• Эхлэл
  • Улстөрчид улаанбурхан өвчний эсрэг юу хийв

Улстөрчид улаанбурхан өвчний эсрэг юу хийв

2016/04/18

Нийгэмд үүсээд байгаа асуудлын нэг болох улаанбурхан өвчин газар аваад байна. Энэ өвчнөөр маш олон хүүхэд энэ хорвоог ориход байгаа. Гэвч эзэнгүй салбар дахь энэ хүнд асуудалд эрх мэдэлтнүүд, улстөрчид санаа тавих бус өөрийн хувийн карьераа хөөгөөд завгүй байгаа бололтой. Үүнтэй холбоотойгоор эцэг эхчүүд өнгөрсөн амралтын өдөр Чингисийн талбайд улаанбурхан өвчнөөр хорвоог орхисон нялхсын дурсгалыг хүндэтгэж, холбогдох албаныхан болоод олон нийтэд анхааруулан сануулахаар "эзэнгүй бойтог" жагсаасан. Эзнээ алдсан бяцхан бойтогнуудын "жагсаал" олон нийтийн сэтгэлийг шимшрүүлж, түгшүүрийн харангийг дэлдэж чадлаа. 

Энэ асуудлаар залуу нэр дэвшигч Нарантуяа буюу дуучин Нара, Их аварга Д.Дагвадорж нар санаа тавьж байгаа харагдана. Их аварга улаанбурхан туссан хүүхдүүдэд туслахаар өөрийн твиттер хуудаснаа "Улаанбурхан өвчний эсрэг ямар арга хэмжээ авбал зүгээр вэ" хэмээгээд хөрөнгө босгож, туслахыг уриалсан бөгөөд хүүхдүүдэд хэрэгтэй байгаа аппаратыг гаднаас захиалж авчруулсан тухай мэдээлэл тархаад байгаа юм.

Харин залуу нэр дэвшигч, дуучин Нара бодит байдалтай танилцаж ямар аргаар туслах арга замыг хайсан. Тэрээр "Үнэхээр зүрх шимширмээр. Өчигдөр 3 нярай өөд болсон гэж байна... Эцэг эхчүүдийн цөхрөл, урсах нулимс, эмнэлгийн хашааг нэвтэлж Засгийн газрын сонорт хүрсэн ч оройтчихжээ гэсэн юм. Харин Монгол Улсын улстөрчид энэ асуудалд анхаарал хандуулах талаар юу ч хийсэнгүй" гэж бичжээ .

Ийн иргэдийн гомдол нэхсэн, аврал гуйсан дууг Монгол Улсын Ерөний сайд Ч.Сайханбилэг магадгүй хугацаа алдсан ч гэлээ ямартай ч сонссон бололтой, энэ сарын 16-ны өдөр буюу өнгөрсөн амралтын өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж, эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өгөв.

Мөн тэрээр тус төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч, ажилтнууд болон тус тасагт эмчлүүлж буй хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй уулзан санаа бодлыг нь сонсч ярилцаж 24 цаг тасралтгүй ажиллаж буй эмч, сувилагч, ажилчдын илүү цагийн хөлс, цалингийн тооцоог гаргаж,  цаг тухайд нь олгож байхыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад өглөө.

"Улаанбурханы өвчлөл 18-30 насны хүмүүсийн дунд зонхилж байна. Энэ насныханд улаанбурхны эсрэг вакцинаар нэмэлт дархлаажуулалт  хийх зайлшгүй шаардлага байгаа. Улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, хариу арга хэмжээний зардалд 948,3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн" гэж Ерөнхий сайд хэлээд 18-30 насныхныг вакцинд хамруулах ажлыг орон даяар кампанит ажил болгон зохион байгуулахыг энэ үеэр дахин үүрэг болгосон байна.

Харин Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн  бичгийн дарга С.Ламбаа “Засгийн газрын нэмэлт тусламжаар хоёр сарын өмнөөс шууд гэрээгээр захиалсан 350 сая төгрөгийн техник, тоног төхөөрөмж манай улсад өчигдөр ирлээ. Энэ сарын 18-нд буюу даваа гаригт ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт суурилуулна. Нэг инкубатор, хяналтын 12 монитор, амьсгалын 4 аппарат, соруулгын 5 аппарат, автомат 12 тариур, дуслын автомат 13 шахуурга, дефебрилятор зэрэг 350 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж иржээ.

Эдгээрийг суурилуулснаар эмчилгээнд шаардагдах тоног төхөөрөмж дутагдахгүй болно гэдгийг тус төвийн удирдлага хэлж байна. Эдгээр тоног төхөөрөмж нь хүрэлцээгүй, шинээр авч байгаа эд биш, эрчимт эмчилгээний тасгийн 10 ор тутамд амьсгалын аппарат, хяналтын мониртой  буюу стандартын хэмжээнд хүргэхээр захиалж, авчирсан” гэв.

Монгол Улсад урьд өмнө байгаагүй олон нярай улаанбурхан өвчний улмаас амь насаа алдсаныг мэргэжлийн байгууллагынхан 0-8 сартай, суурь өвчтэй хүүхдүүдэд илүү хүнд туслаа гэж тайлбарлаж буй. Учир нь улаанбурханаас урьдчилан сэргийлэн тарилгыг хүүхдийг есөн сар хүрэхэд нь тарьдаг юм байна. Тиймээс тарилга тариулаагүй хүүхдүүд илүү эрсдэлтэй байгаа гэж тайлбарлахыг хүсч байгаа юм. Гэхдээ энд Монголын эмнэлгийн өнөөгийн байдал, ийм хүнд өвчний дэгдэлт идэвхжих нь бүү хэл ханиалга туссан хүүхдийг ч эмчлэх боломжгүй эмнэлгийн коридорт зулж хэвтүүлдэг, тоног төхөөрөмж, эм тариа хангалтгүй байдагтай мөн холбон тайлбарлаж байгаа юм. Үүнээс үүдээд эрүүл мэнд, эмнэлгийн салбарын хангамж, хүрэлцээ, санхүүгийн байдал давхар яригдах нь дамжиггүй. Хэдийгээр төсвийн чадамж хүрэхгүй байгаа ч гэсэн салбарын зохион байгуулалт дутмаг байгааг иргэд шүүмжилж байна. Мөн түүнчлэн иргэд өөрсдийн боломжийн хэмжээгээр сайн дурын хандив, тусламжийн аяныг зохион байгуулж эхэллээ. 

Ямартай ч өвдсөн хүүхдүүдэд туслах арга хэмжээ одооноос хэрэгжиж эхлэх бололтой. Гэхдээ улс төрчдийн шоунаас илүүтэй энд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудал хурцаар тавигдаж байгааг сануулах нь зүйтэй болов уу.  

Ч.Болор

Холбоотой мэдээллийг энд дарж уншина уу. 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Svirsen tur
    Yahuude tur n awch ugdgvma ghde sanaa tawij chdku bhd nara bl boljishd
    2016 оны 04 сарын 18
  • Зочин
    Нара ч тэгээл санаа тавьсанл байх харин аварга бол шууд аваал өгчлөө энэ 2н дунд том ялгаа бна да
    2016 оны 04 сарын 18