• Эхлэл
  • Р.Жигжид, Х.Тэмүүжин нар хуулийн төслүүд өргөлөө

Р.Жигжид, Х.Тэмүүжин нар хуулийн төслүүд өргөлөө

2016/01/27

 

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2016.01.27/ Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.

УИХ-аас 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын 45 дугаар тогтоолыг баталсан юм.

Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг орлуулан тооцох, түүнд нөөц ашигласны тусгай төлбөр тогтоохтой холбоотой зохицуулалт бий. Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хэмжээнээс үл хамааран стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулна гэж тусгасан байдаг ч цацраг идэвхт ашигт малтмалын төрийн эзэмшлийн хувь хэмжээг гэрээний нөгөө талд шилжүүлсэн тохиолдолд уг харилцааг зохицуулах эрх зүйн хэм хэмжээ тусгагдаагүй аж. 

Иймд цацраг идэвхт ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөртэй холбоотой зохицуулалтыг бий болгох шаардлагын үүднээс дээрх хуулийн төслүүдийг боловруулжээ.

 

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин өргөн мэдүүлэв. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2015 оны 3, 6 дугаар дүгнэлтүүд, 5, 7 дугаар тогтоолуудыг гаргахдаа Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргахгүй, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх асуудлыг хэлэлцэхгүй гэж үзэж Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт, 17.2 дахь хэсгийн холбогдох заалтыг хүчингүй болгосонтой нийцүүлж процессийн хуулиудад холбогдох өөрчлөлт оруулахаар хуулийн төслүүдийг боловсруулжээ. 

Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүгчдийн бүрэлдэхүүнтэй холбогдсон заалтыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхийн тогтоолд гаргасан гомдол, эсэргүүцлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэхтэй холбогдсон зохицуулалтыг хасахтай холбогдсон өөрчлөлтийг тусгасан байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлд   Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаантай холбогдсон 1761, 177, 178 дугаар зүйлүүдийг хүчингүй болсонд тооцохоор тусгажээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хяналтын журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйлд заасан журмыг баримтлахтай холбогдсон 91 дүгээр зүйлд өөрчлөлт оруулахаар тус тус тусгасан байна.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна