• Эхлэл
  • Х.Тэмүүжин:Өөрийн гэсэн тархигүй хүмүүс өрөөлийн гар хөл болдог

Х.Тэмүүжин:Өөрийн гэсэн тархигүй хүмүүс өрөөлийн гар хөл болдог

2016/09/08

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн ярилцлагыг хүргэж байна.

 

-Хуулийн салбарт хийгдсэн шинэчлэлийн гол хуулиудыг УИХ буцаачихлаа. Заримынх нь хэрэгжих хугацааг нь хойшлууллаа, заримд нь өөрчлөлт оруулна гэж ярьж байна. Хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдээгүй, дагалдах хуулиуд нь гараагүй гэж ярьж байна. Энэ хэлээд байгаа шалтгаан хэр үндэслэлтэй вэ?

-Хуулийн салбарын шинэчлэл, тэр дундаа эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн амин сүнс болсон Үндсэн дөрвөн хууль байгаа. Материаллаг гэгддэг Эрүү, Зөрчлийн хууль, процессийн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиуулах ажиллагааны тухай хууль. Эрүү, Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг ирэх оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулчихлаа. Процессийн хуулиудыг нь Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, Прокурорын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай цуг хууль зөрчөөд буцаачихлаа гэж байх шиг байна.

-Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдаагүй гэж байна. Хууль батлагдаад есөн сар өнгөрчихсөн байна. Энэ хугацаанд Засгийн газар хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг огт хийгээгүй гэсэн үг үү?

-Асуудал хоёр янзаар тавигдах байх. Засгийн газар батлагдсан хуулийг хэрэгжүүлэх, олон нийтэд таниулах, хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангахаар ажиллах ёстой. Энэ ажлыг хэрэгжүүлэх үүрэг бүхий яам яаж ажиллаж байсан бэ гэдэг асуудал нэгд яригдах байх. Хоёрдугаарт үнэхээр Эрүү, Зөрчлийн хуулиудыг амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд процессийн хууль зайлшгүй шаардлагатай. Процессийн хуульгүйгээр энэ хоёр хууль хэрэгжихгүй. Тиймээс Эрүү, Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг хангахын тулд процессийн хуулиудаа гаргах гэж УИХ энэ хаваржингаа л юм болсон. Харамсалтай нь хуулиудыг баталсан боловч баталсны дараа хийгддэг техник ажил болох эцсийн найруулга сонсоогүйг шинэ УИХ далимдуулж байх шиг байна. Үүн дээр АН, тэр дундаа өмнөх парламент хариуцлагагүй хандсан гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Батласан таван хуулийнхаа эцсийн найруулгыг нь сонсоод, ёсчилчих л байсан юм. Гэтэл тэгэхгүйгээр чуулган хаасан нь шалтаг болж байна. Шалтгаан гэхээсээ илүү шалтаг л юм даа.

Гэхдээ нэг асуудал бий. УИХ дээр хуулийг батлахдаа 1 хэлэлцэх эсэх, 2 анхны хэлэлцүүлэг, 3 эцсийн хэлэлцүүлэг, 4 хуулийг бүхэлд нь батлах гэж нийт дөрвөн удаа санал хурааж баталдаг. Батлагдсаны дараа эцсийн найруулга нь ямар нэг санал хураалт явуулахгүй, зөвхөн үг үсэг, найруулгын засвар хийж сонсдог. Энэ техникийн шинжтэй ажил хийгдээгүй байгааг хууль батлагдсан, батлагдаагүй гэж хэлж болохгүй. Парламент шийдвэрээ санал хураалтаар гаргадаг байгууллага.Хуулийг бүхэлд нь батлах санал хураалт хийгдсэн бол хууль батлагдсан гэсэн үг. Эцсийн найрууллага сонсох бол хууль хэвлэх, ёсчлох процесын эхлэл. Харамсалтай нь МАН-д ямар хуульчид зөвлөснийг бүү мэд. Үндсэн хуулийн бус, хуулийн практик үүсгэж, хууль тогтоох үйл ажиллагаанд байж боломгүй алдаа хийлээ. Хуулийг бүхэлд нь батлах санал хураалтаас өмнө хууль хэлэлцэх аль ч үед хуулийн төслийг буцаах эрх УИХ-д бий. Харин санал хураалт дууссан, батлагдсан хуулийг нэг бол үйлчлэх хугацааг нь хойшлуулах, эсвэл хуулийг хүчингүй болгох тухай тусдаа хуулиудын төсөл өргөн барьж хэлэлцэх ёстой. Тийм зүйлгүйгээр буцаачихлаа. Батлагдсан хуулийг тогтоолоор буцаачихлаа шүү дээ. Хуулийг төсөл санаачлагчид нь буцаах процесс аль хэдийн өнгөрчихсөн, эцсийн санал хураалт явчихсан байхад “Хуулийг буцаалаа” гэж тогтоол гаргаж байгаа нь хуулийн ноцтой зөрчил үүсгэж байгаа юм.

-Хаврын чуулганаар процессийн гэж байгаа энэ хуулиудын эцсийн найруулгыг сонсох хугацаа бол байсан шүү дээ?

-Том хуулиуд учраас үг үсэг, техникийн алдаа байна уу гэдэг дээр УИХ-ын Тамгын газар, ажлын хэсгийнхэн нэлээд сайн ажиллаж, хоёр долоо хоногийн хугацаа авсан. Түүний дараа эцсийн найруулга сонсох чуулган хуралдах гэтэл МАХН-ын сайд нарыг огцруулах асуудал үүсч, түүнээс болоод УИХ-ын дарга чуулганыг гэнэт хаасан. Чуулган хааснаас болоод хуулиудын эцсийн найруулгыг сонсох ажлыг хийж чадаагүй.

