Төрийн алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт эхэлсэн байгаа ба одоогийн байдлаар төрийн өндөр болон холбогдох 276 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн байна.
Тодруулбал: Төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагаас ирүүлсэн нэрсийн жагсаалтаар мэдүүлгээ гаргавал зохих 40 мянган албан тушаалтнаас 2016 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт 25100 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 62,7 хувьтай байна.
Харин Авлигатай тэмцэх газар мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон холбогдох 276 албан тушаалтнаас УИХ-ын гишүүн 15, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 18, Ерөнхий консул 5, Засгийн газрын агентлагийн дарга 14, бусад /хороодын дарга, гишүүд гэх мэт/ 35, нийт 87 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн байна.
Мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны явцад цагаан сарын баярын өдрүүд давхцаж байх тул мэдүүлэг гаргагчид хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлэхийг Авлигатай тэмцэх газраас өөрийн албан ёсны сайтдаа анхааруулсан байна.
АТГ-аас Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийг нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл авч, төрийн алба хаагчдын ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авч хянадаг аж.


Сэтгэгдэл байхгүй байна