• Эхлэл
  • Улс төр дэх янаглалууд

Улс төр дэх янаглалууд

2016/03/11

Хаврын улирал царайлагт нь хайр, царай муутайд нь сайр авчирдаг юм гэнэ билээ. Олны үг ортой гэж үнэн бололтой юм. Ямартаа л МАН дурлалдаа умбаж, жаргалдаа ташуурч байхад АН царай алдаж, нүүр ам нь хуурайшиж, гар хөл нь хагараад эхэллээ.

Эх орончдын өдрөөр Сүхжанжны хөшөөнд цэцэг өргөх нэрийдлээр Н.Энхбаяр М.Энхболд руу харц чулуудаж, өнөөх нь толгой гудайлган ичингүйрэх аж. Санасан, санагалзсан, гэгэлзсэн, бишүүрхсэн өнгө аяс ч хэн хэнээс нь цухалзаж, үг хэл нь эвлэхгүй их л тэвдсэн. Уг нь мань хоёр эртний андууд бас дайснууд.

2005 онд Н.Энхбаяр Ерөнхийлөгч болж, түүний оронд намын даргыг сонгох болов. МАХН-ын XXIV их хурлаар намын шинэ даргад М.Энхболдыг нэр дэвшүүлсэн хүн нь Н.Энхбаяр.

Бас араас нь чамгүй сайн түлхүүрдэж өгсний хүчинд М.Энхболд хөлөгт онгоцны эзэн болж, жолоог нь залахаар болсон юм. Энэ үеэс тэдний хайрын түүх эхэлсэн. Гэвч энэ нь шохоорхол төдий байсныг хэн хэн нь мэдсэнгүй. Тиймдээ ч тэдний үерхэл хоёр жил л үргэлжлэв. Учир нь М.Энхболд шинэчлэл ярьж, дотоод ардчиллын тухай ам нээх болсон нь дурлалт залууд нь таалагдсангүй. Тиймээс экс гэнэт зангаа хувиргаж, “шинэ”-ийг эрэлхийлж М.Энхболдод хэдэн саналын хувиар ялагдал хүлээсэн С.Баярыг Оросоос “чирж” ирэх нь тэр. Ингэснээр 2007 оны аравдугаар сард хуралдсан МАХН-ын XXV хурлаар С.Баяр намын даргаар сонгогдож, экс шинэ амрагтай болов. Цагийн сайханд Арабын Шах шиг байсан экс энэ мэтчилэн дэргэдэхээ хүртэл дур зоргоороо сольдог байлаа.

Харамсалтай нь, “Өвстэй газар мал тогтдоггүй, жаргалтай газар хүн тогтдоггүй” гэгчээр Монголын Шах малгайгаа аваад, хаалга саваад гарсан нь таван жилийн өмнөх үйл явдал. Туурга тусгаарласан тэрбээр эхэндээ сайхан байсан. Яг л эр, эм хоёр салахаараа эр нь баярлаж, эм нь уйлсаар өдрийг бардаг жишиг түүнийг тойроогүй.

МАН сонгуулиар ялагдал хүлээж, нус нулистайгаа зууралдаж байхад мань хүн МАХН-ыг өмчилж, магнаг үсэгтэй тугийг толгой дээрээ мандуулж, тойрон хүрээлэгчдээрээ өргөмжлүүлж ёстой л торгонд хөлбөрөх нь холгүй байв. Гэвч АН-аас үлээсэн хүчтэй шуурганд тойрон хүрээлэгчид нь уруудаж, эрж сураад ч олдоогүй. Байгаа хэд нь эргүүлэгт орж, буруу, зөрүү яриад болохоо байсан. Ганц хүний жаргал гэж ташуурч явснаа мань хүн цагийн эрхэнд ухаарч, царай алдан эргэн ирэхээр зэхэж буй нь өнөөдрийнх нь дурлалын романсын оршил.

