• Эхлэл
  • Сар шинийн баяраар дагаж мөрдөх ёс

Сар шинийн баяраар дагаж мөрдөх ёс

2016/02/07

Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэн эвлүүлэх зэргээр тоглодог.

Энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ.

Мөн хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ.

Цагаан сарын идээний тухай

Цагаан сардаа монголчууд бор болон цагаан гэсэн хоёр янзын идээ бэлдэнэ.

Бор идээнд: бүхэл мах, битүү бууз банш, шимийн архи. Цагаан идээнд: бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг ордог байна. Нутаг нутгийн онцлогоор ул боов буюу хэвийн боов, зарим нь ч хавсай хийж, таваг засахдаа ахмадыг хүндэтгэн гурав буюу түүнээс дээш боов давхарлан тавган дээр өрж, дунд нь боорцог хийн дүүргэж дээд тал нь 81 ширхэг ул боовоор засдаг.

Тавгын боовыг гурваар өрдөг нь тулгын гурван чулуу болон жаргал зовлон жаргал, таваар өрдөг нь таван бие махбодь, үе үеэр давхарладаг нь айл гэрийн хэдэн үетэй золгосны шинж буюу билэг тэмдэг. Тухайн өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа болон хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн гэх мэтээс хамаараад “Тэдэн улыг элээжээ” гэж хүндэтгэн, юм үзэж нүд тайлснаар нь дахин ул элээх билэгдэл болгон нас нэмж, ул боовоороо таваг засдаг байна. Өнөө цагт “оймс элээнэ” гэж ярьдаг.

Эрт үед “ул элээнэ” гэж ярьдаг байж. Яагаад “ул боов” гэж нэрлэв? Хүн хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчтэйгээ холбогдож, мэдээлэл солилцон, хүч эрч авч явдаг. Хүн хөлөөрөө аливаа нэгэн үйл хэрэг буюу орон зайг ялж, ямар нэгэн орон зайгаас, нөгөө орон зай руу шилжин явдаг. Тиймээс “явах” гэсэн үйлдэл буюу “урагшлах” гэсэн билэгдлийг агуулж “ул боов” гэж нэрлэдэг байна. Монголчууд тавагын идээ засахгүй бол тухайн жилдээ хиймор ундаа гутаж идээ ундаагаар хомс байна гэж цээрлэн тавгын идээ засдаг байна.

Ууц хөндөх ёсон

Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны мах, хавирганы бураа талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина.

Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугараг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна.

Дараа нь харцага талын ирмэгийн мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхүү хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.

Тэнгэрт мөргөх ёсон

Монголчууд Цагаан сарын шинийн нэгэнд хийморийн овоонд гарч дээд Мөнх тэнгэрт мөргөн нар гарахыг үзэж байгаа нь

Тэнгэрт мөргөх бол Монголчуудын цагаан сарын хамгийн анхны ёслол болно. Монголчууд оны эх, сарын тэргүүн, өдрийн эртэд юуны өмнө дээд мөнх тэнгэрт мөргөн золгохыг тэргүүн ёс болгодог. Эзэн хаанаас эгэл борчуул хүртэл энэ ёсыг бат журамладаг. Шинийн нэгний өглөө зүүнээс цагаан гэгээ цуварч үүр тэмтрэгдэх үеэр тэнгэрт мөргөх ёслол хийнэ.

Индрийн тойронд цагаан эсгий, хивс, гудас дэвсэнэ. Аливаа бэлтгэл бүрэн болбол гэрийн эзэн тэргүүлэн тавагтай цагаан идээ, ууц, архи, цай зэргээс дээж өргөх бөгөөд дөрвөн зүг, найман зовхист хандан тэнгэрт цацал цацна. Өргөл төгсний дараа галыг нар зөв тойрон гэрийн эзэн тэргүүлэн индрийн тойронд дэвссэн эсгий дээр сөгдөн тэнгэрт гурав гурав ес мөргөнө.

Шинэлэх ёсон

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм.

Манай ихэнх нутагт үндсэн тавгийн идээний бяслаг буюу боов хавсайг сондгой тоогоор давхарлан өрдөг. Эцэг, ах нар нь буй айлын тавгийн идээ гурав буюу тав байж болдог. Эцгийнх нь долоон давхар идээ засна. Төрийн шинж чанартай ёслолын тавгийн идээг голчлон есөн давхар засдаг уламжлалтай. Тавгаа өрөм, ааруул, шар, цагаан тос зэрэг цагаан идээгээр чимэх ёстой.

Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм.

Золгох ёсон

Цагаан сараар хадагтай золгож байгаа нь ...

Шинийн нэгэнд нар мандахтай уралдан босож, шинэ дээл хувцасаа өмсөн, цайгаа чанан цай идээний дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөн, гэрийн тэргүүнтэй гэр бүлийн гишүүд эхэлж золгоно. Голдуу ахмад хүмүүс хадагны амсарыг золгож байгаа хүн рүү харуулан барьж золгоно.

Ахмад хүнтэй золгохдоо хоёр гараа тохойг нь түшин “Та амар мэнд байна уу?” гэж золгож хоёр хацраа үнсүүлнэ. Золгож байгаа ахмад хүн хариуд нь “Амар мэндээ“ гэнэ. Зочин ширээнд сууж байрласнаар нөхөрсөг дотно сэтгэлээр “ Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу?” гэж ахмад хүндээ хөөрөгний тагийг суллан хөөрөг барина. Хариуд нь “Сайхан сайхан” гэнэ. Хөөрөг бие биендээ барьснаар монголчуудын хооронд бат бэх холбоог үүсгэн ах дүү найз нөхдийн дотно харилцааг бэхжүүлдэг.

Хоёр нас чацуу хүмүүс гар гарын бугуйгаар зөрүүлэн золгоно. Гэрийн эзэн гэргийтэйгээ золгодоггүй, учир нь хань гэргий хоёрын бие сэтгэл нэгэн ертөнц гэдэг. Хоёр давхар биетэй хүмүүс хоорондоо золгодогүй нь тээж байгаа үрийн хүйс солигдоно гэж цээрлэдэг байна.

Шинийн нэгэнд цагаан идээнээс эхэлж зооглодог, ариун тунгалаг аз хийморьтой, гэгээлгээр шинэ оны гараагаа эхлэхийг бэлэгшээдэг. Цагаан сарын гар цайлах буюу гарын бэлэгт идээ идэш элбэг өгөөжтөй сар шинэдээ золгон орлоо гэсэн билэгдэлээр цагаан сарын идээний дээжисээс хүн болгонд ул боов цагаан идээний хамт хүртээдэг байна.

Ер нь Монгол хүний амнаас муу үг унах, хуучин хувцас хунар авах, шидэх, муу буруу үйл хийхийг цээрлэдэг нь амны бэлгээр ашдын билэг ирдэг гэлцдэг. Монголын аман зохиолуудаас монгол ардын үлгэр домогоос гадна зүйр цэцэн үгс сургаал, ерөөл магтаал, цээрлэл, ёс заншил үе дамжин ирсэн нь илээх нь харагддаг.

Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн энэхүү баярыг Их Чингис Хаан 1206 онд албан ёсоор бүх нийтийн төрт ёсны баяр болгосон. 17-аар зуунд Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс энэхүү баяр нь Бурханы шашны баялаг бэлгэдэлтэй болж тэмдэглэгдэж ирсэн байна.

Цээрлэх ёсны талаарх мэдээллийг эндээс уншина уу.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна