-Төрийн ордны дээрх төрийн далбаа, Чойжин ламын хийдийн гол сүмийн ганжир, Төв цэнгэлдэхийн ар дахь соёмботой багана, Богд уулын “Монгол Улс мандтугай” гэсэн бичиг бүхий соёмботой энгэр нэгэн шугамд оршиж төрөө хамгаалж байх учиртай-
Очсон хүний сэтгэл амирлуулам нэгэн баян бүрд нийслэл хотын төв хэсэгт бий. Түүнийг Улаанбаатарын сайн энергийн төв ч гэдэг. Өнгөрсөн зууны их хэлмэгдүүлэлтийн үеэс цор ганцаараа бүрэн бүтэн үлдсэн Чойжин ламын хийд өдгөө цагт ч их түүхийн гэрч, Монгол төрийг хамгаалагч амьд сахиусын өргөө болон оршсоор авай.
Өршөөлийг хөгжүүлэгч сүм хийгээд зүгийн мууг халхлагч янпай хаалга
Монгол орон Манжийн эрхшээлд байхуй дор төр улсаа тусгаар мандуулах хүсэл монголчуудын сэтгэлийн гүнд оршсоор байв. Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, шашин төрийг хослон баригч Наран гэрэлт, түмэн наст VIII богд Жибзундамба хутагтын төрсөн дүү Лувсанхайдав нь хар зүгийн тэрсүүтний омгийг дарагч, Монгол төрийн их Чойжин байжээ. Улс гэрээ хамгаалах үүднээс түүнд зориулан чойжин буух тусгай сүмийг байгуулахаар болсон ажгуу. Чойжин гэдэг нь номын сахиус гэсэн үг юм. Манжууд Нийслэл хүрээний цонх бүрт нүд, хана болгонд чих “наасан” цөвүүн цаг тул тийм хийд барих болсныг мэдээд амбан ихэд дургүйцэн Бадаргуулт төр хаанд хэл хүргүүлжээ. Ард иргэд хандив цуглуулан 1896-1902 оны хооронд Зүүн хүрээнд Пунцагпандаалин сүмийг босгосон ч дараа жил нь уг сүм учир битүүлгээр галд өртөн хайлжээ. Ирээдүйн цөвүүн цагийн янз байдал мэдрэгдсээр байсан тул хийдийг яаралтай сэргээх хэрэг гарчээ. Чойжин ламын гэргий Сүрэнхорлоо Наймаа хотын захирагчийн охин чинээлэг бүсгүй байсан тул түүний хөрөнгөөр 1904 онд одоогийн Чойжин ламын хийдийг бариулах ажилд уран Гомбын удирдлага дор 300 гаруй монгол урчууд шамдан оржээ. Чойжин лам, Сүрэнхорлоо нарын өргөмөл охин нь жанжин Лхагвасүрэнгийн гэргий бөгөөд 90 гаруй насыг зооглоод байна.
Манжийн хаан Монголын төрийг хамгаалан чойжин бууж байх сүм хийд барихыг таалсангүй. Чойжин лам арга буюу 1906 онд уран арга хэрэглэн Бадаргуулт төр хаанд бичиг илгээж “Хаантан таны түмэн өлзийг бататган, шашин төрийн өмнөөс чойжин бууж эх болсон хамаг амьтны тусын тулд залбирал үйлдэж, өдөр бүр ном хурах учир өөрийн хүч чадал, ард түмний дэмжлэгээр 55 тасалгаа бүхий сүмийг босгов” хэмээгээд “Хаан таныг урт наслуулж, Манжийн төрийг өнө удаа оршуулах үүднээс чойжин бууж байх тул нэр хайрлахыг хүсье” гэж есөн цагааны бэлэг дагалдуулан явуулжээ.
