Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан 1-р сарын 26
Засгийн газрын нэгдүгээр сарын 26-ны хуралдаанаар хэлэлцсэн асуудлын мэдээллийг хүргэж байна.
Кино үйлдвэрлэлийг дэмжих, кино үзвэрийн сүлжээг үндэсний хэмжээнд сэргээх, кино урлагт эдийн засаг санхүүжилтийн орчин бий болгох, гадаадын кино уран бүтээлчид Монгол Улсын нутаг дэвсгэрт кино үйлдвэрлэл явуулахад гааль, татвар болон эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор киноны хуулийн төсөл боловсруулсныг хэлэлцээд, хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. 1999 онд батлагдсан, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Иргэний бүртгэлийн тухай хуулиар Монгол Улсын иргэний бүртгэл болон түүнийг эрхлэх байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулж байна. Хууль батлагдсанаас хойш 10 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр давхардсан тоогоор 100 гаруй зүйл, заалтад өөрчлөлт орсон хэдий ч хуулийн зүйл, заалтын уялдаа холбоо муу, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, зохицуулалт нь хуучирсан, зарим шаардлагатай зохицуулалт тусгагдаагүй байна.
Монгол Улсын баруун, зүүн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, худалдааг хөнгөвчлөх, мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ургамлын үр, үслэг, суулгац, амьтан, түүний үр хөврөл, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалт”-д нэмэлт орууллаа. Түүхий мах, дайвар бүтээгдэхүүн экспортлох боомтуудад Говь-Алтай аймгийн Бургастай, Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтыг тус тус нэмэхээр шийдвэрлэлээ.
С.Эрдэнийг Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Өргөмжит консулаар томиллоо.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын санаачлан боловсруулсан “Газар хөдлөлтийн гамшгаас Урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэж дэмжсэн байна.
Англи эхийг энд дарж уншина уу
For Mongolian version please click here
Сэтгэгдэл байхгүй байна