Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Г.Уянга нарын гишүүдийн гаргасан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх байсан ч ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар хойшлуулаад байгаа.Өнөөдөр 08.30 цагт эхлэх ёстой байсан Байнгын хорооны хуралдаанд Ардчилсан намын бүлгийн найман гишүүн болон ИЗНН-ын С.Дэмбэрэл гишүүн ирсэн боловч ирц бүрээгүй, санал гаргасан Г.Уянга гишүүн өөрөө хуралдаанд ирээгүй учраас ийн үдээс хойш болгон хойшлуулсан юм.
Харин үүний дараа Г.Уянга гишүүний харьяалагддаг МАХН-ҮШН-ын Шударга-Ёс бүлгийн зүгээс Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжихгүй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн юм. Ингэснээр бүлгийнхээ албан ёсны байр сууриас эсрэг саналтай байгаа Л.Цог, О.Баасанхүү, Г.Уянга нар тусдаа хуралдаж байна гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар бид УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодрууллаа.
-Танай бүлэг албан ёсоор Ерөнхий сайдыг огцруулахгүй гэж мэдэгдлээ. Гэтэл Л.Цог, Г.Уянга та гурав эсрэг саналтай байгаа учраас тусдаа хуралдаж байгаа юм байна. Тэгэхээр одоо яг ямар нөхцөл байдал үүсээд байна гэж ойлгох вэ?
-Бид ийм хайрцаглагдсан шийдвэрт оролцохгүй л гэсэн байр суурьтай, байнгын хорооны хуралдааныг л хүлээж байна.
-Танай бүлэг Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэлээ. Ардчилсан намын бүлэг ч Ерөнхий сайдаа огцруулахгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгэхээр та бүхний санал үр дүнд хүрэхгүй нь гэж харагдаж байна. Тэгэхээр та бүхэн одоо яах ёстой вэ?
-Угаасаа л дандаа л ийм байдаг л байсан шүү дээ. Бүлгийн дарга Батцэрэг чинь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд. З.Баянсэлэнгэ Барилга хот байгуулалтын сайд. Юу гэж өөрсдийнхөө танхимын эсрэг санал өгөх вэ дээ? Тэгэхээр бүлгийн шийдвэр гэдэг өөрөө чадамж муутай. Бид байнгын хорооны хуралдааныг л хүлээж байна гэлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг 13.30 цагаас зарлаад буй. Тус бүлэг 19 гишүүнтэй. Хэрвээ үдээс өмнөх хуралдаанд санал гаргасан Г.Уянга гишүүн оролцсон бол ирц бүрдэх байсан. Гэхдээ Ардчилсан намын найман гишүүн олонхийн саналаар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн шийдвэрт хүрэх байсан нь ерөнхийдөө тодорхой. Тийм ч учраас Г.Уянга хуралдаанд оролцолгүй Төрийн ордонд “эрэн сурвалжлагдах” шахсан бололтой. Гэвч үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хороо бүтэн ирцээрээ хуралдсан ч Ардчилсан намын гишүүд олонх учир Ерөнхий сайдыг огцруулах санал дэмжигдэхгүй байх нь бараг тодорхой болоод байна. Юутай ч байнгын хороогоор энэ асуудлыг өнөөдөртөө багтаан хэлэлцээд үргэлжлүүлээд УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулна. Нэгдсэн чуулган дээр ч гэсэн олонхийн саналаар Ерөнхий сайдыг огцруулах санал няцаагдана гэсэн таамаглал байна.
Мөн Ерөнхий сайдыг огцруулах саналд МАН-ын 13 гишүүн гарын үсэг зурсан боловч уг намын бүлгээс нэг ч гишүүн байнгын хорооны хуралдаанд ирээгүй нь МАН нэгдмэл байр суурьт хүрээгүй гэсэн эргэлзээ төрүүлэхээр байна. Одоогоор Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар МАН албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байгаа юм.
Дашрамд өчигдөр буюу нэгдүгээр сарын 20-ны 17.00 цагт Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан товлосон ч мөн тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. ҮЗХ нь 228 гишүүнтэй ч хуралд Шонхор, МоАх фракцийн 70 орчим хүн л ирсэн учраас хойшлуулахаас өөр аргагүй болсон. Хурал хойшлуулах болсон шалтгаанаа Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр
-Өнөөдөр бид ҮЗХ-ны хурал хийж дотоод асуудлыг ярилцахаас илүүтэй Засгийн газрыг тогтвортой байлгах нь илүү тулгамдсан асуудал болоод байна. Энэ бол зөвхөн Ардчилсан намын асуудал биш Монгол Улсын асуудал, Монголын хөгжлийн асуудал. Тийм учраас энэ асуудалд анхаарлаа хандуулах нь чухал болсон” хэмээн тайлбарлажээ.
Хэдийгээр ҮЗХ-ны хурлын ирц бүрдээгүй ч УИХ дахь Ардчилсан намын гишүүд Ерөнхий сайдаа огцруулахгүй гэсэн нэгдмэл байр суурьтай байгаа. Харин Ерөнхий сайдынхаа асуудлыг шийдэж, өөрөөр хэлбэл огцруулахгүй авч үлдсэнийхээ дараа ҮЗХ-гээ хуралдуулах нь зөв гэсэн байр суурь ч байгаа. Нөгөө талаасаа Ерөнхий сайдыг огцруулахгүй байх талаар санал нэг байгаа ч сүүлийг үед нэлээд чанга дуугарах болсон УИХ-ын дарга З.Энхболдод сануулга өгөхийн тулд бусад фракцийнхан хуралд ирээгүй гэсэн таамаглал ч байна.
Нэмэлт мэдээлэл: 13.30 цагт товлоод байсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг дахин хойшлуулж, 14.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг зарласан байна.
Чуулганы нэгдсэн хуралдааны дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулах юм байна.
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг, Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг зэрэг анхаарал татах асуудлууд хэлэлцэх юм.
А.ТУЯА
Англи эхийг энд дарж уншина уу
For Mongolian version please click here
Сэтгэгдэл байхгүй байна