-Тэгвэл дараагийн парламент нь энэ ажлыг хийх ёстой байсан юм биш үү?

-Дараагийн парламент техникийн шинжтэй энэ ажлыг хийгээд, хэрвээ хууль хэрэгжих хугацааг хойшлуулья гэж байгаа бол Эрүү, Зөрчлийн хуулийг хойшлуулж байгаатайгаа адил жишгээр хуулийн төсөл өргөн барих ёстой байсан. Эсвэл хууль хүчингүй болгох тухай хуулийн төсөл өргөн барих ёстой. Түүнээс биш УИХ-ын баталсан хуулийг тогтоолоор буцааж болохгүй.

-Хууль батлагдаж байх үед аль нам олонхи байсан, сонгуулийн дараа аль нам эрх авсан гэдгээс шалтгаалахгүйгээр хийгдэх ёстой процесс байсан юм байна, тийм үү?

-Тийм ээ. Хууль тогтоох байгууллагын хэвийн үйл ажиллагаа тасалдалгүй явах ёстой. Бодлогын зөрүү байна гэж үзэж байгаа бол тусдаа хуулийн төслүүд боловсруулаад хууль ёсны процесын дагуу шийдэх ёстой. Гэтэл ийм мухар аргаар хуулийн зөрчил үүсгэж, Үндсэн хуулийн бус гэж хэлж болох хэлбэрийг сонгоод хүчээр шийдчихлээ. Буцаасан гээд байгаа хуулиудын агуулгад юу байгаа вэ гэдгийг энэ УИХ бодох ёстой.

Энэ зуны сүүлээр Монгол Улс НҮБ-д очиж, НҮБ-ын зөвлөмжийг хэрхэн биелүүлсэн талаараа тайлан тавьсан. Гэтэл бодит байдал дээр тэр шийдсэн гэх бүх асуудлаа сая нураачихлаа. Эрүүдэн шүүх болон процессийн шударга бус байдлыг халах, хуульгүйгээр хүнийг эрхийг хязгаарладаг, хорьж мөрддөг, хүнийг байнга хэлсдүүлж, хэлмэгдүүлэх бололцоотой Вешынскийн нотлох онолыг Монгол Улс өөрчилсөн. Энэ өөрчлөлтүүдээ бүгдийг нь нулимчихлаа. Сэдэв, агуулга болгон дээр яривал маш олон асуудал бий. Зарим хүмүүс зөвхөн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэсгийг яриад байна. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхээс гадна маш олон дэвшилттэй зохицуулалтууд шинэ хуульд байсан.

Яг үнэндээ Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль дангаараа амьдрал дээр хэрэгжих бололцоогүй. Нэг талдаа Тахарын алба гэх гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо ажиллаж, нөгөө талдаа Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд заасан хариуцлагын тогтолцоо, гуравдугаарт эрүүгийн болон зөрчлийн хэрэг маргааныг хэрхэн яаж шийдвэрлэх, таагүй үр дагавараас яаж сэргийлэх, зөрчигдсан эрхийг ямар арга замаар сэргээх, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ, хууль сахиулах ажиллагаанууд хэрхэн уялдах гээд цогц шийдэл байсан.    

-Тэгвэл энэ хуулиудыг ингэж буцаахад хүрсэн шалтгаан нь юу юм бол?

-Хоёр нөхцлийг харж байна. Нэгдүгээрт, Хууль зүйн яаман дээр мэргэжлийн бус сайд байгаа. Энэ хүнд хуулийн салбарын түүхэн болон одоо, ирээдүйг яаж харах вэ гэдэг дүр зураг огт алга. Бусдын амаар явж байгаа толгойгүй хүн юу чухал, юу чухал бус вэ гэдгийг мэдэхгүйгээр салбарт урагшилсан бүх бодлогыг алдаж байна. Хоёрдугаарт МАН 65 суудалтай, том ялалттай байгаа учраас салбарын мэргэжилтнүүд ажлын байраа алдахаас айж бүгдээрээ болгоомжилсон, дуугаа хурааж аялдан дагалдсан байдалтай байх шиг байна.

-Гэхдээ хуулиудыг буцаах энэ үйл явц бараг сонгуулийн өмнө эхэлчихсэн юм биш үү? Улсын ерөнхий прокурор одоо хэн байгаа вэ?

-Энх-Амгалан байгаа.

-Сонгуулийн өмнө Ц.Нямдорж гишүүн энэ хүн дээр ороод “Сонгуулийн дараа манай нам засаг аваад бүгдийг буцаах учраас Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хийх шаардлагагүй” гэдэг аман даалгавар өгсөн тухай сонсож л байсан юм байна?

-Ц.Нямдорж гэдэг хүний туйлын зорилго нь 2002 онд хийсэн хуучин хуулиа хэвээр нь авч үлдэх, урагшаа алхаж байгаа бүх ажлыг улдаж эсэргүүцэх явдал шүү дээ.

-Ингэхэд ч гэсэн тодорхой шалтгаан, зорилго байдаг байлгүй. Яах гэж?  

