ХҮН хэмээх намынхан хоёр тусдаа хуралдаж, хоёр намын даргатай болчихлоо гэсэн шуугиан дэгдэж байна. Ердөө хоёр сарын өмнө УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-д элсэж байгаагаа зарласнаас хойш цагаан сарын битүүний өдөр Ерөнхий нарийн бичгийн даргаа өөрчилсөн, ХҮН хагарсан гэх мэт шуугиан дэгдсэн. Энэ бүх асуудлыг шийдэх ёстой намынх нь Төв хорооны хурал гуравдугаар сарын 2-нд болж, С.Ганбаатарыг намын даргаас чөлөөлж, Б.Найдалааг сонгосон талаар мэдээлсэн. Тэгвэл маргааш нь буюу гуравдугаар сарын 3-нд бас нэгэн Төв хороо хуралдаж, С.Ганбаатар дарга хэвээр байгаа гэсэн мэдээлэл хийсэн юм. Ийн С.Ганбаатар нар хэвлэлийн бага хурал зарлах үеэр өмнө хурлаа хийсэн Төв хорооны гишүүд хэвлэлийн хуралд оролцох гэсэн боловч тэднийг оруулаагүй бөгөөд С.Ганбаатар хамгаалагч нараар хамгаалуулан гарч явсан тул тэд уулзаж чадсангүй. Энэхүү бужигнааны дараа ХҮН-ын дарга Б.Найдалаатай ярилцлаа.
-Болж байгаа үйл явцын талаар талууд янз бүрийн мэдээлэл хийж байна. Намын дүрэм журмыг ишилсэн тайлбарууд бол байгаа. Гэхдээ яг юу болоод байгаа талаар та энгийнээр тайлбарлаж өгнө үү? Сайн ойлгоогүй, мэдээлэл хэсэг ч байна. Бас олон мэдээлэл дундаас ялгаж салгаж ойлгоход хэцүү ч байж магадгүй.
-Үүнийг ярихын тулд ХҮНамын үндсэн зорилгыг сануулах нь зүйтэй байх. ХҮН бол өнөөдрийн нийгмийн захиалга, олон түмний хүсэл шаардлага, хэрэгцээгээр бий болж байгаа улс төрийн цоо шинэ хүчин байх зорилготой. Одоо энд гарч байгаа маргаан бол улиг болсон талцал, наана цаана чи буруу зөв гэж ярих асуудал ердөө биш. Энэ бол үнэн худал хоёрын тэмцэл зарчим, дүрмээ бариад, хуулиа дээдлээд олон түмний хүсэн хүлээгээд байгаа улс төрийн шинэ хүчнийг байгуулж чадах уу, эсвэл хуучнаараа хуйвалдаантай, дүрэм журамгүй, уваагүй худал ярьсан хэвээр байх уу гэсэн сонголтын зөрчил юм. Энэ бол хоёр хүний зөрчил биш, ердөөсөө л хуучных шиг балиар нам байх уу, шинэ эрүүл цэвэр хүчин байх уу гэдэг тэмцэл юм.
-Тийм ээ. Оюунлаг залуус нэгдсэн шинэ хүчин төрж байна гэсэн мэдээлэл хангалттай явсан, ийм ойлголт ч төрж байсан. Дараа нь С.Ганбаатар гишүүн танай намд орж ирж, бөөн бужигнаан эхэлсэн. Одоо танай намын имижийг ойлгоход хэцүү л харагдаад байна?
-Нам бол компани биш, имиж нь гоё байх, муухай байхдаа биш. Энэ бол улс төрийн хүчин. Улс төрийн хүчний голагуулга нь үзэл санаа, итгэл үнэмшил, жинхэнээсээ олон нийт рүү чиглэсэн, Монгол улсын төлөө зүтгэхүйц юм. Ийм сэтгэл зүрхтэй олон хүн байгаа. Тэднийг нэгтгэж бие биендээ үнэнч, дүрмэндээ үнэнч байж гэмээнэ улс төрийн сайн хүчин, нам байх болно. Хэрвээ дүрэм, тогтсон зарчим, өргөсөн андгайгаа мөрдөхгүй юм бол энд дарга байна уу, цэрэг байна уу тэр имиж нь таарах уу таарахгүй юу, хэн ч гэсэн байж болохгүй гэсэн үг
-С.Ганбаатар чинь андгай өргөсөн бил үү?
-Өргөсөн.
-Одоо тэгээд яагаад хагаралдаад байгаа юм бэ? Зарчмын хувьд ойлгохгүй, таарахгүй байна уу?
-Манай “За” андгай есөн зүйлтэй. Анхнаасаа бид зарчим, зорилгоо андгайдаа зориуд тусгаж өгсөн. Энэ бол ямар нэг хуйвалдаангүй, зарчмаа барьдаг хүмүүс Монгол улсынхаа төлөө нэгдэх андгай юм. Гуравдугаар зүйлд байгаа л даа, хуйвалдаан байх ёсгүй гэж. Хуйвалдаан юу вэ гэдгийг монголчууд маш сайн мэднэ. Зарим хүмүүс цагаан сарын битүүний өдөр ерөнхий нарийн бичгийн даргын эзгүй байхад дүрмээ зөрчин хуйвалдаж байгаад, Монгол улсын хуулийг зөрчиж Ерөнхий нарийн бичгийн даргаа өөрчилсөн. Үүнийг Ганбаатар дарга хүлээн зөвшөөрөөд хамт хуйвалдаад явж байна гэдэг бол намын эв нэгдлийг хангаж чадахгүй хүн гэдгийг харуулсан, намын даргын үүргийг гүйцэтгэгчийн хувьд хамгийн том алдаа болсон.
-Энэ талаар ч бас талууд тайлбар хэлж байгаа болохоор хоёулаа өнөөдрийн болж өнгөрсөн үйл явдлын талаар ярилцая. Өчигдөр буюу гуравдугаар сарын 2-нд болсон Төв хорооны хуралд нийт 58 гишүүнээс 30 нь оролцож, 50-иас дээш хувийн ирц хангагдаж хуралдсан гэж байгаа. Өнөөдөр гуравдугаар сарын 3-нд С.Ганбаатар 48 гишүүн хуралдлаа гэж хэвлэлийн бага хурлаар хэлсэн. Бид алинд нь итгэх вэ?
-Монгол Улсад хууль гэж байдаг юм бол, Дээд шүүхээр баталгаажсан намын дүрэм гэж байдаг юм бол, Ганбаатар гишүүний өргөсөн андгай үнэн бол өчигдрийн хурал бол хууль ёсны бодит үнэн. Ирц бүрдсэн, хууль ёсны гишүүд нь сонголтоо хийсэн.
-Өнөөдөр болсон Төв хорооны хурлын ирц тэгэхээр яаж бүрдсэн байх вэ? Эсвэл намын Төв хорооныхоо гишүүдийг шинэчилж ирцийг бүрдүүлэв үү?
-Намын төв хорооны гишүүдийг шинэчилж өөрчлөөд, нэг үгээр хэлбэл хиймлээр бүрдүүлж ирж бүрдүүлсэн гэж бодож байна.
-Ингэж гишүүдээ өөрчилсөн нь хууль ёсны байж чадах уу?
-Асуудлын гол нь үүнд байгаа юм л даа. Өнөөдрийн хуралд 40 гаруй гишүүн оролцсон гээд байгаа нь хэнийг хэнээр сольчихоод, хэнийг авчирчихаад олон гишүүн дэмжигчдээ хуурч, хурал хийсэн болгоод хууль зөрчсөн алдаа гаргачихаад намын даргын албан тушаалтайгаа зууралдаад байгаа нь бидний хүсээд байгаа дарга мөн үү, бидний байгуулах гэж эрмэлзээд байгаа улс төрийн хүчин мөн үү гэсэн асуулт, эргэлзээг яах аргагүй гаргаж байна. Намын эв нэгдлийг хангаж чадахгүй, намыг самарчихаад улсыг самрахгүй гэсэн баталгаа байна уу гэсэн эргэлзээ төрөхөөс өөр аргагүй байна даа.
