Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийг ирэх пүрэв гаригт буюу хоёрдугаар сарын 18-нд болгон хойшлууллаа.
Ээлжит бус чуулганы нээлтийг хоёрдугаар сарын 15-ны даваа гариг эхлүүлэх байсан ч хуралдааны ирц бүрдээгүйгээс хойшлоод байсан. Чуулганы нээлтийг товлосон өдөр буй өчигдөр МАН-ын бүлгийн гишүүд хуралд оролцохоос татгалзсан.
Ардчилсан намын бүлэг дангаараа ирц бүрдүүлэх боломжгүй учир намын бүлгийн дарга нар зөвшилцөж байна гэсэн мэдээлэл гарсан юм. Харин өнөөдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл ийм шийдэлд хүрэв.
Тус зөвлөлийн хуралд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар оролцсон байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд парламент дахь нам эвслийн бүлгийн дарга, байнгын хороодын дарга нарын бүрэлдэхүүнтэй байдаг бөгөөд хэлэлцэх асуудлуудын дарааллыг тогтоох гэх мэт УИХ-ын дэгтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэдэг.
Ээлжит бус чуулганы нээлт гацсан шалтгааныг одоогоор Үндсэн хуулийн цэцийн даргыг огцруулах асуудлаас үүдэлтэй гэж харагдаж байгаа. УИХ дахь МАН-ын бүлэг Цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулахыг эсэргүүцэж буй юм. Түүнээс гадна чуулган гацсан нэг хоногийн хугацаанд Шадар сайдыг томилох асуудлаар тохиролцоод хүрсэн гэж харагдаж байна. Шадар сайдад Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг томилохоор яригдаж байгаа юм. Эх сурвалжууд байнгын ажиллагаатай парламентын тогтолцоонд шилжсэн 26 жилийн хугацаанд ээлжит бус чуулганы нээлт тасалдаж байсан тохиолдол гарч байгаагүй гэж байна.
Ийн ээлжит бус чуулганы нээлтийг хойшлуулсан талаар намын бүлгийн дарга нар өнөөдөр ийн байр сууриа илэрхийлжээ.
“АН гишүүдээ бүрэн оролцуулна”
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ээлжит бус чуулганы шалтгааныг ирц бүрдээгүйгээс болсон гэж үзэж байна. Бүлгийн даргын хувьд түүнд Ардчилсан намын бүлгийн ирцийг бүрдүүлэх шаардлага тавьжээ. Тус намын бүлэг 35 гишүүнтэй. Одоогоор дөрвөн гишүүн гадаадад томилолтоор ажиллаж байгаа. Тэднийг яаралтай ирэхийг даалгасан бөгөөд чуулган нээгдэх пүрэв гариг гэхэд ирж амжина гэж бүлгийн дарга хэллээ. Мөн бусад асуудлаар:
-Шударга ёс эвслийн бүлэг Шадар сайдаар МАХН-ын даргыг томилуулахын тулд чуулганы нээлтэд оролцохгүй байгаа гэсэн мэдээлэл бий. Танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ. Ер нь бол та бүхэн Ерөнхий сайдын мэдэх асуудал гэдэг хариулт өгсөөр өвлийг барсан. Эцсийн дүндээ УИХ-ын үйл ажиллагааг гацаах хэмжээнд очиж асуудал хүндэрлээ?
-Хэнийг Шадар сайдаар томилуулахаар УИХ-д оруулж ирэх нь Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Миний авсан мэдээллээр Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас сайдад нэр дэвшигчийн талаар тодорхойлолт авах шаардлагатай. Тэр бичгийг АТГ-аас хүлээж байгаа гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр АТГ энэ хүнийг тухайн албан тушаалд томилогдох боломжтой гэсэн шийдвэрээ өгвөл УИХ-д орж ирэх ёстой. Шадар сайдын асуудлыг энэ удаагийн чуулганаар хэлэлцэхгүй. Бичиг ирсний дараагаар Ерөнхий сайд Шадар сайдын асуудлаа УИХ-д өргөн мэдүүлнэ.