-Тэрийг бол мэдэхгүй. Хэтэрхий хуучинсаг, шоронжсон, хүнийг хорьж мөрдөж байж өөрөөр нь гэмт хэрэг хүлээлгэдэг, хэрэг нотолсон болдог, тэгж нотлохын тулд гэр бүл, ойр тойрных нь бүх хүнийг айлгаж сүрдүүлдэг, хувь хүний орон зай байхгүй болтол нь мөрдөж хавчдаг Вешинскийн нотлох онолоос салж чадахгүй байгаа хүний сэтгэлгээний хайрцаг л шүү дээ. Хувь хүн нь сайн хүн байж болно. Гэхдээ хоцрогдсон бодол, үзэл бол ямар ч хүнийг цаг үеэс нь хойш нь чирдэг. Хууль зүйн сайд нь шинэ үеийн төлөөлөл гэж байгаа залуу хүн гарсан ч гэлээ толгой нь хоосон байгаад салбарын туршлага, мэдлэггүй бол хэн улс төрд хүчтэй байна, хэн өөрийг нь энэ сандал дээр удаан суулгаж чадах байна, тэр хүний үгээр л явна л даа.

-МАН-д Ц.Нямдоржоос өөр энэ салбарын тухай ярьдаг хүн байдаг юм уу?

-Энэ бол тэр намын асуудал. Ирж яваа цагийн дууг харьж яваа цагийн хүн дуулдаггүй гэдэг. Салбарын мэдлэг, туршлагагүй, тэр салбартаа бодлого тодорхойлох түвшинд очоогүй хүнийг салбарын сайдаар тавьчихаар ирж яваа цагийн дууг биш, харьж яваа цагийн дууг хэн нэгний өмнөөс дуулдаг хүүхэлдэй болоод л явж байна. ХЗЯ-ны харьяа агентлагуудын дарга нарын томилгоог хар. Сайдад нь ямар ч эрх мэдэл алга, Засгийн газарт нь ч эрх мэдэл алга. Ц.Нямдорж гэдэг хүн яг 2000 оны эхэн үеийн өөрийнхөө багийг бүх агентлагууд дээр аваачиж тавьж байна. Түүнээс хойш 16 жилийн турш алдаа, оноо, өөрчлөлт шинэчлэлтийн процест оролцсон бүх хүмүүс “Хуулийн салбар энэ түвшинд байна, тэр нь болохгүй байна, ийшээ явах ёстой юм байна” гээд алхсан бүх ололтыг буцаагаад 16 жилийн өмнөх рүү нь шидэж орхилоо. Нөгөө талаас мэдээж энэ бол сонгуулийн үр дүн байх.

-АН-ын үед ч бас алдаа, оноо байсан. Фракциудын зөрчил энэ тэр гээд салбарын бодлогыг нааш цааш чангаадаг юм байсан л байх. Гэтэл өнөөдөр хэсэг бүлэг ч биш, нэг хоёр хүнээс шалтгаалсан бүхэл бүтэн салбарын уналт бууралт явж байна гэдэг илүү эмгэнэлтэй биш үү?

-Надаас өөр хууль мэддэг хүн байхгүй гэдэг харалган, түрэмгий бодлыг нь хүлээн зөвшөөрөх хэмжээний 65 суудал байна гэдэг чинь хэнийг ч хаан болох үүд хаалгыг нээнэ л дээ. Одоо бол тав бүү хэл арван гишүүн үг дуугараад юм болохгүй дээ. Энэ бол шийдвэр гаргах алхам илүү харалган, илүү чихгүй болох нөхцөл юм. Хоёрдугаарт бидний, манай намын алдаа ч бас байгаа. Хуулийн салбарын шинэчлэлд улс төрийн тогтвортой байдал маш чухал. Гэтэл АН засгаа унагаж савлуулснаас болоод жил хагасыг алдсан. Эрүү, Зөрчлийн хууль болон Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиудыг бид жил хагасын өмнө батлаад, 2015 оны арванхоёрдугаар сараас мөрдүүлээд, одоо хэрэгжилт нь хангагдаад есөн сар болчих байсан боломжийг алдсан. Нэг нь сайд болж тоглоод, сайд болсон учраас гэж бүх хуулиудыг буцааж татаад, хэдэн эрх мэдэлд дуртай хурандаа нарынхаа үгээр нааш цаашаа бөөн юм болгож байснаа сүүлд нь “Аа, энэ нь зөв юм байна” гээд буцаагаад анх өргөн барьсан хувилбараар нь өргөн бариад. Энэ хооронд жил зургаан сар өнгөрсөн. Өргөн барьсан хуулиудаа УИХ-аар батлуулах гэж бөөн юм болж, арай гэж батлахад тавдугаар сар луу ороод сонгуультай залгасан. Хэрвээ тэр процесс болоогүй байсан бол энэ хуулиуд аль эрт хэрэгжээд эхэлчих байсан юм. Сургалтуудаа зохион байгуулаад, хуулийн салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүд нь шинэ мэдлэг, хандлага, зарчим, арга барилд суралцаад, бүх араа, эрэг шураг нь таарчихсан цаг шиг систем өөрөө ажиллаад есөн сар болчих байлаа. Энэ боломжийг бид алдсан.

-АН алдаа гаргасан, МАН түүнийг нь ашигласан. Одоо тэгээд хэн нь хэнийгээ хэлэх вэ гээд барьцаад суугаад байх уу?

-Үүнд АН байна уу, МАН байх нь хамаагүй. Энэ бол аль нэг намын асуудал биш. Хууль хүний эрхийг үгүйсгэдэггүй, эрүүдэн шүүдэггүй, хилсээр хэрэгт оруулж хэлмэгдүүлдэггүй, хуулийн нэрээр эрх мэдэлтнүүд бусдыг тонон дээрэмддэггүй байх нь Монгол Улсын гурван сая иргэний асуудал. Танайд ийм асуудал байна, энэ асуудлаа шийд ээ гэдэг зөвлөмжийг НҮБ бидэнд өгсөн. Шийднэ гэж бид амласан, шийдэж яваа гээд тайлагначихсан. Тогоон дотроо хэн нь том, хэн нь мундаг, хэн эрх барьж байгаа, аль намын бодлого вэ гэхээсээ илүү олон улсын түвшинд Монгол Улсын нэр хүнд төдийгүй энэ улсад төрж иргэн нь болоод амьдарч буй хүн бүрийн асуудал. Үүгээр Монгол Улс хүний эрх болон шударга ёсны асуудлаа шийдэж чадаж байна уу гэдгийг тодорхойлно.

-УИХ-ын 26-р тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьчихлаа. УИХ яах бол?

-Зөв ш дээ. Энэ хуулиудгүйгээр хуулийн салбарт мөн чанарын өөрчлөлт гарахгүй. Үүнийг сайн мэдэж байгаа хүмүүс зүгээр харж суугаад хөгжил, дэвшлээс ухрахгүй байлгүй дээ.

БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭЭ ТАРВАГА ШИГ ХОШГОРУУЛЖ БАЙГААД БУУДАХ НЬ Л ДЭЭ

-Өнгөрсөн сарын сүүлээр Засгийн газар төсвийн хуулиудад өөрчлөлт оруулах саналаа УИХ-д оруулж ирсэн. УИХ дахь АН-ын бүлэг жишээ нь төрийн албан хаагчдын цалин яриад л манараад байна. Яс юман дээр засаг барьж байгаа нам, ажил олгож байгаа Засгийн газар ажиллуулж байгаа хүмүүстээ хэдэн төгрөгийн цалин өгөх нь ямар хамаатайв. Харин энэ хуулийн салбар, хүний эрх, шударга ёсны асуудал дээрээ жинхэнэ улдаж зогсох ёстой юм биш үү?

-Асуудлыг том зургаар нь харах, цогц хэмжээний бодлогууд төлөвлөх чадавхи энэ 26 жилийн дотор улс төрийн инститүцүүдэд суух ёстой биз дээ. Тэгэхгүй гал унтраах байдлаар асуудлыг намжаагаад яваад байж болохгүй. Сонгуулийн дараа МАН “Мэргэжлийн Засгийн газар байгуулна” гэсэн, чадсангүй. Хэн илүү мөнгө төлсөн, хэн илүү төлөх чадвартай вэ гэдэг тооцоогоор л Засгийн газар нь байгуулагдлаа. Зөвхөн мөнгөөр зодож сандал ширээ авсан хүмүүс улс орны хөгжлийн бодлого дээр юу ярьж чадах юм бэ. Төрийн албан хаагчдын цалинг хасах, хасахгүй тухай асуудал бол 4-5 дахь асуудал. Өөртөө ажиллуулж байгаа хүмүүстээ хэр хэмжээний цалин өгч, ямар сэтгэлээр ажиллуулах вэ гэдэг эрх баригчдын л мэдэх хэрэг. Энэ нь эргээд төрийн үйлчилгээ, төрийн чанар ямар байх вэ гэдгийг тогтооно. Зохистой төлбөр, шударга урамшуулалгүйгээр хүнийг ажиллуулах гэж оролцдох нь хулгайг өөгшүүлдэг гэх үг бий.

Үүнээс илүү том асуудал бол ЗГ-ын гаргасан татвар нэмэх санаачлага. Татвар нэмэх байдлаар баялаг бүтээгчид, иргэдийн халаас руу орж байгаа бол хуулийн салбарын шинэтгэлийг унагаасантай адил урхагтай зүйл. Надад нэг эмзэглэл төрсөн. Өнгөрсөн дөрвөн жил МАН манай намыг “Баялыг бүтээгчдэд таагүй орчин бий болгосон” гэж хамгийн их шүүмжилсэн. Баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид, иргэдийн энэ таагүй байдал юунаас үүдэлтэй вэ гэхээр нэгдүгээрт төрийн ойлгомжгүй дүрэм журам, тодорхойгүй үйл ажиллагаанаас болж иргэд авилга, хүнд сурталтай тулж байгаа юм байна гэдэг дүгнэлт байсан. Хоёрдугаарт хуулийн байгууллагын нэр, нөлөө бүхий зарим албан тушаалтнууд хувийн ашиг хонжоогоор хуулийг ашигладаг, хуулийн нэрээр иргэдийг айлган сүрдүүлж, өмч хөрөнгө, бизнесийг нь булааж авдаг гэх үзэгдэл. Энэ хоёрыг шийдэх ёстой байсан. Шийдэхийн тулд нэгдүгээрт төрийн захиргааны байгууллагуудын дур зоргыг хязгаарлах зорилгоор Захиргааны ерөнхий ерөнхий хуулийг гаргасан. Дээр нь эдийн засгийг дэмжих зорилгоор Ил тод байдлын тухай хуулийг гаргах замаар бүртгэлийг сайжруулж, хууль ёсны болгоё. Үүний ард хуулийн нэрээр тонож дээрэмдээд байгаа нөхдийг ажилгүй болгохын тулд Татварын болон Эдийн засгийн өршөөлийн хууль гаргая гээд энэ гурван бодлогыг цогцоор нь шийдсэн. Үүний дараа иргэд өмч хөрөнгөө шинэ бүртгэлд оруулаад, аж ахуй нэгжүүд ашиг орлогоо ил болгоод ирэнгүүт МАН араас нь “Татвар нэмнэ ээ” гэж байна. Ил тод болгосон дээр нь өндөр татвараар дампууруулах бодлого явж байна шүү дээ.

-Үүнийг тэгээд тэнэглэл гэх үү, эсвэл зориуд хорлоод байгаа юм уу?

-Төрийн залгамж чанар байхгүй, асуудлыг том дүр зургаар нь харж чаддаггүйн л гай. Баялаг бүтээгчдээ тарвага шиг хошгоруулж, “өршөөж байна, ил тод болгож байна, татвар бага байлгана, бизнесийн орчин таатай болгоно” гэж хошгоруулж байгаад ил болонгуут нь татвар нэмэх байдлаар хагалж идэх гэж байгаа юм болов уу даа.

-Ил тод байдлын тухай хуулийг тухайн үед МАН-ын бүлэг дэмжиж байсан уу?

-Дэмжсэн. Ил тод байдлын хуулийг дэмжиж, Өршөөлийн хуулийг эсэргүүцэж байгаад гаргасан шүү дээ. Би тэр үед хэлж л байсан. Ил тод байдлын тухай хуулийг дэмжчихээд Өршөөлийн хуулийг гаргахгүй бол бизнес эрхлэгчдийг тарвага шиг хошгоруулж байгаад буудахтай адил юм болно шүү гэж. Одоо яг энэ үйлдлийг МАН бодитойгоор хийж байна.

Монголын компаниуд дэлхийд гарч, дэлхийгээс мөнгө татаж ирэхийн тулд тэд томрох ёстой. Санхүүгийн түүх нь үнэн зөв, үйл ажиллагаа нь хангалттай урт хугацаатай, комдани нь том байх ёстой. Тэгж байж дэлхийгээс хангалттай мөнгө татна. Компаниуд жижигрээд, хуурмаг олон охин компани үүсгээд, багшаархан мөнгөний эргэлттэй, санхүү нь ил тод нийтэд хянагддаггүй компаниудтай түншлэх компани, хөрөнгө оруулах том сангууд дэлхийгээс олдохгүй. Том хэмжээний хөрөнгө  оруулалт, том хэмжээний түнш байхгүй бол энэ уул уурхайн том төслүүд, Монголыг чирж явах эдийн засгийн том араанууд ажиллахгүй. Хэрвээ татвар нэмбэл компаниуд орлогоо нууна, компаниа жижиглэнэ, мөнгөө сүүдрийн эдийн засаг руу шилжүүлнэ. Сүүдрийн эдийн засаг нь санхүү, эдийн засгийн шинжтэй зохион байгуулалттай гэмт хэргүүдийг санхүүжүүлнэ. Нөгөө мөнгө угаах, хар тамхи, хүний наймаа, авлига албан тушаалын хэргүүд санхүүгийн дэмжлэгэтэй илүү зохион байгуулалттай хэргүүд болон сүлжилдэж эхэлнэ. Хуулийн байгууллагуудыг худалдаж аваад, өөрийн гэсэн шүүгч, прокурор, цагдаатай болно. Яг нөгөө 2000-2016 он хүртэл бужигнасан далд, зохион байгуулалттай, өөрийн гэсэн цагдаа, шүүх, прокурортой эдийн засгийн бүлэглэлүүдийн зодоон хөшигний ард явж эхэлнэ. Хэн нь хүчтэй вэ гэдэг зодооноо шийдэхийн тулд хувийн улстөрчтэй болж, хувийн нам, бүлэглэлүүдийн системээ бэхжүүлнэ. Банк санхүүгийн нэг бүлэг, улс төрийн нэг бүлэг, хуулийн нэг бүлэг нийлээд энэ гурвын түншлэл Монгол Улсыг захирна. Энэ дүр зургаа олж харж байгаа юм уу, үгүй юу.

-Ц.Нямдорж сайд байхдаа гэмт хэргийн бүлэглэлүүд, рекетүүдийг нам дарсан гэдэг биш билүү?

-Гудамжинд байгаа рекетүүдийг нам дарсан гэж яриад байгаа ч гудамжинд байсан рекетүүд чинь албан ёсны компани, банк санхүү, улс төрийн бүлэглэл болж хувирсан шүү дээ. Тэгээд хуулийн байгууллагууд нь эзэдтэй болсон. 2000 оны дунд үеийн тэр системийг задлах гэж оролдсон харамсалтай нь бүх зүйл буцаад байдагтаа. Дөрвөн арвын систем, татварын таатай бодлого энэ тэр бүгд алга болох нь. Татвар өндөрсөх тусам оффшор луу мөнгө урсана. Оффшор луу хэний мөнгө урсах вэ, ойлгомжтой шүү дээ өөрсдийнх нь. Жирийн иргэд тэгэж чадахгүй. Арай гэж бүрэлдэж эхэлсэн дундаж ангиас маш олон хүн доод түвшин лүү унана. Эцсийн дүндээ олигархи, ядуучууд гэсэн хослол үлдээд сонгуулийн үеэр олигархиуд нь бүгдийг худалдаж аваад буцаад эрх мэдэлтэйгээ үлдэнэ, эрх мэдлээ ашиглаад нийгмийн бүх баялгийг өөрийнхөө данс руу хийнэ, түүгээрээ дахиад эрх мэдэл худалдаж авна. Ийм л чөтгөрийн тойрог үүснэ. Энэ чөтгөрийн тойрогт байхгүйн тулд АН шинэчлэгдэх хэрэгтэй. Эдий засгийн энэ харалган бодлого, шударга ёс, хүний эрхийн тал дээр гарч байгаа ухралт, өөр олон зүйл дээр эрүүл саруулаар дуугарах хүн МАН-д байгаа юм болов уу. За даа ховор доо. Тиймээс би хувьдаа АН-ын шинэтгэл илүү хурдацтай, далайцтай, зөв яваасай гэж хүсч байна.