Монгол нутагт аливаа сүм хийд байгуулахад заавал Манжийн хаанаас зөвшөөрөл, одоогийнхоор лиценз авч басхүү хээл хахууль дагуулдаг байсны нэг жишээ энэ ажээ. Есөн цагааны бэлэг гэдэгт есөн тооны цагаан зүсмийн агт морь, атан тэмээ ордог байжээ. Манжийн Бадаргуулт төр хаан бэлгийг таалж шинээр босгосон хийдэд “Өршөөлийг хөгжүүлэгч” нэрийг шагнан Богдын төрийн шар ордон-Дэчингалбын хийдийн адил эрх олгов гэнэ. Манжийн хааны таалалд нийцүүлэхээр урд зүгийн донж маяг оруулсны сацуу Монголын төрд Манжийн зүгээс хар хор учруулахаар байсан тул зүгийн муу зүүн урдаас хамгаалахаар тэр тал руу ялимгүй хэлтийсэн халхавч буюу янпай хаалга босгожээ. Янпай дээр хумстай дөрвөн лууг дүрсэлснийг эдүүгээчлэн ойлговол дөрвөн одтой зочид буудалтай дүйх зэрэг дэвийг илтгэх ажээ. Хийдийг 1908 онд босгож дууссан ба Богд Жибзундамба хутагт “Хар зүгийн тэрсүүтний омгийг дарагч их амгалангийн урвалтгүй бүтээсэн орд харш” гэх нэрийг хайрлаж төр, шашны үйл явуулдаг хаалттай сүм болгожээ. Тэр цагт энгийн сүсэгтэн мөргөлчдөд хатуу нууц тарнийн эл хийдэд хөл тавих эрх байсангүй. Чойжин лам Лувсанхайдавтан 1918 онд 46 сүүдэртээ сахиус буулгаж ахуйдаа жанч халж, өөрийн биеэр мөнхөд орших сахиус болон хийддээ оршсон гэдэг. Түүний равнайлсан сахиусууд өдгөө ч амьд гэдэг нь тийм учиртай ажээ. Түүний шарилын чандрыг оролцуулан бүтээсэн дүр нь багш Балданчомболынх нь занданшуулсан дүрийн хамт уг сүмдээ өдгөө ч залран байдаг билээ. Олон лам хувраг хаалттай хийдэд хурал ном хурсаар 1938 онтой золгожээ. Цаг төр хямарсан эл түгшүүрт үед ч тэд хурлаа хурсаар байсан нь цаанаа учиртай байжээ.
Хувьсгалчид хаана нам нийлж, сэм уулзсан бэ?
Бидний үзсэн түүхэн кинонуудас харвал ардын намынхан Богд уулан нэгэн аманд Ардын намыг байгуулан тангараг өргөж байдаг. Гэтэл хэрэг дээрээ байдал огт өөр байжээ. Нууц бүлгүүд анх Богд хаантай далдуур холбоотойгоор үүссэн байна. Анхны долоогийн нэг Бодоо чойжин хүн байсан ба тэдний дунд Д.Сүхбаатар байсангүй. Уран илтгэх чадвар сайтай түүнийг нэлээд сүүлд хүмүүсийн сэтгэлийг татуулах зорилгоор хувьсгалчид эгнээндээ авсан гэдэг. Хувьсгалчид Чойжин ламын хийдийн гол шүтээний нэг болох догшин сахиус улаан Жамсран бурхны өмнө аягатай сүүнд өндөгнийхөө цусыг ханан дусааж амсацгаан тангараг тавьж нам нийлж сэм уулзаж байхаар болсноор Ардын намын анхны суурийг тавьжээ. Улаан Жамсран сахиус нь өдгөө Батлан хамгаалах яамны шүтээн аж.
Сүм хийдүүдийг дараалан буулгаж байсан 1930-аад оны хэлмэгдүүлэлтэд Чойжин ламын хийд ганцаараа сэвтэлгүй үлдсэн гэдэг. Х.Чойбалсан Ардын намынхны анхны тангараг тавьж байсан, Монгол төрийг хамгаалах увидас жанлав оршсон эл хийдийг амиараа дэнчин тавин авч үлдсэнээр үл барам Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд болох язгуурын таван бурхан, Цагаан, ногоон дарь эх, Бодисадва тэргүүтэн, Ганжуур, Данжуурын ботиуд, хожим хэрэгтэй гэсэн бүгдийг тэнд хадгалан авч үлджээ. Хожим эдгээр бүтээлүүдийг Дүрслэх урлагийн музей, Улсын нийтийн номын сан, Богд хааны ордон музей зэрэгт хуваан шилжүүлж, цөөн хэдийг Чойжин ламын хийдэд үлдээжээ. Богдын лүндэн гэж 1910-1920-иод оны үед олны ам дамжин яригддаг байсан сургаалиудын эх зохиогч нь Чойжин лам байсан гэх бөгөөд уг лүндэнд “Цөвүүн цагт шашин дарагдаж цагаан морин жил эргэн сэргэнэ. Бие, хэл, сэтгэл бузартахыг цөвүүн цаг гэнэ” гэх мэтээр бичсэн байжээ.
