Шинийн наймны өдөр сүм хийдүүд хөл хөдөлгөөн ихтэй байна. Учир нь энэ өдрийг ном засал хийлгэхэд хамгийн таатай өдөр гэж монголчууд үздэг.
Уг нь заавал шинийн гурван, шинийн наймны өдөр гандан хийдэд номоо уншуулах ёстой гэж заагаагүй ч нэгэнт ингээд сүсэглээд сурчихсан болохоор угаас шинийн найманд хөд хөдөлгөөн ихтэй байх нь тодорхой хэрэг.
Ер нь бол зурхайчид жилийн засал номоо шинийн 15-ны дотор, хаврын тэргүүн сард багтааж хийлгэхэд болно хэмээж байгаа. Тэгэхээр шинийн 15 хүртэл сүм хийдүүд мөн л хөл хөдөлгөөн ихтэй байх болов уу?
Цагаан сар ирж, хаврын тэргүүн сарыг зарлав гэсэн шиг цэлмэг агаартай, сэргэг нартай энэ өдөр Төв Гандантэгчилэн хийдийн хашаа орчмоор хүн зон дүүрэн.
Хашааны хаалганаас эхлээд жилийн зурлагыг бичсэн зурхай, календар арц, хүж зэргийг худалдаалах наймаачид дүүрэн. Мөн сар шинийн гоёл, үндэсний хувцсаа өмссөн хүмүүс ч олон байсан нь таатай гоёхон харагдана.
Заслаа хийлгэхээр уншуулах номоо бичүүлж байгаа касс орчим төлбөрөө төлөх гэсэн сүсэгтэн дараалан зогсоно.
Засал хийхэд маш олон ном унших хэрэгтэй аж. Басхүү засал хийлгэхэд ямар ном уншиж байгаагаасаа шалтгаалан үнэ тариф нь өөр өөр байдаг байна. Зарим хийд сүсэг бишрэлээрээ өглөг /мөнгө/ өгч болно гэх боловчтөв Гандантэгчилэн хийдийнхэн үнэ тариф тогтоогоод багагүй хугацааг өнгөрөөгөөд байгаа билээ.
Ингээд үнэ тарифийн талаарх мэдээллийг хүргэе.
Хамгийн үнэтэй хурах ном нь 20000 төгрөг. Энэ нь “Алтангаанжуур”, “Ширнэн дүдэг” гэх ном аж. Эдгээр нь мэнгэ голлосон, суудал өнцөгтсөн гэх бүх заслын үйлд зориулсан ном аж.
Мөн “Сэдномын догжир” нь хэл амыг зайлуулах, “Чойжоо дүгжүү” нь муу зүйлийг зайлуулах, “Цэвэгмидийн чого” нь насны ном харин “Диваажингийн чого” нь маанийн ерөөлтэй адил аж. Эдгээр ном нь үнэ 10000-15000 төгрөг. Харин бусад заслын ном буюу хийморийн сан тавиулах зэрэг нь 2000-5000 төгрөгийн үнэтэй аж. Тэгэхдээ нэг хүн дор хаяж 2-3 ном уншуулдаг учраас жилийн засал 50 орчим төгрөгөнд багтах бололтой.
Төв Гандангийн урд байрлах “Монголын их хүрээ хийд”-ийн хувьд сүсэг бишрэлээрээ өглөг өгөх боловч зарим ном нь тарифтай бөгөөд дээд тал нь 8000 төгрөгийн үнэтэй байлаа.
Ингээд засал хийлгэх, мөн жил нь орж буй иргэд ямар ном уншуулж, сүсэгтэн олон юуг цээрлэвэл зохистой талаар “Их хүрээ хийд”-ийн лам Б.Түвдэндоржоос тодрууллаа
-Энэ бичин жилийн хувьд жил нь орж буй иргэд юуг цээрлэвэл зохистой вэ?
-Бичин жил гарч сүсэгтэн олон маань заслаа хийлгэхээр ирсээр байна. Энэ жилийн хувьд жил нь орж буй хүмүүс хурим найр, буяны ажилд явахыг цээрлэх хэрэгтэй. Буяны ажилд явж болохгүй гээд байхад зарим хүн явчихдаг. Энэ нь эргээд өөрт нь муу буюу үхээрийн бузар болох нигууртай. Тиймээс дээрх хэлсэн зүйлийг умартаж болохгүй. Мөн хурим найр хийх гэж байгаа бол өдөр судраа маш сайн харж товлох хэрэгтэй. Хамгийн гол нь заслаа сайн хийлгэх л чухал.
- Мичин жилийн харш жил нь юу вэ? Харш жилтэй хүмүүс ямар ном уншуулах ёстой вэ?
-Тухайн гарч буй жилээс дээш долоо дахь жилийг Дүнсэр буюу их харш жил хэмээдэг. Бичээс дээш долоо дахь жил нь Бар жил. Тэгэхээр энэ жилийн их харш жил бол Бар жил. Харин бага харш жил гэхээр тухайн гарч буй жилээс дээшээ, доошоо дөрөв дэхь жил нь бага харш жил буюу гахай, могой жил нь бага харш жил болж байна. Бар жилтнүүд хулгайд өртөх, дайсан ихдэх зэрэг зохисгүй юм болж болзошгүй. Иймд Жамбалцанжод, Дашзэвэг, Найман гэгээн айлдуул. Замд явбал Далха тахиулах хэрэгтэй. Харин Гахай, могой жилтнүүд шишид буюу дайсан жил буух тул Гурван гүрэм, Сундуй, Шишиджойтав айлдуулах хэрэгтэй.
- Мэнгэ голлох гэдгийн утгийг хэлж өгөөч.
- Мэнгэ голлох гэдэг нь нэг наснаас эхэлнэ. Жишээлбэл, нэг нас, арван нас, 19 нас, 28 настангуудын мэнгэ голлосон байна. Ийн нэг наснаас эхлээд есийг нэмэх гэх мэтээр мэнгэ голлосон жилийг гаргана. Гал бич жил нь 2 хар мэнгэтэй тул 1917, 1926, 1935, 1944, 1953, 1961, 1971, 1980, 1989, 1998, 2007 онд төрсөн хүмүүсийн мэнгэ голлож байгаа тул мэнгэний тарни унш. Мэнгэ голлосон жил тухайн хүний сэтгэл хямрах, элдэв бэрхшээл тохиолдох шалтгаан олон байдаг тул мэнгэний бурхнаа сайтар шүтэж, зүрхэн тарни уншин бие, хэл, сэтгэл гурваа хянамгайлж явбал сөрөг зүйлд өртөхгүй. Голлосон мэнгэний засалд Жанаги гаг дог, Найман гэгээн, Доржнамжом, Базарсад уншуулах хэрэгтэй.
- Иргэд шинийн 15-аас өмнө засалаа хийлгэх ёстой юу? Шинийн 15 өнгөрсний дараа заслаа хийлгэж болох уу?
- Болохгүй гэсэн юм байхгүй. Гэхдээ шинийн 15-ндаа багтаж хийлгэвэл сайн. Энэ өдрүүдэд засал хийлгэх, ном хурахад сайн байдаг. Сүсэгтэн олон ихэвчлэн шинийн гурван, наймандаа засааа хийлгэдэг. Гэхдээ хийдийн хөл хөдөлгөөн шинийн 15 хүртэл тасардаггүй хэмээлээ.
Тус хийдийн зүгээс сүсэгтэн олондоо зориулж шинийн 14-ны өдөр Буянт-Ухаа дахь спорт цогцолборт ном хурж,засал хийхюм байна. Дээрх ном хурах үйл ажиллагааны тасалбар нь 15000 төгрөг гэнэ шүү.
Ингээд Төв Гандангийн эргэн тойрондох үйл явдлыг товчхон мэдээлье.
Өнөөдрийн байдлаар Гандан хөл хөдөлгөөн ихтэй байгаа бөгөөд үүний хажуугаар худалдаа наймаа хийж буй иргэд ч олон байна. Тагтаа хооллох будаа зардаг бяцхан хүүхдүүд эмээ нар Гандангийн байнгын эзэд байдаг бол өнөөдрийн байдлаар будаа зарж байгаа хүн тийм ч их байсангүй.
Харин зурхайн ном, календар, арц хүж мөн эмийн ургамал хүртэл худалдаалж байгаа харагдлаа. Зурхайн ном том жижгээс нь шалтгаалж 2000-2500 төгрөгийн үнэтэй.
Мөн үүний хажуугаар сүсэгтэн олон цугларсан газар иргэдийг мэхлэх гэсэн зальтай нөхдүүд мэр сэр байх юм. Хөгшид буурайг ээрч зогссон хэдэн залуус харагдлаа, яваад очтол шоо хаяж азаа үзээрэй гэх юм. Энэ нь өнөөх л буруу аргаар мөнгө олох гэсэн луйварын арга бололтой. Азаар тэдгээр зальтай нөхдийн үгэнд орох өвөө, эмээ олон байсангүй. Ийн буяны газар луйвар хийж буй хүмүүсээс болгоомжлох хэрэгтэйг сүсэгтэн олонд анхааруулж байна.
Гандантэгчилэн хийдэд хүн зон хөлхөлдсөөр. Ойрын хэдэн өдөртөө л ийн хөл ихтэй байх буй за.
Ч.Гэрэлтуяа


Сэтгэгдэл байхгүй байна