• Эхлэл
  • Л.Энхтуяа: Манайд ажлын байр, цалин ч байдаггүй

Л.Энхтуяа: Манайд ажлын байр, цалин ч байдаггүй

2016/02/26

“JOBFAIR-2016 Хөдөлмөрийн Яармаг” энэ хоёрдугаар сарын 25-26-нд Монголын Уран Зургийн Галерейд амжилттай боллоо.

Ингээд яармагийг байгуулж буй “Монгол-Германы гүүр” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Л.Энхтуяатай ярилцлаа.

- Хөдөлмөрийн яармаг долоо дахь удаагаа болж байна. Энэ жилийн онцлог нь юу вэ?

- Яармагийг хоёр жил тутамд зохион байгуулдаг. Анх 2003 онд Германд төгсөгчдийг ажлын байраар хангах зорилгооор зохион байгуулж эхэлсэн. Харин энэ жилийн хувьд зөвхөн Германд төгсөгч гэхгүй гадаадад төгсөгчдөд зориулснаараа онцлог. Энэ удаагийн хоёр хоногийн яармагт 20 орны 500 гаруй төгсөгч ирж бүртгүүллээ.

- Зөвхөн гадаадад төгсөгч 500 хүн гэхээр ажлын байр горилогсод их байгаа юм байна. Ажлын байр харин хэр байна?

- Эдийн засгийн байдлаас хамаараад ажлын байрны захиалга бага, том компаниуд ч гэсэн санхүүгийн байдал нь хүнд байгаа шүү дээ. Харин ажил горилогчид олон байна.  Энэ удаа Германы төгсөгчид бага байсан. Гэхдээ 20 гаруй оронд боловсрол эзэмшсэн төгсөгчид ирсэн нь маш том үзүүлэлт.

- Компаниуд харин хэр идэвхтэй байна. Мэдээж гадаадад төгссөн боловсролтой төгсөгчдийг сонирхох байгууллага олон байгаа байлтай?

- Манай яармагт Турк, Японы төгсөгчдийн холбоо идэвхтэй оролцож байгаа. Компаниуд энгийн ажил горилогч биш нарийн мэргэшсэн, гадаадад өндөр боловсрол эзэмшсэн ажилчдыг хайж байгаа.

- Өнөөдрийн байдлаар хэр олон хүн гадаадад сурч байна вэ? Мөн оюуны урсгал гадагшаа чиглээд байгаа гэсэн шүүмж бий. Үүнийг юутай холбоотой гэж бодож байна вэ?

- 120 мянга гаруй Монгол хүн хилийн чандад амьдардаг. Үүний 50 орчим хувь нь оюутан сурагчид. Нийслэлийн оршин суугчдын есөн хувь, хөдөө орон нутгийн 26 хувьтай тэнцэх хүн хилийн чандад амьдарч байна. Ихэнх нь хөдөлмөрийн насны залуучууд. Тэгэхээр манай оюуны урсгал гадагшаа чиглэж байна гэхээс өөр аргагүй. Үүнийг дотогш чиглүүлэх бодлого үгүйлэгдэж байгаагийн илрэл. Энэ нь Монгол Улсын нэг сул тал. Тиймээс бид ажил олгогч биш ч гэлээ ажил олгогчид болон төгсөгчдийг холбох гүүр нь болж байгаа юм.

- Гадаадад сураад эргэж эх орондоо ирэхэд ажлын байрны олдоц хэр байдаг вэ? Мөн хүссэн цалингаа авч чаддаг болов уу?

- Гадаад сурч байгаа хүмүүс төгсөөд Монголдоо хүрээд ирдэг. Гэтэл мэргэжлээрээ ажиллах нөхцөл нь бүрдээгүй, ажлын байр, цалин нь байдаггүй гэх мэт шалтгаанаар буцаад гадагшаа явдаг. Ерөнхийдөө гадааддаа шингэх байдал нь илүү байна. Төр засгаас үүнийг анхааралдаа аваасай гэж бодож байна.

2016 оноос Дэлхийн Монголчууд хөтөлбөр батлагдсан. Энэ бол гадаадад төгсөгчдийг ажлын байраар хангах тал дээр ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх эсвэл нийгмийн халамжид хамруулах, ажилд авсан компаниудад нь дэмжлэг үзүүлэх маягаар хүмүүсээ үлдээж авъя гэсэн хөтөлбөр. Үүний үр дүнд ажил хайж байгаа хүмүүс бүгд биш юмаа гэхэд тодорхой хувь нь ажилтай болно.

- Хөдөмөрийн яармагийн үйл ажиллагааны санхүүжилт хаанаас гардаг юм бэ?

- Нийслэлийн хөдөлмөрийн газар бидэнтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэн. “Ноён Эрдэнэт” компани тодорхой хувиар ивээн тэтгэсэн. Мөн бид ОУ-ын шилжилт хөдөлгөөний хөгжлийн төвтэй хамтраад, эх орондоо эргэн ирэгсдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зарим ажлуудыг явуулж байгаа. Тэндээс бас тодорхой хэмжээний санхүүжилт авч энэ ажлыг зохион байгуулдаг.

- 2016 онд танай байгууллагын зүгээс ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?

- Бид Германд төгсөгчдийг бүртгэж, Монголд ажиллах ажлын байр захиалах тохиолдолд нэгтгээд нэг өдөр зарладаг. Гадаадад амьдарч байгаа Монгол иргэд Монголынхоо хөрсөн дээр бууж чадахгүй соёлоосоо холдсон тал байдаг. Тиймээс хууль, эрх зүйн орчин, нийгмийн халамж, хөдөлмөрийн харилцаа гэх мэт сургалтуудыг явуулж тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг. Дээр дурьдсан ОУ-ын Шилжилт Хөдөлгөөн Хөгжлийн Төвтэй хамтраад тухайн хүнд нэг жилийн дэмжлэгийг Германы Засгийн газартай хамтарч зохион байгуулдаг.

2016 онд ганцхан Германд төгсөгчид гэхгүй. Буцааж нийгэмшүүлэх хөтөлбөрийг бүх гадаад улсад төгсөгчдөд зориулж зохион байгуулна. Дэлхийн Монголчууд хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас ямар бодлого явуулна, түүний хэрэгжилтэд нь хамтарч ажиллах бодолтой байгаа.

- Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

Тус Хөдөлмөрийн Яармагт үндэсний болон ОУ-ын тэргүүлэх компаниудаас гадна нийслэлийн зургаан дүүргийн хөдөлмөрийн хэлтэс нээлттэй ажлын байр санал болгосон бөгөөд "Хөдөлмөрийн зах зээл - Одоо ба Ирээдүй" сэдэвт бага хурал болсон юм. Мөн энэхүү Яармагийг “Монгол-Германы Гүүр” ТББ нь Олон Улсын Шилжилт Хөдөлгөөн Хөгжлийн Төвтэй хамтран зохион байгуулсан ба Хилийн чанадад өндөр боловсрол эзэмшсэн төгсөгчдөө ажлын байраар хангах зорилготой аж.

Ч.Гэрэл


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ”Буцаагаад Нийгэмшүүлнэ” гэж хэллэг арай буруу байлгүй дээ. Гаднаас очиж байгаа хүмүүс шинэ үзэл бодол санаатай байдаг. Монголоо мэдэхгүй ойлгохгүйдээ бишээ, өөр арга зам өөр арга барилаар ажил амьдралаа эрхлэх хүсэлтэй байдаг. Шинэ санаа, өөрсдөөс нь өөр байхад манайхан дургүй.
    2016 оны 02 сарын 27
Сонин хачин