ЗУРАГДСАН ПЯНЗЫГ ДАХИН ДАХИН СОНСОХЫГ ХЭН Ч ХҮСЭХГҮЙ

-Зарим хүмүүсийн хувьд АН-ын энэ удаагийн ялагдлыг намаа шинэчлэх, нам дотроо цэвэрлэгээ хийх нэг том боломж гэж хүлээж авсан. Гэхдээ л өнөөдөр АН дотор өөрчлөлт, шинэчлэлт явж байгаа юм уу?

-Өөрчлөлт эхлэх үү, болих уу гэдэг торгон ирмэг дээр байна. Яг одоо бол зөв, эсвэл буруу тийшээ гараад явчихсан юм алга. АН-ын шинэчлэлийг энэ улс орны хөгжлийн бодлоготой адил цогцоор нь харах ёстой. Намын дүрэм, үнэт зүйл, гишүүнчлэл ямар байх вэ гэхчлэн. Тэр том дүр зургаар нь харж байгаа нь бас хэд юм бол. Зүгээр хэн дарга болох вэ гэдгээр асуудлыг харж, фракциуд нь наймаалцаад ҮЗХ дээрээ олонхио бүрдүүлээд хүчээр шийдээд явчихна гэж харвал АН-ын удирдлага нь намын олон нийтээс тасарсан, олон нийтийн хүлээгээд байгаа үзэл баримтлал, үнэт зүйл, зарчмаас хол хөндий хэвээрээ л үлдэнэ. Тийм учраас би хувьдаа АН эхлээд ямар үзэл баримтлал, үнэт зүйлтэй байж, хөгжлийн ямар бодлогыг энэ улс оронд санал болгож тавьж чадах улс төрийн хүчин бэ гэдгээ цэгцэлье. Үүний төлөө намаа манлайлж, чирж явах лидер чинь хэн юм бэ гэдгээ олон нийт, намын жирийн гишүүдийн оролцоотойгоор тодруулья гэж байгаа юм. ҮЗХ-ны хэдэн хүн, фракцийн дарга нарын дундын тохироогоор биш. Дов довон дээрээ атаман болоод, намын бүтцийг хаа гуяар нь салгаад, дунд шатныхаа намыг хувьчлаад авчихсан феодал, өөрийнхөө хүмүүсээс өөр бусдад хаалгаа нээдэггүй, сонгогч олон нийтээс тасарчихсан газрын эзэд маягийн бүтцээ задлаач гэж байна.

Саяны сонгуулийн дараа маш олон залуучууд “Одоо АН-д сонголтоо хийж оръё, хүчээ өгье. Үзэл санаа, итгэл үнэмшлийнхээ төлөө том нэгдэл үүсгэе” гэхэд хэнд нь ч хаалгаа нээж өгөхгүй байна. Ардчиллыг эхлүүлсэн хүмүүс өөрсдөө энэ намыг булшлаад авсандаа аваад орох нь байна шүү дээ. Гэтэл МАН нам зарчим, үнэт зүйл, арга барил, хандлагаа огт өөрчлөөгүй мөртлөө нүүрэн дээрээ залуучуудаа наагаад сонгуульд орж, сонгогчдоос дэмжлэгэ авч чадаж байна. АН мөн чанараараа залуучууд руу, сонгогчид руугаа очсон нам болох ёстой юм шүү гэдгийг л бодлогоо болгож, өөрчлөлт хийх цаг болсон.

-Ирэх арванхоёрдугаар сард АН-ын их хурал болно. Сая наадмаас хойш нэг, хоёр ч удаа ҮЗХ цугласан. Юу ярьцгаасан, бас юу ярих ёстой байсан бэ?

-Намын их хурлаар намын даргаа тодруулах ёстой гэдэг байр суурь дээр ямар ч байсан очсон. Одоо АН нээлттэй, дотоод ардчилалтай, үзэл баримтлал, үнэт зүйлтэй, арга барил, зарчмын хувьд эрүүл саруул улс төрийн хүчин байж чадах уу үгүй юу, 2020 онд энэ намыг бодлого, зохион байгуулалтын хувьд сонгогчид руугаа очсон нам болгож зохион байгуулж чадах лидер хэн бэ гэдгээ хэлэлцэж ярилцах гээд чадах ч юм шиг, үгүй ч юм шиг дүлэгнэсэн байдалтай л байна.

-Яагаад чадахгүй гэж?

-Зарим нэг хүмүүс ҮЗХ дээр саналаа тоолоод ҮЗХ-ноосоо намын дарга болоод их хурал дээр өөрийгөө шууд албажуулчих гэсэн бодолтой ч байгаа юм уу. Эсвэл 2-3 фракци сууж байгаад “Тэр нь намын дарга болно, энэ нь ийм албан тушаал авна” гэдэг байдлаар өнгөрсөн алдаагаа үргэлжлүүлчих гээд ч байгаа юм уу. Санал нь хүрэхгүй бол ҮЗХ-ны хурлаа хойшлуулах гэх мэтчилэн янз бүрийн юм болоод л байх шиг байна. Энэ арга барилаараа АН цаашаа явахгүй ээ.

-Залуучууд шинэчлэлийг хүсч байна. Гэтэл өнгөрсөн 20 гаруй жил ямар нэг хэмжээгээр албан тушаал хашчихсан, нам дотроо дээгүүр суудалтай байсан нөхөд тийм ч амар зайгаа тавьж өгөөд шинэ арга зам хайхгүй л байх?

