНУ хамтран интервенц хийжээ

Америкийн банкуудаар дамжуулан валют худалдаж авахыг Нью-Йоркийн Холбооны нөөцийн газарт даалгаснаар АНУ-ын Сангийн яам иений ханшийг дэмжихийн тулд Японы талтай хамтран валютын интервенц хийлээ. Энэ нь 1998 оноос хойш Сангийн яам иений ханшийг өсгөх зорилгоор авсан анхны арга хэмжээ бөгөөд иен 40 жилийн доод түвшинд хүртэл буюу нэг ам.доллар 164 иентэй тэнцэх хэмжээнд хүртэл унаад байлаа. Интервенцийн дараа ханш 1:155 болжээ.

 

Хэзболла, Хамас бүлэглэлүүд зэвсгээ хураалгахаас татгалзжээ

Хамас болон Газын зурвас дахь бусад бүх зэвсэгт бүлэглэл зэвсгээ бүрэн хураалгахыг зөвшөөрсөн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдсэн бол Хамас бүлэглэл “зэвсгээ хураалгахгүй, харин Палестины хяналтан дор зэвсгээ хадгалах болно” хэмээн няцаажээ. Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху "эл асуудлыг нягталж байна" гэж мэдэгдсэн бол нэрээ нууцалсан албаны хүмүүс хэлэхдээ, Израилын тал Газын зурвас дахь ажиллагаагаа зогсоохгүй, тус зурвасаас гарахгүй гэсэн байна. Үүнтэй зэрэгцээд Израил, Ливаны төлөөлөгчид Ромд уулзаж, энэ оны хувьд 7 дахь удаагаа хэлэлцээ хийлээ. Тэд өнгөрсөн зургадугаар сард гал зогсоох тохиролцоонд хүрч, Ливаны арми Иранаас дэмжлэг авдаг Хэзболла бүлэглэлийн зэвсгийг хураах, Израилын тал Ливаны өмнөд нутгаас цэргээ гаргахаар тохиролцсон юм. Гэвч хэлэлцээний үеэр Израилын тал Ливанд дахин цохилт өгсөн бол Хэзболла бүлэглэл зэвсгээ хураалгахаас татгалзсан байна.

 

Ардчилсан сонгуулийн асуудлаарх хэлэлцээ Венесуэлд эхэлжээ

Венесуэлд ардчилсан сонгууль явуулах асуудлаарх хэлэлцээ АНУ-ын дэмжлэгтэйгээр эхэллээ. Венесуэлийн засгийн газрын төлөөлөгчдийг Үндэсний Ассемблейн дарга, I сард Н.Мадурог засгийн эрхээс зайлуулсны дараа ерөнхийлөгч болсон Делси Родригесийн ах Хорхе Родригес ахалж байна. Харин цөллөгөөс буцаж ирсэн Динора Фигера сөрөг хүчнийг төлөөлж байгаа юм. Одоо гадаадад байгаа бөгөөд сөрөг хүчний Нэгдсэн платформыг тэргүүлж буй Мария Корина Мачадо хэлэхдээ, чөлөөт сонгууль явуулах тохиролцоог хэр сайн хийсэн бэ гэдгээр хэлэлцээ амжилттай болсон эсэхийг тодорхойлно гэлээ.  Хэлэлцээ эхэлсэн энэ үед зургадугаар сарын газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ​​тоо 6125 болж нэмэгдсэн байна.

 

Нефтийн үнийн өсөлтөөс том компаниуд ихээхэн ашиг хүртэж байна

Зарим танкер хөлөг онгоцуудыг Ормузын хоолойгоос Улаан тэнгисийн боомтууд руу шилжүүлж, нийлүүлэлтийг хэвийн болгохоор оролдсоор байгаа боловч дэлхий даяар газрын тосны нөөц багасаж буйг Saudi Aramco  компани анхаарууллаа. Ираны дайны улмаас олборлолт 2.6 тэрбум гаруй баррелиар буурсан нь түүхий нефтийн нэг сарын олборлолттой тэнцүү гэдгийг тус компанийн захирал сануулав. Харин Арамко компанийн хоёрдугаар улирлын цэвэр ашиг өмнөх оны мөн үеийнхээс 44 хувиар өсч, 32.7 тэрбум долларт хүрсэн нь үнийн өсөлттэй холбоотой. Түүнчлэн Chevron, ExxonMobil компаниудын цэвэр ашиг өсөж, 12.1 тэрбум болон 14.5 тэрбум долларт тус тус хүрчээ. BP компанийн нийт ашиг 144 хувиар өсч, 5.7 тэрбум долларт хүрсэн байна. Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ, газрын тосны хомсдолыг далимдууллан том компаниуд "хэт их ашиг олж байгааг" шүүмжилжээ.

 

Ирэх долоо хоногт дэлхий дахинд болох гол үйл явдлууд: 

8 дугаар сарын 10  Дэлхийн био түлшний өдрөөр нүүрс, газрын тос зэрэг чулуужсан түлшний оронд байгальд ээлтэй, сэргээгдэх био түлшийг хэрэглэхийн ач холбогдлыг сурталчлан таниулдаг

8 дугаар сарын 10-16 Европын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн Их Британийн Бирмингем хотын Александрын цэнгэлдэх хүрээлэнд болно

8 дугаар сарын 13-16  Эмэгтэйчүүдийн уран гимнастикийн Европын аварга шалгаруулах тэмцээн Хорватын Загреб хотод болно

8 дугаар сарын 11  FEI буюу Олон улсын морин спортын холбооны ивээл дор болдог дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Герман улсын Аахен хотод эхэлнэ

8 дугаар сарын 12  Олон улсын залуучуудын өдөр   НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1999 оны тогтоолоор дэлхий даяар залуучуудын эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолой, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь дэмжин сурталчлах зорилгоор энэхүү өдрийг тэмдэглэх болжээ.

8 дугаар сарын 13   Олон улсын солгой гартнуудын өдөр 1984 онд Олон улсын солгой гартнуудын холбооны санаачилгаар 1984 оноос тэмдэглэж эхэлсэн энэхүү өдөр нь солгой гартнуудад тулгарч буй асуудлуудад үйлдвэрлэгчдийн анхаарлыг татах зорилготой юм. 

8 дугаар сарын 13 Эд эрхтэнээ хандивлах дэлхийн өдөр (World Organ Donation Day) Эл өдрийг тэмдэглэх болсон нь эд эрхтнээ хандивлахын ач холбогдлыг ойлгуулах, бусдын амь насыг аврах үйлсийг дэмжих, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой ташаа ойлголтуудыг залруулах зорилготой юм. 

8 дугаар сарын 15   Энэтхэг улс 1947 онд Их Британийн колоничлолоос чөлөөлөгдсөн энэхүү өдрийг үндэсний хэмжээний баяр болгон тэмдэглэдэг бөгөөд тус улсын Ерөнхий сайд Шинэ Дели хотын Улаан хэрмэн дээр төрийн далбаагаа мандуулдаг.

8 дугаар сарын 15     Assumption of Mary буюу Еховагийн эх Мариа тэнгэрт бие сэтгэлээрээ өргөгдсөн өдөр

8 дугаар сарын 16   Дэлхий даяарх зороастрын шашинтнуудын тэмдэглэдэг Шинэ жилийн баяр буюу Навроз тохиож байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна