Хоёр улс нэг зовлон

2016/07/27

Франц, бас Герман. Үйл явдал, цаг хугацааны дарааллыг харсан ч дээрх газар нутгуудыг нэг зүйл холбоно. Энэ бол халдлага. Заримыг халдлага гэхээс илүүтэй хядлага, террор гэж үзэж болно. Евро бүсийн хамгийн нөлөө бүхий хамгийн зузаан халаастай гэгдэх Франц, Герман улсуудад зэвсэгт этгээдүүд халдав. Францын Ница хотод өнгөрөгч 14-ний өдөр 19 тонны ачааны тэргээр үндэснийх нь баяраар 84 хүнийг хороосон гэмт этгээд Исламын улстай холбоотой болох нь тогтоогдож, одоо ч хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсээр байна. Герман улсын Бавари муж болон өөр хэд, хэдэн хотуудад зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэв. Гол буруутан нь өнөөх  исламистууд.

 

Франц гурав дахиа “уйлав”

Францын зүүн өмнөд хэсэгт газар дундын тэнгисийн эрэгт орших Ница хот. Орон нутгийн цагаар 2015 оны 7-р сарын 14-ний  22:40 цаг. Францын үндэсний баяр гэгдэх Бастилийн өдрийг тэмдэглэж, ёслолын буудлага сонирхож байсан иргэд рүү 19 тонны даац бүхий ачааны машин жолоодсон этгээд хурдтайгаар дайрав.  Ердөө арваадхан минутын дотор тэнд цугласан 83 хүн амиа алдаж, 308 хүн шархадлаа.  “Чухам юу болоод байгааг ойлгох сөхөө байсангүй. Зүгээр л ачааны машин хар хурдаараа наашилж байгааг мэдэрсэн. Тиймээс машин доор орчихгүйг бодож, найз нөхдөө дагуулан урагш гүйсэн” гэж хэргийн газарт байсан гэрч Франц Пресс агентлагт ярилцлага өгч байв. Ердөө 300-аадхан метрийн дотор 400 хүн хохирсон нь дэлхий дахиныг цочирдуулсан юм. Хэргийн газарт 10 минутын дотор очсон цагдаа нар зэвсэглэсэн этгээдийг газар дээр нь устгажээ. Хэргийн эзнийг Мохамед Булел гэдэг байж. 31 настай тэрээр 2005 онд Тунисээс цагаачилж, Францад иржээ. Хэрэг явдал ийнхүү өрнөж, Франц улс тэвдэж байх хооронд төд удалгүй Исламын улс бүлэглэл буруугаа хүлээсэн юм.

Ница хотод гарсан энэхүү халдлага олон талаараа өмнөх халдлагуудтай нарийн сэжимээр холбогдоно. Хэргийн эзэн Исламын улс, хэрэг үйлдсэн араб иргэд, өшөө авах сэдэл цаг хугацааны хувьд зөрөөтэй ч хоорондоо ялгагдахгүй тийм хэргийг үүсгэсэн нь энэ.

Жич: 2015 оны нэгдүгээр сард Парис хотын төвд орших  “Шарли Эбдо” сэтгүүлийн байр руу дайрч 12 хүний аминд хүрсэн халдлагыг Алжираас гаралтай иргэд үйлдэж байсан бол мөн оных нь 11-р сарын 13-нд Парис хотод гарсан цуврал халдлагыг мөн л араб гаралтай иргэд үйлдсэн юм. 

 

Дараагийн бай нь Герман

 7-н жилийн туршид алан хядагчдын “овоо хараанд” өртөөгүй Герман улс хоёр дахь удаагаа бай боллоо. Гэхдээ хэд, хэдэн удаагийн дайралтанд шүү. Дээрх дайралтуудын сүүлийнх нь өчигдөр Бавари мужид болсон юм. Герман дээрх хэргүүдийн дараа аюулгүй байдлаа чангатгаж, батлан хамгаалах, алан хядах ажиллагаатай тэмцэх бодлогоо өөрчлөхөөр хэлэлцэж байна. Аюулгүй байдлаа анхаарч, батлан хамгаалах бодлогоо эргэн харахад хүргэсэн халдлагуудын эхлэл өнгөрөгч 18-ны өдөр тавигдсан юм.

- Долдугаар сарын 18-нд Вүерцбург хотын галт тэргэнд зорчиж явсан Афгани гаралтай өсвөр насны этгээд сүх, хутга зэргээр зэвсэглэн 5 хүн шархдуулав.

- Үүнээс ердөө дөрөв хоногийн дараа  Мюнхэн хотод 9 хүнийг буудаж хороосон  хэрэг гарлаа. Хэргийн эзэн нь Иран гаралтай Герман өсвөр насны хүү байсан юм.

- Долдугаарсарын 24-ны өдөр Войртлинген хотод Сирийн дүрвэгч этгээд гал нээж жирэмсэн эмэгтэйг хороон, 5 хүнийг шархдуулав.

- Долдугаар сарын 25 –нд Бавари мужийн Ансбах хотод 27 настай Сирийн дүрвэгч бөмбөг дэлбэлж 15 хүнийг шархдуулжээ.

Өнгөрсөн долоон жилийн хугацаанд харьцангуй тайван байсан Герман улсад гарсан халдлагуудыг ихэнх шинжээчид Германы бодлоготой холбон тайлбарлаж байгаа бол эрх баригчид үүнийг Исламын улс тэргүүтэй хэт даврах үзэл бүхий этгээдтэй холбон тайлбарлаж байна.

Жич: 7-р сарын 25-ны өдөр Бавари мужийн Ансбах хотод болсон халдлага нь Норвегид үйлдсэн халдлагын 5 жилийн ойд зориулсан болохыг тогтоожээ. 2011 оны 7-р сарын 22-нд Норвегийн Осло болон Утояа хотуудад Андрес Брейвик гэгч халдлага үйлдэж 77 хүний амийг хороосон юм.

 

Халдлага үйлдэгчид  хэн байв?

Дэлхийн томоохон агентлагууд тэр дундаа Франц Пресс, BBC агентлагууд яг энэ сэдвийг хөндөж байна. Францын Ница хотод гарсан халдлагыг үйлдэгч Мохамед Бузели нь түргэн зантай, хормын дотор түргэн уурлаж, дараа нь хийсэн хэргээ мэддэггүй байсан гэж цагдаагийн газарт өгсөн ар гэрийхэнийх нь мэдүүлэг баталдаг. Үүнээс өмнө Шарли Эбдо сэтгүүлийн редакцид халдсан Саид болон Шэриф Куачи нарыг ч түргэн ууртай, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж чаддаггүй, харгис гэж дүгнэж байсан удаатай.
            Германд ар, араасаа гарсан халдлагуудыг мөн адил түргэн зантай, харгис хэрцгий этгээдүүд үйлдсэн гэдгийг тус улсын дотоод хэргийн яамнаас мэдээлж байна. Гэхдээ дээрх гэмт этгээдүүд бүгд 17-21 насны залуус байсан юм. Ансбах хотод гарсан халдлагыг үйлдсэн Сонболи гэгч сэтгэцийн хямралтай бөгөөд хэд, хэдэн удаа эмчилгээнд хамрагдаж байжээ.

 

Исламын улс ганцаараа биш

Германд гарсан халдлага, өөр бусад халдлагуудыг харсан ч дээрх хэргийг Исламын улс дангаараа үйлдээгүй болохыг харж болно. Тухайлбал Германд гарсан халдлагуудыг олон янзын бүлэглэлийн хүмүүс үйлдсэн гэдгийг Германы дотоод хэргийн яамнаас мэдээлжээ. Тухайлбал Вүецрбэрг болон Войртлинген хотод гарсан халдлагыг үйлдэгчид ямар нэгэн бүлэглэлд хамааралтай эсэхийг тогтоогоогүй юм. Ансбах хотод гарсан халдлагыг үйлдсэн Сонболи нь Исламын улсын гишүүн, Исламын улс үйлдсэн гэдгийг хараахан тогтоогоогүй байна.

Францад сүүлийн хоёр халдлагыг Исламын улс бүлэглэл албан ёсоор хүлээсэн бол “Шарли Эбдо” сэтгүүлийн байранд халдсан ах дүүсийг “Аль-Кайда” хөдөлгөөний гишүүн байсныг нь албан ёсоор тогтоосон билээ. Исламын Улс бүлэглэлийг сүр хүчээ мэдрүүлж, айдаст автуулахын тулд холбоогүй халдлагуудыг ч өөрийн хийсэн үйлдэл хэмээн олон нийтэд мэдээлдэг гэж дүгнэх судлаачид ч бий. Аль нь ч байсан террор гэгч зөвхөн Исламын Улс биш болох нь ойлгомжтой.

 

Бодлого тогтоогчид алдчихав  уу?

Франц болон Германд гарсан халдлагуудыг харвал ингэж хэлэх үндэс бий. 2012 оноос Франц-Германы түншлэлийг шинэ шатанд гаргах талаар хоёр тал хэлэлцэж улмаар 2013 онд хоёр тал түншлэлийн гэрээг баталсан юм. Уг гэрээнд тусгаснаар Франц-Германы түншлэлийг хариуцсан шинэ агентлаг бий болгож, уг агентлагт санхүү, эдийн засаг, батлан хамгаалах асуудлыг хариуцуулан бие даасан дарга нарын газрыг тусд нь байгуулахыг заасан байдаг. Хоёр талын түншлэл шинэ шатанд гарсанаас төд удалгүй буурал тивийг цагаачлалын хямрал түгшээх болов. Цагаачдын асуудлаар Франц, Герман хоёр улс иргэний ардчилсан байр суурьнаас хандана гэдгээ илэрхийлсэн ч, тусгай квотын дагуу хил нэвтрүүлнэ гэдгээ мэдэгдэж, өдгөө ч тусгай квотын дагуу авсаар байна.

Салхи хаашаа чиглэв

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нь зүүний үзэл баримтлалтай Социалист намыг 1997-2008 онд тэргүүлж, тус намын хамгийн хүчтэй лидер хэмээгдэж байсан юм. Францын Социалист намын түүхэнд хамгийн удаан буюу 11 жил даргын суудалд заларсан эрхэм бол тэр. Нэг ёсондоо улаан социалист гэж нэрлэж болно. Тиймээс ч түүний нийгмийн халамжийн болон гадаад харилцааны бодлогыг “социалист” гэж дүгнэх шинжээчид олон. Ф.Олланд эх орноо батлан хамгаалахын тулд зарцуулах төсөвт хөрөнгөө нэмэгдүүлж, алан хядах ажиллагаатай тууштай тэмцэж, иргэний дайны нөхцөл байдалд байгаа хойд африкийн орнуудад цэргийн тусламж үзүүлэх тухай мэдэгдлээ Элисейн ордноос хийж байлаа.

ХБНГУ-ын канцлер Ангела Меркел нь баруун төвийн үзэл баримтлалтай Христийн ардчилсан намын хүчтэй лидерүүдийн нэг. Тэрээр 2000 оноос хойш одоог хүртэл тус намыг тэргүүлж байна. Баруун Германд төрсөн ч Зүүн Германд өсч хүмүүжин боловсрол эзэмшсэн тэрээр Зүүн Германыг олон намын тогтолцоотой болгож, сонгогдсон цорын ганц удирдагч юм.  Хоёр Германыг нэгтгэх үйл явцад түүний оруулсан хувь нэмэр их гэж судлаачид үздэг.  Германы канцлер болсоноосоо хойш Франц-Германы түншлэлийг шинэ шатанд гаргах чиглэл өгч, Европын холбооны цагаачлалын асуудлыг эдийн засагч судалгааны үндсэн дээр тэгшитгэх журмаар 2,6 сая араб үндэстнийг Европын холбоонд элсүүлэх санаачилга гаргаж байсан удаатай.

Төгсгөлийн оронд

Үзэл баримтлал болон намын дотоодод гүйцэтгэх үүрэг, баримтлах бодлого зэргээрээ ихээхэн ойролцоо Олланд, Меркел хоёр нэг шалтгаантайгаар шаналж байна. Энэ бол удаа дараалан гарсан халдлага. Хоёр улс 2012 оноос хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх шинэ бодлого баримталж, ирэх жилүүдэд улам шинэ шатанд гаргахаар ажиллаж байна. Европын холбоо алан хядах ажиллагаатай тууштай тэмцэж, шинэ бодлого боловсруулахаар боллоо. Хоёр улсын түншлэл болоод баримтлах бодлогын өмнө олон саад бэрхшээл тулж ирсээр байна. Шалгуур, бэрхшээлийг хэрхэн давахаас Евро бүсийн ирээдүй шалтгаална.

Б.Болорсүх

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    TENEGUUD ODOO YAY GEHEV EVII EVII GEED BAISAN NOGOO MUSULMANUUD NI ODOO HOOLOIG NI HERCHEWED SUUH BOLJDEE
    2016 оны 07 сарын 28
  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 07 сарын 27
  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 07 сарын 27
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 07 сарын 27
Сонин хачин