Баярын өдрүүдэд гарсан гэмт хэргийн гаралтын тоо өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
Гэмт хэргийн гаралт буурч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хөдөө орон нутаг руу зорьсон иргэд цасанд сууж багагүй асуудалд орж тусламж авсан байгаа. Энэ үед ОБЕГ болон цагдаагийнхан шуурхай ажилласан.
Тэгвэл энэ өдрүүдэд дээрхээс ч өөр хэрэг гарсан байна. Тодруулбал:
-Хоёрдугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Цайдам хөндий гэх газарт, хоёр автомашин мөргөлдсөний улмаас нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 72 настай эрэгтэй Т амь насаа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, 33 настай эрэгтэй Б-гийн жолоодож явсан “Hуundai avante” маркийн автомашин, 49 настай эрэгтэй Н-ийн жолоодож явсан “Land cruiser-100” маркийн автомашинууд хоорондоо мөргөлдсөний улмаас явган зорчигч амь насаа алдсан байна. Хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж эхэлсэн байна.
- Мөн энэ өдөр Булган аймгийн Бугат сумын Зоон даваа гэх газарт Д гэх жолоочтой “Toyata prius-20” маркийн автомашин зам тээврийн осол гаргаж, тус аймгийн Баян-Агт суманд суух 21 настай эрэгтэй Ц болон Орхон аймгийн Баян-Өндөр суманд суух, 21 настай, эмэгтэй Б нарын амь насыг хохироосон хэрэг гарчээ.
Мөн Ховд аймгийн Мөст болон Манхан сумдад согтуугаар машин барьсан болон жолоочийн буруутай үйлдлээс болж зорчигч 78 настай эрэгтэй болон 66 настай эмэгтэй нар амь насаа алдсан байна. Дээр дурдсан хэргүүд нь зөвхөн хүний амь нас эрсэдсэн гэх хэргүүд бөгөөд эдгээрээс гадна амь нас эрсдээгүй боловч хүнд, хүндэвтэр гэмтэлтэй хэргүүд олон байгаа юм.
Энэ мэтчилэн баярын өдрүүдэд бусдыг хохироосон, амь насанд нь хүрсэн хэрэг гарсан байна. Цагдаагийнхан одоогоор холбогдох хэргийг шалгаж байгаа гэнэ. Баяр дууссан хэдий ч гэмт хэргийн хохирогч болохгүй гэсэн баталгаа байхгүй учир иргэд анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл байхгүй байна