Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлгэсэн Панамын материалд Монгол Улсын нэрээр 49 хүний нэр илэрсэн. Тэдгээр 49 хүний дунд УИХ-ын гишүүн Д.Батбаярын нэр орсон байсан. Харин энэ талаар тэрээр “Оффшор данс гэж ямар дансыг хэлээд байгааг сайн ойлгохгүй байна.
Би бол гадаадын оронд данстай хүнийг хэлээд байгаа юм байх гэж бодож байна. Надад оффшор данс байгаа, 3-4 данс бий.
Гэхдээ 25 жилийн өмнө Японд барилдаж байхдаа цалингаа авах, эрүүл мэндийн үйлчилгээндээ зарцуулах гэхчилэн хувийн хэрэглээндээ зориулж нээсэн дансууд. Тэнд одоо мөнгө байхгүй. Мөнгөгүй, би өөрөө тэнд биш, энд амьдарч байгаа болхоор тэгсгээд хаагдсан байх гээд л мартчихсан” гэсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Иргэд харин үүнийг бас нэгэн дансаа мартдаг нөхөр гарч ирлээ хэмээх болсон. Тэгвэл оффшор данс бус эндүүрэл байсан тухай УИХ-ын гишүүн Д.Батбаяр сэтгүүлдэд мэдээлэл хийсэн юм.
Даваагийн Батбаяр гэх УИХ-ын гишүүн асан, Кёкшюүзан Д.Батбаярынхтай ижил нэртэй иргэн Их Британийн Виржини аралд байрлалтай “Impox”, “Gumax”, “Abros” компаниудад хувьцаа эзэмшдэг нь илэрсэн байна.
Дээрх мэдээлэл гарч эхэлмэгц оффшор данстай Д.Батбаярыг Кёкшюүзан Д.Батбаяр хэмээн эндүүрэл гарсан байна.
Тиймээс Кёкшюүзан Д.Батбаяр АТГ, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хүсэлт гаргаж өөрийгөө шалгуулсан юм. Түүний шалгуулах хүсэлтийн хариуг Эрүүгийн цагдаагийн газраас ирүүлсэн тухай өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр хэлэв.
Эрүүгийн цагдаагийн газраас түүнд “Холбогдох шалгалтыг явуулахад Их Британийн Виржини аралд байрлалтай “Impox”, “Gumax”, “Abros” компаниу Кёкшюүзан Д.Батбаярт хамааралгүй болох нь тогтоогдсон болно” гэх хариултыг ирүүлжээ.
Кёкшюүзан Д.Батбаяр “Оффшор данстай нь илэрсэн Д.Батбаяр гэгч би биш. Тэр нь өөр хүн гэдгийг холбогдох баримтууд баталсан. Д.Батбаяр гэгч Х.Бум-Эрдэнэтэй нийлж оффшор бүсэд 2007 онд компани байгуулсан юм билээ.
Тэднийг хуулийн байгууллагынхан шалгаж байгаа гэсэн. Би нэр төрөө цэвэрлэх үүднээс шалгуулж, оффшор дансгүй гэдгээ баталлаа. Нэр холбогдсон 49 хүнээс өөрийн хүсэлтээр хандсан нь анхны хүн нь би гэнэ лээ. Тэгэхээр цаашид нэр нь илэрсэн хүмүүс бас шалгуулах нь зүйтэй юм” гэв.
Кёкшюүзан Д.Батбаяр энэ удаагийн сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа бөгөөд АН-ын ҮЗХ-аар тодорхой болох аж. Харин АН-ын хувьд оффшор данстай нэр холбогдсон УИХ-ын гишүүн С.Баярцогт, Д.Батбаяр нарыг нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ энэ асуудал Кёкшюүзан Д.Батбаяртай холбоогүй эндүүрэл байсан дүгнэлтийг холбогдох байгууллагаас гаргасан түүний нэр дэвших асуудал энэ сарын 26-ны өдөр шийдэгдэнэ.
Дээрх оффшор данс улстөрчдийг сандаргаад байгаа. Кёкшюүзан Д.Батбаяр өөрийгөө дансгүй гэдгийг шалгуулах хүсэлт илгээсэн хүний хамгийн анхны нь аж.
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна