Infomongol.mn цахим хуудсын баг мэдээгээ бичиж, сурвалжлаганд явахаас гадна “идэмхий хүмүүс”. “Идэмхий” учир Улаанбаатар хотод байгуулагдсан шинэ кофе шоп, зоогийн газар гээд олон газраар орж амталгаа хийдэг.
Сүүлийн үед олны идэх дуртай, бас ч гэж цахим хуудаснуудаар од болсон чийзкейкны амталгааг бид тогтмол хийдэг ч яг жорынхоо дагуу хийгддэг нь үгүй.
Чийзкейк анх эртний Грекээс үүссэн гэж эрдэмтэд үздэг байна. Түүхчид манай эриний өмнөх 776-р онд болсон Олимпийн анхны тоглолтын үеэр тамирчдад чийзкейкийг өргөн барьсан гэдэг бөгөөд Ромчууд чийзкейкийг Европод танилцуулж олон зуун жилийн энэ амттаныг цагаачид АНУ-д аваачиж нэрд гаргасан ажээ.
Тиймээс энэ удаад бид өөрсдийн тогтмол хийж иддэг чийзкейкны жорыг хуваалцаж байна.
Ингээд Нью Йорк чийзкейк
Орц:
Гурилан суурь:
200 грамм бүхэл үрийн гурилаар хийсэн жигнэмэг (бор гурилан буюу элдэв нэмэлтгүй тээрэмдсэн буудайн)
50 грамм цагаан элсэн чихэр
114 грамм давсгүй цөцгийн тос, хайлуулсан (тослог өндөртэй байх ёстой буюу 82%-иас доошгүй)
Шанз:
900 грамм cream cheese буюу цөцгийтэй бяслаг, өрөөний температуртай байх (тослог өндөртэй байх. Хамгийн тохиромжтой нь Philadelphia cream cheese)
200 грамм цагаан элсэн чихэр
35 грамм гурил (дээд, шигшсэн)
5 ширхэг том өндөр (өрөөний температуртай)
80 мл тослог өндөртэй өтгөн зөөхий буюу whipping cream
1 цайны халбага нимбэгний хальс (нимбэгний хальсыг нарийхан үрүүлээр үрж ашиглах эсвэл бэлэн ууттайг ашиглаж болно)
1 цайны халбага ванилийн цэвэр охь (pure vanilla extract)
Дээд тал:
240 мл зөөхий (тослог өндөртэй)
30 грамм цагаан элсэн чихэр
½ цайны халбага ванилийн цэвэр охь
Шаардлагатай хэрэгсэл:
- 23 см диаметртэй дугуй жигнэх сав
- Цахилгаан миксер
- 3 түмпэн (нэг том – 5 л багтаамжтай, хоёр жижиг – 1 литр орчим)
Хийх дараалал:
23 см диаметртэй жигнэх саваа тослоно. Чийзкейкийг жигнэх явцад урсах магадлалтай тул листэн дээр жигнэвэл зүгээр. Жигнэх зуухаа 177C хүртэл халаана.
Гурилан суурь: жигнэмгээ үйрүүлээд дээр нь элсэн чихэр, хайлуулсан цөцгийн тосоо хийж холино. Үртсэн зуурмагаа жигнэх дугуй савныхаа ёроол болон хажуу хэсгээр тавьж сайн нягтруулж өгнө. Гялгар уутаар ороогоод хөргөгчиндөө хийнэ.
Шанз: түмпэндээ цөцгийтэй бяслагаа хийж цахилгаан миксерээрээ хоёр минут орчим хутгана. Дээр нь элсэн чихэр, гурилаа нэмээд 30 секунд орчим хутгана. Хутгах явцдаа түмпэнгийн захад наалдсан хэсгийг хусаарай. Зуурмаг дээрээ өндгөө нэг нэгээр нь хийх ба нэг өндөг хийгээд 30 орчим секунд хутгана.
Өндгөө хийж дуусаад өтгөн зөөхий, нимбэгний хальсны үртэс, ванилийн охио нэмж зуурмагийг нийлтэл нь хутгана.
Хөргөгчнөөс гурилан сууриа гаргаж ирээд шанзаа хийнэ.
Шанзаа хийж тэгшилсний дараа жигнэх шүүгээндээ хийнэ.
15 минут жигнээд жигнэх зуухныхаа температурыг 120C болгож буулгаад 60-90 минут жигнэнэ. Айл бүрийн жигнэх зуух ялгаатай учир нэг цаг буюу 60 минутын дараа гаргаж ирээд бялууныхаа гол хэсгийг дарж үзээрэй. Зөвхөн гол хэсэг нь бага зэрэг цэлцэгнэж байх ёстой.
Жич: гэрийн жигнэх зуух маань Мечта учир би 75 минут буюу нэг цаг 15 минут жигнэдэг.
Болсон байвал жигнэх зуухнаас гаргаж ирнэ.
Жижиг саванд зөөхий, элсэн чихэр, ванилийн охио нийлүүлж бялууныхаа дээд талыг хутгана. Болсон зуурмагаа бялууныхаа дээр асгаж жигд тарааж өгнө. Бялуугаа буцаагаад жигнэх зуухандаа хийж 15-20 минут орчим жигнэнэ.
Жигнэж дуусаад гаргаж ирээд бялууныхаа захыг савнаас нь салгаж өгөөрэй. Салгахгүй бол хөрөх явцдаа бялуу чинь хагарна.
Видеог дараахь холбоосоор үзэж болно: http://www.joyofbaking.com/Cheesecake.html
За амжилт хүсье!
Сэтгэгдэл байхгүй байна