-Цэцийн гишүүнийг чөлөөлөхтэй холбоотой асуудлаар МАН-ын бүлэг зөвшилцөх ёстой гэж үзээд чуулганы нээлтэд оролцохгүй байна. Энэ талаар зөвшилцөл хийж байгаа юу?
-Цэцийн асуудлаар МАН-ын бүлэг завсарлага аваад хугацаа нь дууссан. Тэгэхээр энэ асуудал хүссэн ч, эс хүссэн ч УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж шийдвэр нь гарах ёстой. Бид Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа гэдэг хүний асуудлыг яриагүй. Үндсэн хуулийн Цэц үндсэн үйл ажиллагаанаасаа хазайсан үйлдэл хийгээд байна гэж үзэж байгаа.
Нөгөө талаасаа ээлжит бус чуулганаар зөвхөн Цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай хэлэлцэхгүй, Татварын багц хуулиудыг хэлэлцэх шаардлага бий. Маш сайн хуулийн төслүүдийг Засгийн газар өргөн мэдүүлсэн. Дээр нь Эрүүгийн хэд хэдэн хуулийн төсөл байгаа. Хэд, хэдэн улстай холбоотой хэлэлцээр бий. Цаг алдаж болохгүй л хуулиуд байгаа юм.
-Эрүүл мэнд спортын сайдын томилгоог ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжихгүй гэсэн үг үү?
-УИХ-ын даргын зөвлөл ээлжит болоод ээлжит бус чуулган хуралдуулахад ямар асуудал хэлэлцэх талаар дараалал тогтоодог. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар ямар нэг сайдын томилгооны асуудал оруулаагүй. Оруулах боломж байхгүй. Хэрвээ уг асуудлыг Засгийн газраас албан ёсоор өргөн баривал дахиад ээлжит бус чуулган зарлахыг үгүйсгэхгүй.
-Энэ удаагийн УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанд МАН-ын бүлгийн дарга оролцсон байсан. Тус бүлгийн гишүүд ээлжит бус чуулганы нээлтэд оролцоно гэдгээ мэдэгдсэн үү?
-УИХ-ын даргын зөвлөлийн хуралд өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт нар байсан. Бүлгийн гишүүд нь ээлжит бус чуулганд оролцох эсэх нь тухайн бүлгийн асуудал. УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцээд УИХ-ын даргын захирамж гарсан. Уг захирамжаар УИХ-ын гишүүд хуралдаандаа суух үүрэгтэй. Түүнээс биш ирц бүрдсэний дараа орно гэсэн ямар ч үндэс байхгүй. Энэ бол зөвхөн шалтаг.
-Ардчилсан намын бүлгийн 35 гишүүнээс 4 нь гадаадад томилолттой яваа гэсэн. Өчигдрийн байдлаар 24 гишүүн байна гэсэн мэдээлэл бий. Үлдсэн гишүүд хаагуур юу хийгээд явна вэ?
-Ардчилсан намын бүлгээс 4-өөс бусдынх нь ирц бүрдсэн. Өнөөдөр гадаадад байгаа гишүүдээ дуудсан. Зарим нь билетээ шилжүүлж байна. Пүрэв гаригт ажлаа амжуулаад бүгд ирэх ёстой.
-УИХ-ын ээлжит бус чуулган товлоод нээж чадсангүй. Энэ тохиолдолд гишүүдэд хариуцлага хүлээлгэх заалт дэгийн хуульд байдаг уу?
-УИХ-ын дарга ээлжит болоод ээлжит бус чуулган зарлах онцгой эрхтэй. Энэ эрхийн дагуу зарлагдсан чуулганд УИХ-ын гишүүд оролцох ёстой. Хэрвээ УИХ-ын ээлжит болоод ээлжит бус чуулганы үйл ажиллагааг саатуулж байгаа бол тэр намын бүлэг өөрсдөө хариуцлага хүлээх ёстой. Сонгуулийн үед нь иргэд үүнд дүнгээ тавих байх.
С.Бямбацогт: Олонх хариуцлагаа үүрэх ёстой
Харин УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, ээлжит бус чуулганы нээлтийг пүрэв гариг хүртэл хойшлуулсан талаар гишүүддээ мэдээлсэн байна. Ингээд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос зарим зүйлийг тодрууллаа.
-Ирэх пүрэв гаригийн чуулганы нээлтэд МАН-ын бүлгийн гишүүд оролцох уу. Эсвэл Ардчилсан намын бүлгийг ирцээ бүрдэхийг хүлээх үү?
-Бидний байр суурь тодорхой байгаа. Олон суудал авч, эрх барьж буй улс төрийн хүчин гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж, хариуцлагаа хүлээгээд явах ёстой. Зөвхөн эрхээ эдэлдэг байх ёсгүй. УИХ-ын дарга, сайд нарыг томилох зэрэг асуудалд эрх баригчдын ирц дандаа 100 хувь байсаар ирсэн. Хамгийн сүүлийн жишээг хэлье. Сар шинийн өмнө Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын ирц бүрэн эрхийнхээ хугацаанд анх удаа 76-уулаа болж рекорд тогтоосон. Сандал ширээний асуудал ярихаараа гишүүдийнх нь ирц бүрддэг. Улс орны хөгжилтэй холбоотой, өөрсдийнх нь хэлж байгааагаар чухал асуудал хэлэлцэх гэхээр эрх баригчдын өөрсдийнх нь ирц бүрддэггүй. Ийм хариуцлагагүй эрх баригчид байж болохгүй. МАН-ын бүлэг “Эхлээд эрх баригчид маань ирцээ бүрдүүлчих. Ирцээ бүрдүүлээд чуулганы нээлтээ хийчихвэл бид оролцоод явна” гэдэг байр сууриа хатуу барина.
-Ээлжит бус чуулган товлосон хугацаандаа нээлтээ хийж чадаагүй. Хариуцлагын асуудал яригдвал танай бүлэг буруудаж мэдэхээр байна?
-Хариуцлага тооцох заалт байхгүй. УИХ-ын ээлжит болон ээлжит бус чуулганыг хуралдуулахын тулд УИХ-ын дарга захирамж гаргадаг. Захирамж гаргахаасаа өмнө УИХ дахь нам, эвслийн бүлэг, олонхи цөөнхтэй зөвшилцөж байж ямар асуудал хэлэлцэхээ шийддэг. Юу нь нэн яаралтай хэлэлцэх асуудал вэ гэдгийг тодорхойлж, ойлголтод хүрч байж асуудлыг хэлэлцэх ёстой. Харамсалтай нь, олонхийн бүлэг бусад нам эвслийн бүлэгтэйгээ зөвшилцөөгүй. Гэнэт л өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамж гаргасан. Ээлжит чуулганаараа хэлэлцэж дийлдэггүй асуудлуудыг ээлжит бус чуулганаар төлөвлөн жагсаасан байх жишээтэй. Ээлжит чуулган 120 хоног, ээлжит бус чуулган 14-хөн хоногийн хугацаанд үргэлжилнэ. Хэтэрхий хүч түрсэн, муйхар үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байгаа.
-Шадар сайдаар Н.Энхбаярыг томилохыг дэмжих МАН-ын бүлгийн байр суурь хэвээрээ юу?
-Бид 2012 оноос хойш томилогдож байгаа сайд нарыг бид бүгдийг нь дэмжээд ирсэн. Эсэргүүцэж байсан тохиолдолд байхгүй. Тийм болохоор сайдаар оруулж ирэх хүнийг дэмжээд явна.
Ардчилсан намын бүлэг бүх гишүүддээ оролцуулаад нэгдсэн чуулганы ирцийн босго 39 хүнд хүрэхгүй. Тийм болохоор бусад нам эвслийнхнийг мөн хуралдаа оролцохыг хүсч байна.
УИХ дахь гурав дахь бүлэг болох МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 10 гишүүнтэй. Мөн бие даагч гурван гишүүн буй. Тэд мөн одоогоор чуулганы нээлтэд оролцох эсэх асуудлаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна.
Ээлжит бус чуулганы нээлт энэ пүрэв гаригт эхлэх юм бол мөн 26-нд дуусгавар болгох хугацааг сунгах болж таарч байгаа юм.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна