Д.Сумъяабазар дүүргийнхэнтэйгээ уулзаад сүйд. Тэрбээр энэ долоон хоногийн эхээр Сонгинохайрхан дүүргийн XXIV хорооны иргэдтэй уулзаж, зам тавьж өгнө хэмээн амлажээ.
Үнэхээр ч тус хорооныхонд хамгийн хэрэгцээтэй зүйл нь засмал эсвэл сайжруулсан авто зам. Баянхошууны хуучин эцсээс 2-3 км-ийн зайтай орших тус хорооныхон гэртээ харихын тулд ёстой л “там” дундуур туучина.
Энэ байдал 10 гаруй жилийн өмнөөс эхлэлтэй. Ямартаа л Д.Сумъяабазар өмнөх сонгуулиар ч энэ амлалтаа өгч байсан юм. 2012 онд түүнийг сонгуулийн сурталчилгааны ажлаар тус хороонд очих үед бороо орж, эрхэм гишүүний төмөр хүлэг шаварт сууж, зорьсон газартаа хүрэх гэж чамгүй их зүдэрсэн.
Ингэж тус хорооны иргэдийн амсдаг зовлонгийн өчүүхэн хэсгийг өөрийн биеэр мэдэрсэн тэрбээр зам тавьж өгөхөө амлаж, тангаргалсанаар олон оноо цуглуулж билээ. Харамсалтай нь, нөхцөл байдал дөрвөн жилийн дараа өөрчлөгдсөнгүй. Яг л өнөөх амлалт нь дараагийн дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийнх нь цөм болчихсон явна. Энэ удаагийн сонгуулиар ч тэрбээр Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр хүссэн үгийг нь хэлж яваа нь энэ.
Түүнтэй дөрөө харших эрхмээр “Өгөөж”-ийн С.Түмэнгэрэл яригдаж буй. Өмнөх сонгуулиар тус дүүрэгт нэр дэвшиж, үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг тараасан ч нэмэр болоогүй. Харин ч үйлдвэр нь уналтад орж, дампуурах шахсан гэх юм билээ. Гэхдээ мань хүн бууж өгөлгүй энэ удаад даагаа нэхэхээр зэхэж байгаа бололтой. Түүнчлэн Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйгийн нэр ч горилогчдын дунд бий.
Хотын өнгөтэй, өөдтэй газруудыг зарж идсэн гэж адлуулдаг тэрбээр нийслэлийн нэгэн дүүргийг овоо хараандаа онилчихож. Хамгийн сонирхолтой нэг горилогчийн нэр эл дүүргийнхний чихийг сортолзуулаад байгаа. Энэ хүн бол МАН-ын дарга М.Энхболдын ганц охин Э.Хулан. Тус дүүргийн МАН-ын хорооны тэргүүлэгчээр ажилладаг тэрбээр их сэнтий рүү мөлхөхөөр шийдсэн гэх. Ямартай ч эл дүүрэгт нэр дэвшихээр зэхэж буй эрхмүүд намын даргынхаа охинтой өрсөлдөж байж эхний мандатаа өвөртлөх нь.
Харин АН-ын горилогчидоос Л.Эрхэмбаяр хасагдаж байна. Санаа байвч сачий нь хүрдэггүй нэгэн гэх гуншинтай болсон тэрбээр энэ удаад намын нэрийн жагсаалтад эрэмбэлэгдэнэ. Товчхондоо, мөрөөдөл нь биелэх алтан боломжийн үзүүрээс тас зуурчихсан нөхөр. Түүний оронд О.Магнай үзэх гэнэ. Өвөлжин нүүр тарааж, намар нь тусламжийн хувцас тараасан тэрбээр Улаанчулуутын хогийн цэгийг “хашрааж” яваа. 2008 оны сонгуулиар нэр дэвшсэн ч саналаа луйвардуулсан хэмээн жагсаал хийж, улмаар долоодугаар сарын 1-ний үймээний хэрэгтэй холбоотйо хэмээн саатуулагдаж байв.
Хуурай өлсгөлөн зарлаж байж батлан даалтаар суллагдаж, АН-д элссэн. АН олуулаа болохтой зэрэгцэн мань эр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдон ажиллаж, ёстой л хэн гэдгээ, юу хийж чадахаа харуулж чадсан. Түүнийг тийм эр зоригтой, бас шийдэмгий гэж хэн ч төсөөлөөгүй биз. Ямартай ч нүүрс тарааж олон айлыг дулаан өвөлжүүлснийхээ төлбөрийг энэ удаагийн сонгуулиар авахаар гүйж яваа нөхөр. Хэн гэдгээ харуулсан түүнд шаанс байж мэдэх л талтай.
Түүнтэй хамт “Монос”-ын Л.Эрдэнэчимэг нэр дэвшинэ. Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргийнхнийг сонин уншдаггүй хүмүүс хэмээн хээвнэг хэлж суусан хэнэггүй нэгэн. Эдээрээ гангарч, элдвийн юм ярихдаа сурамгай ч гэж хэлж болохуйц. Уулзалтад ирэх урилгандаа 1000 төгрөгийн нэгжний урхи зүүхээ мартдаггүй л нэгэн дээ. Хаяахан хурууны линт гэхчлэн нэг удаагийн “түргэн тусламж”-ийг эмээ, өвөө нарт тараачихна. Гэсэн ч төрд хийсэн ажил, дүүрэгтээ хэрэгжүүлсэн хөтөлбөр хуруу дарам. Иймээс энэ удаагийн сонгуулиар дахин босго алхана гэхэд тун хэцүү.
Мөн эл дүүрэгт өнөөх Г.Дэнзэн нэр дэвшинэ гэх мэдээлэл бий. Н.Алтанхуягийн хүргэн ямар хэрэг тарьж, хэрхэн будлиантсаныг мэдээлэлд ойр нийслэлчүүд андахгүй. Л.Эрдэнэчимэгийн хэлсэнчлэн сонин уншдаггүй хэсэг байж болох ч нийтээр бүдүүлэг харанхуйчууд биш гэдгийг эрх биш мэдмээрсэн. Харин түүний оронд Эрчим хүчний дэд сайд асан Ө.Пүрэвбаатар намынхаа нэрийг бариад гүйвэл арай үнэнд ойр буух биз.
Улаан, цэнхэр булангийнхны өнгө төрх иймэрхүү байгаа бол тэдний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Д.Тэрбишдагва. Энэ дүүргээс хэдэнтээ сонгогдсон түүнд тойргийнхон нь ч ам сайтай. Уг нь эрхэм гишүүний намаасаа авсан үүрэг нь гурван тойрог услах. Тиймдээ ч түүнийг Архангайд нэр дэвших нь гэх мэдээлэл цацагдах болсон. Гэхдээ мань хүний санаа нь улс төрд өсгөн хүмүүжүүлж байгаа шавь нараа үнэнч сонгогчиддоо үлдээх сонирхолтой. Иймээс Сонгинохайрхан дүүргийг шавьдаа өгөөд өөрөө Архангайг ч зорьж мэдэх мессеж бий. Юутай ч МАХН-ын итгэл найдварын нэг нь тэр.
Мөн “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат энэ тойргийнхныг эргэж тойроод, төмс ногоогоо хямд борлуулаад эхэлсэн. Одоогоор аль нэг намын малгай өмсөхөөсөө урьтаж бие даах магадлал өндөр. Гэхдээ сонгогдох эсэх нь эргэлзээтэй.
Сэтгэгдэл байхгүй байна