• Эхлэл
  • Б.Жагар:Шаардлагыг биелүүлэхгүй бол өлсгөлөн зарлана

Б.Жагар:Шаардлагыг биелүүлэхгүй бол өлсгөлөн зарлана

2016/04/18

“Хатан туул хөдөлгөөн”-ийхөн Улсын их хурлын даргад шаардах бичиг , нэр бүхий 11 гишүүнд уриалга гардуулах гэж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Тэд өнөөдөр 11.00 цагт уриалгаа гишүүдэд хүргүүлэхээр Төрийн ордны гадаа ирэхэд нь энэхүү шаардлага болоод уриалгын талаар “Хатан Туул хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Б.Жагараас тодруулав.

Тэд хууль бусаар олгогдсон лицензүүдийг хүчингүй болгох, Туул голын эрэг дагуу олгосон амралт зугаалга болон хувийн эзэмшилд шилжүүлсэн ашиглах, эзэмших гэрчилгээнүүдийг хүчингүй болгох шаардлага тавьж байгаа юм.

Энэхүү шаардлагынхаа талаар Б.Жагар

-Яагаад ард түмний өмчийг хэдэн га газраар нь өмчлөөд авсан байдаг юм. Нийслэлийн иргэд зун болохоор Туул голын эргээр зугаалдаг. Гэтэл тэр хэсгийг одоо хашаагаар тойруулан хаасан байна. Тэгэхээр бид хашааг нь давж орж зугаалах юм уу?

Эсвэл дараа нь Туул голгүй болох юм уу? Туул голын бургасыг тайрсаар бид нэг өглөө сэрэхэд уух усгүй болох аюул ойрхон байна. Туул гол 20 км тасарсан гэх энэ тоо нь бидэнд аюулын дохиог хэлж байна. Шувуун фабрик, Био кобинатад амьдарч буй иргэдийн усаа авдаг гүний 100 гаруй худаг байна. Харин худгуудыг жил бүр доошоо 5 метр ухаж байна. Энэ жил 25 метр ухаад ус гарч байсан бол дараа жил нь 30 метр ухдаг болно. Энэ бол гүний ус алга болж буйн бодит илрэл юм.

Бид хууль тогтоох байгууллагад хандаж байгаа учир нь Монгол Улсын хууль тогтоох байгууллага хуулиар болно, болохгүй гэх хоёр шийдвэр гаргадаг. Гэтэл Ашигт малтмалын газар болно гээд хууль зөрчин лиценз олгож байгаа нь харамсалтай.

Тиймээс Ашигт малтмалын газрын үе, үеийн хууль бус лицензтэй хутгалдсан дарга нарт арга хэмжээ авах хэрэгтэй. Ингэхдээ тэднээр хууль бус үйлдлээс нь болж учирсан хохирлыг төлүүлэх мөн хууль бус лиценз олгосон газраа нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй. Бүр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.  Хэн нэгнийг шоронд оруулах бус нөхөн сэргээлтийн аргаар хариуцлага тооцох хэрэгтэй байна гэлээ. 

Тэд УИХ-ын гишүүн Х.Баттулга, Н,Алтанхуяг, С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Л.Эрдэнэчимэг гэх мэт эх орныхоо төлөө бага ч болтугай хувь нэмрээ оруулж дугардаг гишүүдэд уриалга хүргэж байгаа гэж тайлбарлав.

Хэрвээ уриалгыг энэ пүрэв гаригийн УИХ-ын чуулганаар хэлэлцэхгүй бол Б.Жагар өлсгөлөн зарлана гэв. Мөн Туул тосгонд иргэд жагсаж, нэгдсэн 10 гаруй ээжүүд өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдэж байгаа гэж Б.Жагар ярьж байлаа.

Ч.Гэрэл

2-3 км тасарсан Туул гол хэзээ сэргэх вэ?

 

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • зочин
    Зөв зүйтэй санаачлага байна, дэмжицгээе олон түмээн!
    2016 оны 04 сарын 19