
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин өнөөдөр /2026.03.27/ шатахууны үнийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.
Тэрбээр “Дэлхий нийтэд үүсээд байгаа дайны нөхцөл байдлаас шалтгаалан нефть бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орсон. Энэ нөхцөл байдлын улмаас 100 гаруй улсад газрын тосны бүтээгдэхүүний онцгой нөхцөл байдал үүсээд байна. Үүнийг сөрөн тэсвэрлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Дэлхийн 90 гаруй улс нефтийн хомсдолд орж, хязгаарлалт хийсэн байна. Төсвөөс санхүүжилт олгох зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд нефть бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл байдал үүссэн.
2026 оны эхний хоёр сард 518 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн захиалж авсан. Гуравдугаар сард 181 мянган тонн нефть бүтээгдэхүүн захиалсан.
Өнөөдрийн байдлаар АИ-92 шатахуун 90.1 мянган тонн буюу 42 хоногийн нөөцтэй байна. АИ-95 шатахуун 6.4 мянган тонн буюу 72 хоногийн нөөцтэй байна. Дизель түлш 116 мянган тонн буюу 29 хоногийн нөөцтэй байна. Үнэ, хангамжийн зөвлөлийг өчигдөр хуралдуулж, тодорхой зөвлөмжийг гаргасан. Үүнтэй холбогдуулан зарим мэдээллийг хүргэе. ОХУ-аас дөрөвдүгээр сард нийлүүлэх хил үнийг ирүүлсэн.
Өмнө нь хийсэн тогтворжуулалтын гэрээгээр АИ-92 энгийн шатахууныг 705 ам.доллар хэвээр байгаа. Харин Евро-5 дизелийг тонн тутамд 1206 ам.доллар, АИ-95-ыг 1176 ам.доллар, АИ-98-ыг 1226 ам.доллар, энгийн дизель түлшийг 1385 ам.доллар, Евро дизелийг 1410 ам.доллараар тус тус тогтоосон.
Үүнтэй холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий төр, хувийн хэвшлийн зөвлөл хуралдаж дараах зөвлөмжийг гаргасан.
Энгийн АИ-92 шатахуунаас бусад төрлийн шатахууны үнийг 300–350 төгрөгөөр нэмэгдүүлэх зөвлөмж өгсөн. Шатахууны үнийг огцом өөрчлөлт хийхгүйгээр шат дараатай нэмнэ. Хил үнийг тооцоолбол 900–2000 төгрөгөөр нэмэгдэхээр тооцоо гарсан. Гуравдугаар сард дизелийн түлш 54 ам.доллароор, автобензин 30 ам.доллароор тус тус нэмэгдсэн.
Бид өмнө нь нөөц бүрдүүлсэн тул үнэ нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг авч байсан. Харин одоо дэлхийн нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны үнийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрээд байна” гэлээ.


Сэтгэгдэл байхгүй байна