Эдүгээ ч Чойжин ламын сүмийн Монгол төрийг сахин хамгаалах рид хувилгаан чадал хэвээр гэдэг бөгөөд Төрийн ордны дээрх төрийн далбаа, Чойжин ламын хийдийн гол сүмийн ганжир, Төв цэнгэлдэхийн ар дахь соёмботой багана, Богд уулын “Монгол Улс мандтугай” гэсэн бичиг бүхий соёмботой энгэр нэгэн шугамд оршиж төрөө хамгаалж байх учиртай гэнэ. Социализмын үед ч төрийн сахиусаа хамгаалж Чойжин ламын хийдийн өмнөд этгээдэд Богд уулыг халхалсан өндөр барилга барихгүйгээр төлөвлөн зохицуулж байжээ. Уг нь соёмбот толгой дээр хувьсгалаас өмнө “Умаа хум” гэдэг үг бичээстэй байсан бөгөөд Туулын уснаа “Умаа хум” гэсэн үсэг тусч ариусган, уусан бүхэнд рашаан болдог увидастай байсан ажгуу.
Цогчин сүм
Чойжин ламын хийд таван сүм, таван хаалгатай. Түүний гол сүм нь цогчин сүм юм. Тэнд төрийн долоон эрдэнэ, найман тахил, шуумал бурхдыг залжээ. Богд хааны сангаас 100 лан мөнгө гаргаж эдгээр бүхнийг бүтээлгэсэн байна. Сүмийн гол үзмэр нь Чойжин ламын багш Ёнзон хамба Балданчоймболын занданшуулсан шарил юм. Жанч халсан тухайд нүүрнээс нь хэв авч, мөнгөн ус, ургамлын ханд тэргүүтнээр биеийг цэвэрлэн занданшуулсан шарилын дотор эрхтнийг авалгүй хатааж чадсан нь олон орны эрдэмтдийн гайхлыг төрүүлжээ. Америкчууд 1996 онд рентгенээр уг шарилыг харж дотор эрхтэн нь хэвээр болохыг нотолсон байна. Ёнзон хамбын нүүрний судас хүртэл одоо ч амьд мэт ил харагдах бөлгөө. Чойжин ламын чандрыг оролцуулан бүтэсэсэн дүр нь ч энд бий. Арван хангал, 6000 наруй ном судар энд хадгалагдаж байна. Цэргийн гол шүтээн Жамсран бурхан, Монголын төрийг даагч Очирваань бурхан тэргүүтэн Цогчин сүмд залран бөгөөд лам нарын ном хурж асан жавдангуудыг хуучин янзаар засч хадгалжээ.
Занхан сүм ба Улаанбаатар гэдэг нэрийн учир
Там, диваажингийн зааг бүхнийг эл сүмд харуулдгаараа онцлог. Эл сүмд чойжин лам чойжингоо буулгадаг байсан бөгөөд Богд хаан залран ирж хардаг байжээ. Сард зургаагаас доошгүй удаа чойжин буудаг, мөнх цэвдэгтэй газар сүмийг барьсан тул зуны аагим халуунд ч сэрүү татан байх ажээ. Чойжин ламын хэрэглэж байсан сэлэм, өмсгөл сэлт уг сүмд бий. Сэнтийн баруун хойд этгээд дэх хоргонд шарын шашныг үндэслэгч Богд Зонхов, улааны шашныг үндэслэгч Ловонбадамжунайн зэс баримал дүрийг залсан нь арга билгийг нэгтгэн ихээхэн сонирхол татдаг байна. Шинэ үеийг хамгаалагч, ирээдүй цагийг төлөөлөгч морь унасан Рэгдэндагва бурхан Занхан сүмд залран байдаг нь ихээхэн учир бэлгэдэлтэй аж. Оросын зураач Н.Рерихийн “Улаан морьтой баатар” зургийг бид мэднэ. Эл баатар нь Рэгдэндагва бурхны дүр гэдэг. Тэгвэл нийслэлийн маань нэр түүнтэй бас холбоотой аж. Улаанбаатар гэдгийг коммунист утга санаатай нэр хэмээн Чингис хот болгохоор хөөцөлдсөн хүмүүс ч бий. Гэтэл Нийслэл хүрээнд шинэ нэр өгсөн өвөг дээдэс маань чухамхүү шинэ цагийн төлөөлөл Рэгдэндагва бурхны нэрийг монголчлон, басхүү Оросын коммунистуудад таалагдахуйц сонсогдох тул Улаанбаатар нэрийг сонгосон байна. Улаанбаатар гэдэг нь үргэлж шинэ байх ирээдүйг бэлгэдсэн залуу чийрэг баатар эрийн нэр ажээ. Занхан сүмд гол сахиус болох Очирваань, Найчин-Чойжин, Дамдинсандүв, Жигжид, Пэрэнлэйжалбуу, Доржшүгдэн, Зимэр-Чойжин зэрэг догшин ядам бурхдыг залжээ. Тансан лам баруун этгээдэд зорчсон тэмдэглэлийн цуврал зураг басхүү сонирхол татах үзмэрийн нэг юм.
Энэ сүмд халуун хүйтэн там, тэнд одогсдын байдал төрхийг харуулжээ. Худалч хүний хэлийг сунган тариан талбай болгож түүнийг морин анжсаар хагалан тариа ногоо тарих агаад байнгын галд шатан зүдрэх очир тамын ёроолд ойчигсод, мөсөн агуйд арьс мах нь өм цөм хөлдөн үйлээ үзэгсэд, гал дээр шорлуулан түлэгдэгсэд зэрэг хорвоод байхдаа үйлдсэн нүгэл хилэнцийн хэмжээгээр тамд унагсад цээрлэл үзэж буйг харуулсан зургуудыг дэлгэжээ. Мөн ариун диваажин, шамбалын орны амгалан төрхийг харуулсан хэсэг ч байна.
Өндөр сүм
Найман талт өвөрмөц зохиомж бүхий барилгатай эл сүмд Өндөр гэгээн Занабазарын мутраар бүтээсэн хосгүй бүтээлүүдээс байрлуулсан байна. Сүмийн хаалганы дээд этгээдэд “Хотол чуулган тус-энх амгалангийн тив” гэж соёмбо, санскрит, монгол бичгээр сийлбэрлэн бичжээ. Өндөр сүмд Өндөр гэгэний залж авчирсан 1000 жилийн настай энэтхэг хүрэл суварга, муу энергийг сарниан зайлуулах увидас бүхий юлтийн толь сэлт бий. Юлт гэдэг нь ямагт цэвэр тунгалаг гэсэн үг аж. Өндөр гэгээний урласан бурхдын чимэг зүүлт нь хүний биеийн энергийн гол төвүүд дээр дарж байрласнаараа онцлог ажээ. Лам хуврагууд хийдээр орж гарах нь элбэг, тэд тэнд заларч амьд сахиуст мөргөн бурхдаа дууддаг гэх аж.
Зуу сүм
Зуу буюу мөргөлийн сүмийг Буддын шашныг үндэслэгч Шагжамунид зориулан барьжээ. Бурхны шашны Махаяана урсгалыг шүтдэг орнуудад эртнээс бурхан багшийн дурсгалд зориулан Зуу сүм барьдаг уламжлалтай байсан байна. Богд Зонхов бээр шарын шашинд эргэлт хийж 1347-1419 онд Лхас хотын орчимд Төв дацанг сэргээхдээ Бурхан багшийн тэргүүнд рэн-аа буюу титэм өмсгөн бүтээж Зуу бурхан хэмээн нэрийджээ. Бурхны шашин орчлон ертөнцөд сайн цагийн 1000 бурхан заларч өөр өөрийн сургаал номоо дэлгэрүүлнэ гэж үздэг бөгөөд ертөнц дахинд дөрвөн бурхан заларч сургаал номоо айлдсан гэдэг ажээ. Гурван цагийн Зуу бурхад гэж байх бөгөөд өнгөрсөн цагийг Одсүрэн /Гэрэл сахигч/, одоо үеийг Шагжамүни /Шакийн даяанч/, ирээдүй цагийг Майдар /Асралт/ бурхан төлөөлнө. Зуу сүмд Бурхны шашныг дэлгэрүүлэгч 16 Найданг хад агуйд бясалгал хийж буйгаар дүрсэлсэн нь инээсэн, уурласан, номхон дөлгөөн, зальтай сэргэлэн, номой дорой, асран нигүүлсэхүйн сэтгэлт, харамч хахир зэрэг өөр өөрийн давтагдашгүй дүр төрхийг дор дороо илэрхийлснээрээ сонин.
