УИХ-ын сонгуулийн 57 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Лувсанвандангийн Болдын сонгуулийн штабаас өнөөдөр 17.00 цагт хэвлэлийн бага хурал хийлээ. Сонгуулийн санал хураалтын өдөр дөхөх тусам нэр дэвшигчдийн зүгээс хэн нэгэн рүү дайрах, гүтгэх, хууль бус сурталчилгаа хийх, нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарыг гэмтээх, устгах гэх мэт зөрчлүүд ихэсч байгаа. Харин Л.Болдын сонгуулийн штабаас хэвлэлийн бага хурал хийх болсон нь илүү ноцтой шалтгаантай гэж тэд онцолж байлаа. Тус тойрогт нэр дэвшигчийн сурталчилгааны материалыг гэмтээхээс гадна сонгогчдод мөнгө өгсөн үйлдэл гарсан байна. Тодруулбал 57 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Т.Доржхандын бие төлөөлөгч гэх Бат-Амгалан гэгч бүсгүй зургаадугаар сарын 22-ны өдөр тус хорооны иргэнд мөнгө өгч байгааг хорооны Засаг дарга үйлдэл дээр нь илчилж видео бичлэг хийн, цагдаагийн байгууллагад бүртгүүлэн, цагдаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Гэтэл ийн улаан цайм хууль зөрчин үйлдэл хийсэн тэд эргүүлэн Л.Болдын штабынхныг гүтгэх, үйлдлийг илчилсэн Засаг даргыг дарамтлах, гүтгэх үйлдлүүд гаргаж байгаа учраас аргагүйн эрхэнд хэвлэл мэдээллийнхэнд хандаж байна гэж штабынхан тайлбарлалаа.
Бат-Амгалан гэх бүсгүй өмнө нь мөн нэр дэвшигч Л.Болдын сурталчилгааны самбарыг хуулж, оронд нь өөрийн нэр дэвшигчийн зургийг нааж байхад нь бичлэг хийсэн. Дараа нь мөн хорооны иргэний гэрт очиж 200 мянган төгрөг өгснийг 5-р хорооны Засаг дарга Б.Батзаяа баримтжуулан гар утсаараа бичлэг хийжээ. Гэтэл үүнийг хорооны Засаг дарга сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байна гэж мушгин утсаар дарамтлах болж. Хорооны Засаг дарга Б.Батзаяа хэвлэлийн бага хуралд оролцсон бөгөөд ажил үүргийнхээ дагуу хууль зөрчсөн үйлдлийг баталгаажуулсан гээд Бат-Амгалан хэмээх бүсгүйн утсаар дарамталж буй бичлэгийг сэтгүүлчдэд сонсголоо. Тэр бичлэгт “Чи авсаа бэлтгээд байж байгаарай. Чамайг огцруулах хүмүүс надад байгаа” гэх мэтээр дарамталсан байх юм. Ингэж хууль зөрчсөн үйлдэл хийснийхээ төлөө дарамтанд өртлөө гэж Б.Батзаяа анхаарууллаа. Ийн хэргийг илчилсний төлөө мөн түүнийг бусдад мөнгө тараасан, хашаа будуулсан гэх хэрэгт унагаах зохиомол видео бичлэг тараагаад байна гэж мөн тэрээр мэдэгдлээ.
Ийнхүү мөнгө тараасан гэх Бат-Амгалангийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэн шалгаж байгаа бөгөөд энэхүү үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн, цаашилбал бие даан нэр дэвшигч Т.Доржхандыг эргүүлэн татах асуудлыг тавих ёстой гэж штабынхан мэдэгдлээ. Мөн энэ мэтчилэн хууль зөрчсөн үйлдлүүдийг өмнө нь мөн баталгаажуулан хуулийн байгууллагад мэдэгдсэн бөгөөд зөрчил гаргасан буруутай этгээдэд дөрвөн сая төгрөгийн торгууль ногдуулсан гэж Л.Болдын сонгуулийн штабын Ерөнхий менежер Ш.Сүхбаатар мэдэгдлээ.
Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд самбар гэмтээсэн, гүтгэн доромжилсон гэх хэргүүд гарч байсан ч бэлэн мөнгө тараасан үйлдлийг баримтаар баталгаажуулсан тохиолдол гарч байгаагүй юм. Бэлэн мөнгө тараасан тухай баримтыг гаргаж ирсэн тохиолдолд тухайн мөнгийг 10 дахин хэмжээгээр нэмэгдүүлсэн хариуцлага тооцох, тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасахаар хуульчлан заасан байдаг юм.
А.Ану
Сэтгэгдэл байхгүй байна