Рио-де-Жанейро хотноо болсон зуны 31 дэх олимпод оролцсон Казакстан улсын тамирчид өнгөрсөн шөнө /2016.08.14/ Алматы хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Тус улсын баг тамирчид жүдо бөхийн төрлөөр мөнгө, хүрэл медаль хүртсэн юм. Казакстан улсын баг тамирчдын медалийн салхийг хагалж, Монголын легионер Г.Отгонцэцэг жүдо бөхийн хүрэл медаль хүртсэн. Тэрээр Монголын жүдо бөхийн холбоо, Казакстаны жүдо бөхийн холбооны 2015 онд хийсэн гэрээний дагуу ийнхүү Казакстан улсын нэрийн өмнөөс зодоглосон билээ. Хэдийгээр өөр улсын нэрийн өмнөөс зодоглосон ч монголчууд Г.Отгонцэцэгийн олимпийн дэвжээнээс медаль хүртсэнд баяр хүргэн дэмжиж буй.
Казакстанчууд ч Г.Отгонцэцэгийг баатрын ёсоор угтан авсан байна. Алматыгийн олон улсын нисэх онгоцны буудалд Казакстанчууд цуглаж, олимпийн медальтангууддаа баяр хүргэсэн байна.
Энэ үеэр Г.Отгонцэцэг "Бидэнд тусалж, дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа. Медаль авсандаа маш их баяртай байна. Би хичээсэн. Дахин баярлалаа" хэмээн талархлын үгээ казахаар хэлжээ.
Сэтгэгдэл байхгүй байна