Сонгууль дөхөж дээр, дооргүй хөл үймээн ихтэй байна. Намууд хоорондоо холилдож, сүлэлдэж, зарим нь сонгуульд өрсөлдөх эрхгүй болж, орондоо орох завгүй оршилдон тэмцэж байв гэдэг шиг юм болж байна.
Дээр нь намуудын тохилцолдоонд хавчуулагдсан бие даагчид дөрөвхөн хоногийн дотор 801 хүний гарын үсэг цуглуулах шаардлагатай болсон.
Ингэж хугацаагаар дарамтлуулсан бие даагчид боож үхэх шахаж байгаа ч тэднийг тоож байгаа ч хүн алга.
Нэг мэдэхнээ хоёр даргатай болоод байсан ХҮН-ыхан сонгуульд өрсөлдөх эрхгүй болсон.
Гэсэн хэдий ч тэд нам нь сонгуульд бүдрэхийг урьдчилан тооцоолсон бололтой, бүгд давхар бие даан нэр дэвшихээр материалаа бүртгүүлсэн байжээ. Ингэснээр 89 бие даагчийн 22 нь ХҮН намынхан болоод байгаа юм.
Энэ жилийн бие даагчдын бүлийг нэмэх болсон бас нэг том шалтгаан нь дотроо маргаантай байсан ХҮН намынхан байж. Цаашид улстөрчид, намууд ард түмний өмнө ямар тоглолт үзүүлэхийг хэн ч тааж мэдэхгүй байна. Тэд гэнэт л хэний ч бодоогүй шийдвэрийг гаргаж, олон нийтийг зугаацуулж, бас цочирдуулж байгаа. Яг одоо бол Монгол Улсын Ерөнхий сайд асан, Гавьяат эдийн засагч Д.Бямбасүрэнгийн доорхи үг анхаарал татаж байна.
Тэрбээр “Монгол орон улс төрийн хувьд, эдийн засгийн хувьд ч мухардалд орлоо гэж би харж байна. Сүүлийн 10 гаруй жилд улс төрийн хүчнүүд хосолж төр барилаа. Гэхдээ оновчтой зөв бодлого тодорхойлж чадсангүй. Сүүлийн дөрвөн жил парламентад суудалтай байсан таван нам бүгд Засгийн газар байгуулахад оролцож төр барилаа.
Гэсэн хэдий ч эдийн засгийн байдал улам хүндэрч, өр ширэнд баригдсан хэвээр сонгуультай золгож байна. Ийм нөхцөлд гарц, шийдлийг зургадугаар сард ард түмэн өөрсдөө шийдэх хэрэгтэй. Тиймээс ард түмний өмнө хариуцлагатай мөч ирж байна. Одоогийн сонгуулийн өмнөх бэлтгэлийг харахад төрд байгаа улс төрийн хүчин нөөцөө шавхсан гэж харагдаж байна” гэв. Түүний хэлсэн үнэнтэй маш ойр үгтэй хэн ч маргахгүй биз ээ.
-Дараагийн дуулиан-“Оффшор данс”
Панамын фирмээс алдагдсан гэх оффшор дансны дуулиан дэлхийг “сандрал”-д оруулаад байгаа бөгөөд Монголын нэр бүхий 49 иргэн, компанийн оффшор дансны мэдээлэл дэлгэгдсэн бөгөөд тэрхүү жагсаалтад Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн нэр холбогдоод байгаа.
Тэгвэл Э.Бат-Үүл хүүгээ өмөөрч, мэдэн будилж хэдэн үг хэлэв боловтой. Тэрээр “Энэ талаарх мэдээллийг хэвлэлээс олж харсан. Тэр даруйдаа хүүтэйгээ холбогдож, асуухад 2011 онд оффшор данс нээсэн, гэхдээ ашиглаагүй гэдгээ хэлсэн.
Хэдийгээр Б.Чулуудай миний хүү боловч нас биед хүрсэн, өрх толгойлсон бие даасан бизнесмен. Би ажил төрөл, амьдрал ахуйд нь оролцоод байдаггүй” гэв.
“Нууц” данс нь илэрсэн УИХ-ын гишүүн Д.Батбаяр “Оффшор данс гэж ямар дансыг хэлээд байгааг сайн ойлгохгүй байна. Би бол гадаадын оронд данстай хүнийг хэлээд байгаа юм байх гэж бодож байна. Надад оффшор данс байгаа, 3-4 данс бий.
Гэхдээ 25 жилийн өмнө Японд барилдаж байхдаа цалингаа авах, эрүүл мэндийн үйлчилгээндээ зарцуулах гэхчилэн хувийн хэрэглээндээ зориулж нээсэн дансууд. Тэнд одоо мөнгө байхгүй. Мөнгөгүй, би өөрөө тэнд биш, энд амьдарч байгаа болхоор тэгсгээд хаагдсан байх гээд л мартчихсан” гэв.
Тэрээр бүр оффшор данс гэж юу болохыг ч ойлгохгүй байна гэсэн юм. Ингээд өөрийгөө өмөөрсөн дараагийн тохиолдол энэ байлаа. Иргэд түүнийг “Бас нэг дансаа мартддаг нөхөр гарч ирлээ” хэмээж байна. Ийнхүү нууц дансны эзэд өөрсдийгөө янз бүрээр өмөөрч ихэвчлэн данс байгаа, гэхдээ мөнгөгүй хэмээж байна.
Энэ мэтчилэн сандралд орсон улстөрчид биесээ өмөөрсөөр. Сандралд орсон тэднийг "айлгасан" бас нэг нь УИХ-ын гишүүн Г.Уянга. Угаасаа ч ямар нэгэн үймээн дэгдэхээр алдсан нэгнийг түлхэх үг хэлж бусдын анхаарлыг татдаг нь түүний зуршил болоод байгаа л даа.
Тэрээр энэ удаа бас яаж дутах вэ, Төрийн ордонд хэвлэлийн хурал зарлаж “Монголд шудрага төр бий болж, зөв хүмүүс төрийг удирдахад хамгийн түрүүнд оффшор данстай хүмүүс хилээр зугтаж гарна. Ийм учраас УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүдийг албан тушаалаасаа буусан тохиолдолд тодорхой хугацаанд хилээр гарах эрхийг нь хаах тогтоолын төслийг энэ УИХ батлаад буух ёстой.
Төрд өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн хилээр гарах эрхийг нь хориглох энэхүү тогтоолын төслийг заавал батлах ёстой гэсэн зарчмын байр сууриа илэрхийлсэн ч олгигархиуд дарах л байх. Зугтахаас нь өмнө хориг тавихгүй бол хуулийнхан шалгаж чадахгүй. Үүнийг хэрэгжүүлээсэй гэж уриалж байна” хэмээн мэдээлэл хийсэн.
Энэ долоо хоногт ийн дуулиантай байлаа. Харин ирэх долоо хоногт юу болохыг харах үлдэв. Энэ бүх үймээн сонгууль дуустал үргэлжлэх нь бараг тодорхой. Улстөрчдийн сандралдах, санаа олох, анхаарал татах тоглолт хийх зэрэг үйлдэл үргэлжилсээр ...
Ч.Гэрэл
Панамын материалууд: Бат-Үүлийн Чулуудай
Сү.Батболд, Д.Цогтбаатар нар оффшор дансныхаа тухай мэдээлэл хийж байна
Сэтгэгдэл байхгүй байна