Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын ойн албатай хамтран зохион байгуулж буй “Ослын үеийн удирдлагын систем” сургалт зохион байгуулсан байна.
Сургалт, дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газар, орон нутгийн Онцгой байдлын газрын орлогч, гамшгаас хамгаалах улсын албадын төлөөлөл оролцжээ.
Монгол Улс болон АНУ-ын онцгой байдлын салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн арван жилд эрчимтэй хөгжиж байгаа билээ. Манай улсын Онцгой байдлын байгууллага нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Аляскийн үндэсний гвард, Номхон далайн цэргийн командлал, Гамшгийн удирдлага, хүмүүнлэгийн тусламжийн Экселленс төв, Ойн алба зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж, төсөл, хөтөлбөр, сургалт дадлагыг тогтмол зохион байгуулдаг аж.




Энэхүү сургалт нь Монгол Улсын гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд “Ослын үеийн удирдлагын системийг нэвтрүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх, албан хаагчдыг сургаж дадлагажуулах зорилготой юм байна.
Энэ ажлын хүрээнд “Ослын үеийн удирдлагын системийн талаар дөрвөн удаагийн сургалт зохион байгуулсан байна.Сургалт нь АНУ болон Ази номхон далайн зарим улс оронд түгээмэл ашиглагдаж байгаа ослын үеийн удирдлагын системийг Монгол орны онцлогт нийцүүлэхэд ач холбогдолтой аж. Мөн сургагч багш нарыг бэлтгэх, гамшиг, ослын хор уршгийг арилгах үйл ажиллагааны үед холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, гамшгаас хамгаалах улсын албад, олон улсын байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангах чиглэлээр мэдлэг олгох зорилготой сургалт болсон байна.
Энэ удаагийн “Ослын үеийн удирдлагын систем” сэдэвт сургалт нь “Говийн чоно”-2016” сургалтын өмнө зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Аляскийн үндэсний гвард, Номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулах “Говийн чоно-2016” сургалт нь ирэх гуравдугаар сард Орхон аймагт болох юм.


Сэтгэгдэл байхгүй байна