-Өнгөрсөн жилүүдэд бүгд л эрх мэдэл тойрч шавлаа шүү дээ. Хэн эрх мэдэлтэй байна түүнийг тойрч дольдогоноод, тал засаад, тойрч гүйгээд, шинэ фракци үүсгээд л. Эрх ашгийн энэ бөөгнөрөл хэзээ ч урт хугацаанны байдаггүй, хожил авчирдаггүй юм байна гэдгийг харлаа. АН хүний эрх, шударга ёс, хөгжил дэвшил ярьдаг, шинэлэг бүхний эх сурвалж байсан. Гэтэл энэ үнэт зүйл, зарчим, эрүүл саруул бодлоо дагах биш хэн илүү том дарга, илүү эрх мэдэлтэй байж, албан тушаал хуваарилж чадаж байна түүнийг тойрч гүйснээр АН юунд хүрэв. Хамгийн их гацаагч, сүйтгэгч, хорлогч л болж хувирлаа шүү дээ. Ийм байдаггүй юм байна гэдгээ одоо нэг эрх мэдэл, сандал ширээгүй байгаа дээрээ эрүүл саруулаар ярих ёстой. Эрх мэдэл, сандал ширээтэй байгаа үедээ бүгд харалган болчихдог юм байна. Сүүлдээ хүчтэй, хүчгүйгээрээ талцаж зодолдоод юунд хүрэв. Хар л даа. АН дотор хэн өнгөтэй зүстэй байна, тэр бүгдийг харлуулж, дэвсэлж, доош нь хийж, доромжилж гутаалаа. Өөрсдөө шүү дээ, МАН үүнийг хийгээгүй. Нам бол лидерүүдээ бэлтгэдэг, манлайлагчдаа бойжуулдаг энкүбатор. Гэтэл лидерүүдээ бэлтгэх биш, харин ч бүх лидерүүдээ цохиж унагаадаг бүтэц болж хувирсан. Одоо үүнийгээ буцаагаад эрүүл саруулаар харах хэрэгтэй. Эрх мэдэл, мөнгөн дээр бөөгнөрөх биш юм байна. Үнэт зүйл, зарчим, үзэл бодол дээр бөөгнөрч зогсох хэрэгтэй юм байна гэдэг годрил руугаа орох ёстой. Үүн дээр нэгдэж байгаа бол арванхоёрдугаар сарын 6-нд АН-ын шинэ лидерийг гаргаж ирэх, тэр өрсөлдөөнийг шударгаар зохион байгуулах, намын шинэчлэлийн үүд хаалгыг нээж өгөх хүн намын түр дарг болоод явах ёстой. Уг нь үүнийг Э.Бат-Үүл хийе гэсэн юм.

-Өнгөрсөн сард зарлагдаад хойшилсон ҮЗХ-ны хурлаар уу?

-Тийм. Би энэ ажлыг хийе. Байгуулсан намынхаа үнэт зүйл, үзэл баримтлалыг сэргээж, намын даргын өрсөлдөөнийг шударгаар явуулж, олон нийтийн дэмжлэгийг авч чадах тэр хүнийг дарга болгоё. Бүгдийг гацааж, бүлэглэж хорлодог тогтолцоо биш, хөгжлийг авчирдаг, үнэт зүйлээ хамгаалдаг, эрүүл саруул бодлоготой хүмүүсийн цугларал болох үүд хаалгыг нээе. Надад өөр амбиц алга арванхоёрдугаар сард болох намын их хурлаар АН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй гэсэн. Энэ амбиц, ийм үзэл бодол дээр бид сонголт хийгээд явчих ёстой байсан юм.

-Тэгээд яагаад ҮЗХ-ны хуралдааныг хойшлуулсан юм?

-Зарим хүмүүст намын дарга болох ойрхон харагдаад, зарим хүмүүст одоо байгаагаа алдчихвал бүх юмаа алдчих гэж байгаа юм шиг санагдаад, зарим нь тэр, энэ дарга болчихвол манай фракц хэцүүднэ гэх мэт явцуу бодлоосоо гарч чадахгүй байна л даа.

-АН УИХ-д хэдэн суудалтай үлдсэн бэ?

-Ес юм уу?

-Ямар ч байсан бүлэгтэй. Гэхдээ АН УИХ-д төлөөлөлтэй гэдэг уур амьсгал энэ парламентаас мэдрэгдэж байна уу? Намын бүлэг, нам хоёр нэгдэж ажиллаж чаддаг юм уу?

-Нөгөө талд нь 65 суудалтай нам байгаа нөхцөлд нэг байтугай нэлээд хэдэн гишүүний үг ч үг биш болчихсон байгаа. Тэнд байгаа АН-ын төлөөлөл үнэхээр жулдаж байна. УИХ-д байгаа АН-ын гишүүд, АН хоёр хамтарч ажиллаж байж л буруу эргэсэн салхийг сөрнө шүү дээ. Түүнээс биш хоёр талд гарчихаад нэг хэсэг нь гудамжинд хоорондоо зодолдоод, нөгөө хэсэг нь парламент дээр зодуулаад байж болохгүй.

-Та өөрөө намын шинэчлэлийн төлөө намын даргад өрсөлдөх үү?

-Би өрсөлдөхгүй. Гэхдээ үе сольж, шинэ үеэс намын дарга гаргахын төлөө бүх байдгаараа зүтгэнэ. Намын дарга бол тухайн намын рейтингийн 50 хувь. Тэр намын хувь заяаны 50 хувь гэсэн үг. Намын дарга хүн олон нийт, сонгогчдын итгэлийг авч чадахгүй бол тэр нам урагшаа явахгүй. Олон нийт тэр намын 50 хувийг намын даргаар нь хардаг. Үлдсэн 50 хувьд нь энэ нам ямар бодлого санал болгож, намын даргынхаа ард ямар эгнээ үүсгэж байна гэдгийг хардаг.

-Тэгвэл саяны сонгуулиар сонгогчид М.Энхболдод санал өгсөн юм уу? Үгүй байлгүй дээ...