Ядам сүм буюу Дурлалын өргөө
Энэ сүм бусдаасаа арай сондгой оршиж тусгай тоосгон хэрмээр тусгаарлагджээ. Чойжин лам чойжин буусныхаа дараа нууц тарниа бясалгахаар далд хаалгаар гарч цор ганцаар тэнд залардаг байсан гэх. Түүнийг Чойжин ламын нууц тарни, нандин шүтээний өргөө хэмээдэг. Эртнээс энд энгийн хүмүүсийг нэвтрүүлдэггүй хөл хориотой байжээ. Чойжин лам тарнийн ёс, ид шидийг эрхэмлэдэг байсан тул Энэтхэгийн 84 шидтэний нэг Дүвчиннагважодовын алтан шармал дүрийг нууц сүмийнхээ хойморт залж, Ловонбадамжунайн хөрөг, нууц тарнийн ядам бурхан Нархажидын сийлбэр дүрийг оршоосон байна. Нархажид бурхан нь эмэгтэйчүүдийг ивээдэг бурхан, түүнд нандин хүслээ шивнэж сайн хань, сайхан үр гуйсан бүсгүйн хүслийг биелүүлдэг гэдгээс улбаалан Ядамын сүмийг дурлалын өргөө гэх болжээ. Гэрлэх ёслолын ордныг Чойжин ламын хийдийн зүүн өмнө этгээдэд байгуулсан нь хосуудыг ивээгч хос Ядам бурхдын орон болох Ядамын сүмийн салхин дор зориуд байрлуулан бүтээсэн гэх яриа ч байдаг. Зүүн хойморт нууц тарнийн гол шүтээн Янсан Ядам бурхан залаастай байх бөгөөд түүнийг зөвхөн Сэрийн Чойртой газар залдаг нарийн дэгтэй аж.
Нууц тарнийн сүм Дүйнхор, Дэмчиг, Махаяама зэрэг хос бурхадтай. Эр, эм хос бурхдыг Юмтай бурхан гэж нэрлэх бөгөөд арга билгийн ёс үйлдэж буй тэдгээр бурхдын заримыг салгаж эвлүүлж болдог аж. Өндөр гэгээний урласан Дэмчиггарав хос бурхан бусдаасаа уян налархай, уран гоё хөдөлгөөнөөрөө эрс ялгарч харц булаана. Нууц тарнийн эдгээр хос ядам бурхдаараа Ядамын сүм бусад сүмээс онцгойрон ялгардаг ажээ.
Өнөөгийн байдал
Монголын төрийг сахигч амьд бурхдын өргөө хийдийн өнөө цагийн байдал тийм ч сайнгүй байна. Хосгүй үнэт бүтээлүүдийг хадгалсан хийдийн дохиоллын систем тааруу, чухам догшин сахиусын рид чадлаар өөрөө өөрийгөө хамгаалан байна уу гэлтэй. Хийдэд 1949 онд анх цахилгааны шугам тавьжээ. Түүнийг 1962 онд сэргээн засварласнаас хойш хүний гар хүрэлгүй өдийг хүрсэн байна. Тухайн үеийн ил монтажтай цахилгааны шугам сүлжээ эрхгүй Оросод үйлдвэрлэсэн эд гэдгээрээ хагас зуун жилийг элээж өнөөдрийг хүрсэн бололтой. Гэвч үүнээс цааш тэсэхэд бэрх гэдгийг хийдийн захиргааныхан хэлж байгаа юм.
Уг шугам сүлжээг засварлан шинэчлэхэд гучаад сая төгрөг хэрэгтэй ч УИХ үүнийг төсөвт суулгалгүй он жилийг өнгөрөөсөөр хэдэн тэрбумаар үнэлээд ч дахин сэргээх боломжгүй үнэт өвөө галд хайлуулж мэдэхээр байна. Хосгүй үнэт өв эрдэнэсийг хамгаалан буй эрдэм шинжилгээний ажилтнуудын цалин хангамж тааруу, XXI зуун гэхэд интернэт ч үгүй сууцгаах аж. Чухам чин үнэнч сэтгэлээрээ л энэ их эрдэнэсийг хамгаалан, гадаад дотоодын олонд танилцуулан сурталчилсаар өдийг хүрчээ.
Монгол төрийг ивээгч амьд сахиусын орноор зуурхан ороод гарахад ийм буюу.
Д.ОЮУНЦЭЦЭГ/2013 оны 4 сарын 26/
Сэтгэгдэл байхгүй байна