-Намын төв хорооны гишүүдийг өөрчлөх эрх хэнд байдаг вэ?
-Энэ бол намын дүрмийн дагуу шийдэгдэх асуудал. Тэр нь зөв, энэ нь зөв гэхийн оронд цагаан дээр хараар бичсэн дүрэм, зарчим, хууль байгаа. Үүнийг хэн мөрдөж байна, хэн мөрдөөгүй гэдгийг тогтоохоос биш тэр хэсэг хүмүүсийн хийсэн нь энэ нь зөв, энэ нь буруу гээд тайлбарлах юм бол хэн ч чадна. Монгол Улс хууль, журам, дэгтэй. Түүнийхээ дагуу л явах ёстой. Олон түмний өмнө аливаа шийдвэр гаргасан дарга нар хариуцлагаа үүрэх хэрэгтэй. Худлаа хэлж, хуурч, эргэж буцаж, бөөрөнхийлж, ингэж зайлж зайлуулж болохгүй.
-Та нарын дараагийн алхам юу байх бол?
-Дараагийн алхам гэхээр бид тэмцэлд орсон юм шиг болоод байна л даа. Үгүй юмаа. Энэ намыг үүсгэн байгуулахад, өнөөгийн олон нийтийн хүлээгээд байгаа энэ үнэ цэнийг бий болгохын тулд, бид олон нийтийг хамгаалж байгаа үйл явдал юм. Яагаад гэвэл бидний чин сэтгэлээрээ эх орныхоо төлөө байгуулсан энэ нам, энэ институцийг буруу хүмүүс, буруу зорилгоор ашиглаад эргээд ард түмнийг хуураад, улсын эсрэг ашиглаж эхэлж байгаад бид маш их харамсч байна
-Сая С.Ганбаатар хэвлэлийн бага хурлын үеэр “Үнэн бидний талд байна. Бид мянга мянган гишүүн дэмжигчид, эх орон, ард түмний төлөө зүтгэнэ” гэсэн утгатай үг хэлсэн. Та бүхэн ч бас ийм мэдэгдэл хийсэн. Тэгээд “үнэн” хаана байгаа юм бэ?
-Хэлэх нэг хэрэг, хийх нэг хэрэг. Үгээр биш үйлдлээр бүх юмыг харуулна л даа.
-Танай нам өнөөдөр хоёр дарга, хоёр Төв хороотой болчихлоо гэж ойлгогдоод байна. Ингэхэд тамга хэнд нь байна?
-Өнөөдөр хиймлээр хурал хийснээр энэ нам хоёр удирдлагатай болсон гэсэн үг. Нэг нь яг дүрмийнхээ дагуу, хуулийнхаа дагуу ажиллаж байгаа хэсэн. Тамга нь надад байна. Гол нь худлаа ярихаа больё. Баримттай ярья л гэж бид хэлээд байгаа. Монгол Улсын хуулиар намын дарга хэзээ ч намынхаа хяналтын байгууллагаа түдгэлзүүлдэг, огцруулдаг зүйл байж болохгүй. Гэтэл С.Ганбаатар дарга байхдаа ийм л зүйл хийсэн. Энэ бол ёсзүй, журам, Монгол Улсын хуулийг зөрчсөн хэрэг юм. Зөрчөөгүй гэж ярьж байгаа нь бол дахиад л Монгол Улсын иргэдийг хуурч байгаа үйлдэл.
-Намын дарга нь хэмжээгүй эрхтэй шийдвэр гаргадаг ийм дүрэм журам байдаг юм уу? Социализмын үед л ийм тогтолцоо байсан байж магадгүй?
-Тийм, яг үнэн. Нэг хүнээс хамаарсан, дарга нь хаан байдаг, бүхнийг, мөнгө санхүү, хэнийг дэвшүүлэхийг нь ч шийддэг, бүгд тэр даргын улыг нь долоож явдаг ийм бурангуй намын тогтолцоо Монголд л байна. ХҮН-ийг нам болгох уу, эсвэл олон хүн, нийт гишүүдээсээ хамаарсан жинхэнэ институци, бодлого барьдаг зарчимтай нам байх уу гэдэг асуултын зааг дээр бид ирээд байна. Одоогийн Ганбаатар даргын тэргүүлээд байгаа хүмүүсийн хийж байгаа зүйл бол яг л нэг хүнээс хамаарсан, дарга нь бүхнийг шийддэг, даргаасаа хамаардаг намыг л бий болгохыг тэд хүсч байна. Ийм нам байх юм бол Монгол Улсаа өөрчлөх тухай яриад ч хэрэггүй. Монгол Улсыг шинэчилье, өөрчилье гэвэл одоогийн байгаа намуудаас өөр нам хэрэгтэй. Даргаасаа, хэсэг бүлэг цөөн хүмүүсээс хамааралтай намуудыг монголчууд хангалттай таньж мэдээд үзэн ядаж эхлээд байна шүү дээ. Нам гэдэг нь муухайдаа биш, намууд нь өөрсдөө ийм балиар болчихоод байгааг иргэд үзэн ядаж байна. Нам өөрөө цэвэр байж гэмээн Монгол Улсад хөгжлийг авчирна.
-Таныг ХҮНам концепцио боловсруулж эхлэхээс хамтдаа ажиллаж, энэ намыг байгуулалцсан хүн гэж ойлгож байгаа. С.Ганбаатарыг намд элсэхэд та нар дэмжсэн үү. Ингэж бужигнуулна гэж болгоомжилж байгаагүй гэж үү?
-Бид ярьсан тохирсон ёсоороо С.Ганбаатарыг дарга болоход дэмжсэн. Гэхдээ манай намыг ингэж самрах юм, нэг хүний нам болгох гээд, даргатай зууралдаад яваад байна гэж тооцоогүй. Ийм увайгүй худлаа ярина гэж тооцоогүй
-Гэхдээ мэдэж болмоор юм биш үү. Энэ хүн чинь арав гаруй жил гудамжинд ч, Төрийн ордонд ч байлаа шүү дээ?
-Бид зарчмаа бариад л явсан
-С.Ганбаатарын талаар “Хоёрхон сарын дотор намыг самарч чаддаг ямар мундаг хүн бэ” гэсэн шог яриа гарсан байна лээ?
-Манай зарим хүмүүс улс төрийн нам гэж юу вэ, улс төр гэж юу вэ, ер нь нам ямар байх ёстой, ямар байж байж Монгол Улсыг өөрчлөх юм бэ гэдэг талаар ойлголтгүй байна. Нам гэдгийг хүний эрх мэдэлд хүрэх шат шалгуур, авлига авах, албан тушаалд хүрэх, бусдыг долдойдох арга зам гэж бодсон буруу ойлголт байна. Үүнийг мэдэхгүй олон түмнийг нам байгуулж, хуурч , түүгээр дамжуулж эрх мэдэлд хүрдэг буруу тогтолцоо, буруу соёл бүрдчихээд байна л даа. Үүнийг л эвдэхийн төлөө бид нэгдсэн.
-Зарим хүн гэж та ХҮН-ийн гишүүдийг бас хамруулж хэлж байх шиг байна. Мэдээж бүхэл бүтэн намыг С.Ганбаатар ганцаараа хуралдуулаад л, бужигнуулаад байж чадахгүй байх. Тэгэхээр танай нам дотор С.Ганбаатарын дэмжигчид олон байна гэсэн үг. Өнөөдрийн хуралд ч гэсэн олуулаа ирсэн харагдана лээ. Шууд, шударгаар даргаар хэлэхэд танай намд хүчний харьцаа ямар байгаа юм вэ?
-Гурван хэсэг байна. Шулуухан хэлье. Энэ намыг үүсгэн байгуулахад бид нарын анх сонгож хамт явья гэсэн хэсэг хүмүүс байгаа. Тэднээс Бат-Оргил, Одонгуа гээд зорьсон зорилго, зарчмаа зөрчөөд монголчуудын сайн мэддэгээр Түгжилийн замд орсон хүмүүс байна. Бид бол 2020, 2050 оныг харж Монгол улсын асуудлыг шийдье гэж явж байгаа бол энэ нөхөд маань харамсалтай нь 2016 оны суудлын төлөө олны итгэл найдварыг худалдсан. Үүнийг монголчууд Түгжил гэж нэрлэдэг дээ. Үүнийг зөвшөөрч зохион байгуулсан, намаа самарсан хүн бол С.Ганбаатар өөрөө. Цаана нь энэ үйл явцыг мэдээгүй, оролцоогүй, ойлгоогүй байгаа маш олон жирийн гишүүд байгаа. Өөрөөр хэлбэл, 2016 оныг харсан, богино хараатай, хувийн хонжоо хайсан Түгжлүүд. Алсынхаа зарчмаа хадгалж улсынхаа төлөө юм хийе гэсэн хүмүүс байна, цаана нь учир мэдэхгүй, хуурагдаад байгаа олон нийтийн гишүүд дэмжигчид байна. Тэдэнд гурван хүн намаасаа урваж, намыг нь самрах гээд байна гэсэн ойлголт төрүүлж, жирийн гишүүд, дэмжигчдийг хуурах гэж байна.
-С.Ганбаатар гурван хүний нэрийг цохож, тухайлбал таныг намаасаа урвалаа гэсэн?
-Би сая хэлсэн, одоогоор мэдээлэл муутай байгаа хүмүүст ингэж ойлгуулж, дахиад л тэднийг хуурч, төөрөгдүүлэхийг хичээж байна. Энэ бол байж болшгүй зүйл. Бид үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
-Өнөөдөр бол С.Ганбаатар гишүүн хамгаалагч нар дагуулж ирээд хэвлэлийн хурал хийгээд, үүдэнд нь та нарыг оруулахгүй байлаа. Өөрөөр хэлбэл, та нар хүчгүйдэж байгаа юм шиг харагдаж байна. Цаашид ийм байдал үргэлжилсэн хэвээр байвал та нар яах вэ? Та нар амжилтанд хүрч чадах уу гэж асуумаар байна л даа?
-Бид амжилтад хүрч чадна. Яагаад гэвэл бид албан тушаалын төлөө тэмцээгүй. Бид гэж байгаа нь бидний хэдхэн хүн биш юм. Энэ бол монголчууд нийтээрээ хүсч байгаа зүйл. Бид шинэ улс төр, шинэ бодлого, шинэ зарчим, шинэ улс төрийн соёлийг хүсч байна. Үүнийгээ хэрэгжүүлээсэй гэж хүсч байгаа олны итгэлийг хувийн хонжоогоор худалдчихаад цаашаа явна гэж байгаа бол бидний байж болшгүй зүйл. Үүнийг бид маш олон удаа хэлдэг, хэлж байсан. Тийм болохоор бид хэн нэг хүнтэй тэмцэж байгаа биш, хуйвалдаантай, зарчимгүй, худлаа ярьдаг, иргэдийг хуурдаг, хоцрогдсон балиар улс төрийн “соёл”-той тэмцэх гэж байгаа юм. Үүнийг зөвхөн хэдэн намын гишүүн биш, манай гишүүн болоогүй ч ХҮНамыг найдлага байгаасай гэж харж байгаа олон мянган хүмүүс дэмжинэ, тийм болохоор бид ялна.
Ярилцсан А.Туяа
Фото:Light Zoom agency. Б.Тошка
Холбоотой мэдээллүүд:
Ц.Баттуяа:С.Ганбаатар худал, хуурмагтайгаа ХҮН-д орж ирсэн
С.Ганбаатарыг ХҮНамын даргаас огцрууллаа
С.Ганбаатар: Би аз жаргалтай байна
Сэтгэгдэл байхгүй байна
ГАНБААТАРЫГ БОЛ ДЭМЖЭНЭ
ГАНБААТАРЫГ БОЛ ДЭМЖЭНЭ