-Тэгвэл нөгөө талаас нь АН-д яагаад санал өгсөнгүй вэ гэж асууж болно шүү дээ.

-АН-ын дарга З.Энхболд учраас гэж бодож байна.

-Намын дарга гэдэг хувь хүн намд авах саналын 50 хувь. Олон бизнес эрхлэгчтэй таарахад “Гацаадаг, нураадаг, өөр хоорондоо зодолддог намд санал өгөхгүй ээ. Танайхан засаглаж чаддаггүй, эхлүүлсэн ажлаа дуусгадаггүй. Танай намын дарга болохгүй байна” гэцгээсэн. Сонгуулийн дүн ч тэгэж гарсан. Намын рейтингийн 50 хувь нь намын дарга гэдэг үнэн. Тийм учраас энэ намын ачааны 50 хувийг үүрэх хүн намын дарга болох ёстой.

-Сая ЕТГ-ын дарга П.Цагаан гэдэг хүн “Намынхаа шинэчлэлд оролцоно” гээд өөр хүнд ажлаа өгчихөөд явчихсан байна лээ. АН-ын шинэчлэлд П.Цагаан гэдэг хүн оролцох гээд байна уу, өөр хүн оролцуулаад байна уу?

-П.Цагаан гэдэг хүн шиг намаа шинэчлэе гэсэн ийм сэтгэл намын бүх гишүүдэд байгаа. Намын дарга больё гэхээсээ илүү намаа шинэчлэе гэж нэгдэх лидерүүд энэ намд олон байгаасай гэж би хувьдаа хүсдэг. Зурагдсан пянзыг дахин дахин сонсохыг олон нийт ч, намын гишүүд ч, энэ намын ирээдүйг итгэлтэйгээр харж байгаа олон мянган залуус ч хүсэхгүй л болов уу.

-П.Цагааны ард Ерөнхийлөгч байх вий гэж айж байна?

-Зарим нэг хүн тэгж хардаад, “Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа АН-ын даргаар эргэж ирэх өргөө нүүж байна. Үүний төлөө намаа ялагдуулсан, одоо П.Цагааныг түлхэж байна” гэж ярьж л байна. Үнэн худлыг нь би мэдэхгүй. Мэдэхгүй юмаа дүгнэж ярихгүй. Гэхдээ Э.Бат-Үүл шиг, С.Баяр шиг хийсэн бүтээсэн зүйлээ дараачийн үедээ нэр төртэй хүлээлгэж өгөөд, замд нь тээглэх биш, ард нь түшээд явья гэж хэлж чадах тийм лидерүүд АН-д олон байгаасай. Чи болоогүй гээд дэгээ тавьж унагадаг, үгэнд орсонгүй гээд дээрээс дэвсэлдэг биш, алдаан дээр нь “Энд алдлаа” гэж сануулдаг, оноон дээр нь “Зөв хийлээ” гэж ташуур өгдөг тийм дэмжлэг хамгийн чухал. Тэр чинь намын залгамж чанар, урт хугацаанд нэр төртэй орших зам.

Ярилцсан Б.СЭМҮҮН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • жагаа
    чи өөрөө америкийн гар хөл биш үү
    2016 оны 09 сарын 12
  • Зочин
    Зурагдсан Тэмүүжинг дахин сонсохоор дургүй хүрээд байна.Нямдорж муу хоцорогдсон,адайр ааштай байж болно.Гэвч чи нөгөө 50 хувьд нь ч хүрэхгүй. Манай нутагт чам шиг хүнийг уйлах хүүхдийн хошного урьд өдрөөсөө умалзаад байсан юм, хохь нь ээ хохь гэдэг юм.
    2016 оны 09 сарын 11
  • Зочин
    Арчаагуй амисгаануудад боломж егеед ч нэмэргуйшдээ. Далд ор. Та нарын уршиг тасрахгуй нь
    2016 оны 09 сарын 11
  • Зочин
    Ёстой хуцах юм даа. Хамгийн түүхэнд байгаагүй арчаагүй самрагч. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч болж. Шинэ сайд ядаж хар тамхи янхан 2- той зууралдах хүн биш. Өөрийгөө мэдэхгүй энэ их хуцнаа. Хог дээр хаягдчихаад....гөлөг.
    2016 оны 09 сарын 11
  • irgen
    Amerikiig ih huulval sonono, tegeed ch tednii daramtad orvol garahad hynd , ukrain bolno l gesen yg shdee
    2016 оны 09 сарын 10
  • Зочин
    ene neg erguu uihurlaas zailj amarlaa temuutei tuv aimgiin guilgachin
    2016 оны 09 сарын 10
  • fasd
    USA-ийн хүүхэлдэй яамны журмыг хүртэл гадаадын зөвлөх мөнгөөр хийлгэсэн биз дээ
    2016 оны 09 сарын 10
  • Зочин
    Temuujin shig Leader uls turchid mongold heregtei,
    2016 оны 09 сарын 10
  • Зочин
    унахаараа ухаалаг царайтай болж....................... кк к ккк
    2016 оны 09 сарын 09
  • Зочин
    Alban tushaaltai bhdaa Mongol uls Mongol hunees hol ene ueiig bi l buteene gej bsan hun unahaaraa ih uhaaantai Mongol uls Mongol irgeniig bodoj bgaa yum shig bag zuuj yarih hereg bn uu
    2016 оны 09 сарын 09
  • Зочин
    Tegvel Temuujin chi ooriin gesen tarhigui l yum bn sh de ANU giin elchin deer ochij hov zooj tednii huuliig huulbarlaj bsan chni yug oguulj bn ve
    2016 оны 09 сарын 09
Сонин хачин