М.Энхболд ч хаягдаж, гээгдсэнээ умартан, урьдынхаараа тосоод авна билээ, түүнийг. Уг нь эхэндээ уйлж байсан ч өнөөдөр МАН амаа урагдтал инээж суух таатай боломж бий болчихсон. Иймээс өөр эм хайгаад явсан Н.Энхбаярыг үүдээрээ шагайлгах албагүй. Гэсэн ч М.Энхболд тэгсэнгүй ээ. Харин ч бариад ирсэн цэцгийг нь энгэртээ нааж, элгэндээ тэвэрнэ билээ. Тэр ч бүү хэл, үнэрлэж, таашаагаад сүйд. Юутай ч нийлсэн хоёр нь үнэнч бол нийтийн дундаас онцгой доо хө.

 Харин Ардчиллынхны хацар нь сайртаж, царай алдаад хэрэг алга. Ядаж байхад ИЗНН-ынхан хүртэл хаяж тэнэгтэв. Баяны хаяа бараадаж, хүний хоёр дахь, гурав дахь болж явсан тэд хүртэл үнэд орох нь тэр. Уг нь С.Оюун ардчилалд учиргүй хайртай нэгэн. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд цэнхэрүүдийг дэргэдээс нь хайрлаж, хамаг л сайхнаа зориулсан. Хазгар хүүхэн хадамсайг гэгчээр өөрийнхнөө умартан байж өнгөтэй, өөдтэйгөө тэднийд өгсөн. АН-ынхан албан тушаал авангуутаа өөр нэгнийг хайж, Н.Энхбаярыг хүртэл тахин шүтэх нь холгүй хөл алдаж гүйхэд нь хүртэл тэр дуугараагүй. Дэмий л “Чимээгүй унагасан нулимсыг нь хайрлаарай” гэж хэлсэн.

Гэсэн ч хүний сэтгэлд хязгаар гэж байдаг бололтой юм. С.Оюун тэднээс залхаж, сэтгэлээ татаж авахаар шийдлээ. Магадгүй энэ нь ХҮН-д сэтгэл алдарсантай нь ч холбоотой байж мэдэх юм. Гэвч ХҮН хэтэрхий бүтэлгүй нөхөр юм. Том бялуу өвөртлөөгүй байж жижигхэн талхаа булаалдаж дэндүү увайгүйтэх болсон. Иймээс ханиа болгоход бас л хэцүү. Гэр бүлийн хүчирхийлэл хэрээс хэтрээд байхад бүтэлгүй, олиггүй нэгэнтэй дэр нэгтгэчихвэл гавьяа биш гай л тарина. Иймээс судлах, харзнах шаардлага тавигдсан биз.

Хөөрхий АН-д одоо нэгэн цагт хөсөр хаягдсан М.Энхсайханаас өөр өөд нь татаж, өнгө зүс оруулж, дэргэдээ авчрах хүн үлдсэнгүй. Ядаж байхад ганц толгой нь тав болж хааяа нэг салдгийг ч хэлэх үү. Ганц толгойтой болгож харагдуулдаг гайхалтай шидтэн нь дуусах гээд Зэ тэргүүтнийг ч тэвдүүлж байгаа сурагтай. Иймээс М.Энхсайхан тэргүүтнийг хөнжилдөө хийгээд авбал энэ тэрээс зайлах гарц харагдаж мэдэх л юм. Үнэндээ ч дээлийн шинэ нь, хүний хуучин нь гэж М.Энхсайхан энэ намд өнгө нэмнэ. Тэгээд ч танихгүй бурханаас таньдаг чөтгөр нь дээр гэдгийг АН-ынхан эрх биш ухаарсан байлгүй.

Хаврын тэнгэр олон ааштай. Хаашаа ч хөрвөж мэдэх л юм. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн долоон хоногт болсон цаг агаарын гамшигт үзэгдэл улс төрийн хүрээнд ч явагдана гэдгийг Улс төрийг, ураг төрөлтэй нь судалдаг хүрээлэнгээс мэдээлнэ билээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • ТҮГЖЛҮҮД
    ЭНЭ ХЭДЭН ХОГИЙН ШААР ДАХИАД 2016-2020 ОНД МОНГОЛЫГ ЦӨЛМӨХ САНААТАЙ. ҮҮНД СОНГОГЧИД ХАРИУЦЛАГАТАЙГААР ЦЭГ ТАВЬЖ АЖИЛ ХЭРЭГЧ ХҮМҮҮСИЙГ СОНГОЁ.
    2016 оны 03 сарын 11