Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөрт зориулан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга асан Думаагийн Содномын ярилцлагыг хүргэж байна. Бидний хүсэлтийг хүлээн авч хариулт өгсөн танд баярлалаа.

–Монгол Улсын анхны Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлын талаар таны сэтгэгдэл?
-Ямар ч улс өөрийн Үндсэн хуультай байх нь тэр улсын тусгаар тогтносон, бие даасан улс байх, түүнийг нь бусад улс орнууд, олон улсын байгууллагууд хүлээн зөвшөөрч хүндэтгэж харилцдаг байхад чухал ач холбогдолтой байдаг. Манай улс 1911 оны үндэсний хувьсгал, 1921 оны ардын хувьсгалаар тусгаар улс болсоноо зарлаж байсан. Гэвч 1924 оныг хүртэлх олон жилийн хугацаанд манай улсыг тусгаар тогтносон, биеэ даасан улс гэдгийг бүрэн утгаар хүлээн зөвшөөрсөн улс орон бараг байгаагүй. Тэр үеийн Зөвлөлт холбоот улс хүлээн зөвшөөрдөг боловч зөвшөөрдөггүй Хятад улсаас болгоомжилдог байсан.
Тэр жилүүдэд манай улсын гадаад харилцаанд ямар бэрхшээл тохиож байсан болон шалтгааныг нь түүхийн эрдэмтэд судалсан байдаг. Миний бодлоор бол 1924 онд манай улс анхны Үндсэн хуулиа батлаад, тусгаар тогтнолоо тунхагласан нь дэлхий дахинд Монгол Улсыг хүлээн зөвшөөрөгдсөний эх сурвалж юм.
-Монгол Улсын 1924 оны Үндсэн хуулийн онцлог, түүнээс орчин цагт уламжлах зүйл юу вэ ?
-Анхны Үндсэн хуулийн 100 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэх үед уг хуулийн ач холбогдлыг олон эрдэмтэд тайлбарласан. Миний ойлголтоор 1924 оны Үндсэн хуулийн чухал онцлог нь Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өгсөн, түүгээрээ ард түмний буюу ардчилсан засаглалыг тогтоосонд байдаг.
Тухайлбал: Төрийн эрх барих дээд байгууллага болох Ардын Их Хуралтай, Хууль тогтоох эрх үүрэгтэй Улсын Бага Хуралтай байхаар төрийн байгуулалыг тогтоосон байсан. Өөрөөр хэлбэл, ард түмэн өөрийн өргөн төлөөлөл бүхий Ардын Их Хурал буюу төрийн эрх барих дээд байгууллагаараа уламжлан хууль тогтоох эрхтэй Улсын Бага Хурал болон Засгийн газар, мөн Шүүх байгууллагын үйл ажиллагааг хянаж байх эрхтэй, тэр эрхээ эдлэх боломжтой болсон байжээ.

Монгол Улсын 1924 оны Үндсэн хуулиас орчин үед заавал уламжлан авч хэрэгжүүлэх ёстой заалт бол дээр хэлсэн төрийн байгуулалын систем мөн.
-Анхны үндсэн хууль дахь төрийн байгуулалын тухай таны онцолж байгаа заалт амьдралд яаж хэрэгжиж байсан юм бэ ?
-Анхны үндсэн хуулийн төрийн байгуулалын холбогдолтой заалт өнгөрсөн хугацаанд олон удаа өөрчлөгдсөн бөгөөд тэр нь төрийн эрхийг ард түмний мэдэлд байлгах, эсвэл улс төрийн намын мэдэлд байлгах сонирхолоос хамаарч өөрчлөгдөж байсан. Одоо ч энэ хамаарал хадгалагдаж байгаа гэж би үздэг.
Анхны Үндсэн хуулийн төрийн байгуулалын тухай, тухайлбал Ардын Их Хурал, Улсын Бага Хурал буюу парламентын Дээд Доод хоёр танхимтай байлгасан заалт жараад оноос өөрчлөгдөж Улсын Бага Хурал хэмээх танхимыг үгүй болгож, хууль боловсруулж Ардын Их Хурлаар батлуулж байх үүргийг засгийн газар хариуцдаг болсон. Энэ өөрчлөлт нь Монгол Ардын Хувьсгалт Нам төрийн эрхийг барьдаг буюу улс төрийн намын засаглал тогтоод байсантай холбоотой. Харин 1990 оны ардчилсан хувьсгалын үед МАХН-ын засаглалыг халж ард түмний засаглалыг бий болгох зорилгоор Ардын Их Хурал, Улсын Бага Хурал буюу парламентын хоёр танхимыг бий болгож байсан.
Монгол улсын шинэ Үндсэн хуулийн төсөлийг Улсын Бага Хурал хариуцан боловсруулж 1992 онд Ардын Их Хуралд хэлэлцүүлэн батлуулсан.
-Шинэ Үндсэн хуульд төрийн байгуулалын хувьд урьд гарч байсан зөрчил засагдсан уу?
Харамсалтай нь үгүй. Үндсэн хуулийн 3.1 дүгээр зүйлд:
А\ Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан. Энэ бол хууль тогтоож байгаа УИХ-ын үйл ажлыг ард түмэн хянана гэсэн заалт,
Б\ Ард түмэн төрийн хэрэгт шууд оролцоно гэж заасан. Энэ бол УИХ, Засгийн газар, Шүүх байгууллагын бүтэц бүрэлдэхүүнийг тогтооход оролцох эрхтэй гэсэн заалт.
В\ Ард түмэн дээрх эрхээ өөрийн сонгож байгуулсан төрийн эрх барих дээд байгууллагаар уламжлан эдлэнэ гэж заасан. Энэ бол Ард түмэн өөрийн сонгож байгуулсан Ардын Их Хурлаараа уламжлан засаглах эрхээ эдлэнэ гэсэн заалт.
Гэтэл Үндсэн хуулийн 20, 21 дүгээр заалт нь Үндсэн хуулийн 3.1 дүгээр заалттай зөрчилтөй байхаар батагдсан. Тухайлбал Хорь дугаар зүйлд: Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална гэж заасан. Хорин нэг дүгээр зүйлд: Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна гэж заасан. Энэ хоёр заалтаар ард түмэнд засаглах эрхээ уламжлан эдлэх боломж олгох байсан Ардын Их Хуралыг үгүй болгосон.
Монгол Улсын төрийн эрх барьж байсан Ардын Их Хурал шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн баталж байхдаа 1992 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн дээр дурьдсан Хорь, Хорин нэг дүгээр зүйлийг баталснаар Ардын Их Хурал өөрийгөө үгүй болгох хууль гаргасан юм. Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглалд тавих ард түмний хянатыг алга болгож, улс төрийн намын засаглалыг эрчимжүүлэх, төр засгийг тогтворгүйжүүлэх нөхцөлийг бий болгосон гэж хэлмээр байдаг.

-Улсын Их Хурлыг нэг танхимтай болгосоноор Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглал ард түмний хяналтаас алсарна гэсэн болгоомжлол байгаагүй юм уу?
-Тийм болгоомжлол байсан. Ардын Их Хурлын чуулганы 1992 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанд 338 депутат оролцож Улсын Их Хурлыг нэг танхимтай 76 гишүүнтэй байх заалтыг батлах эсэхээр санал хураахад депутатуудын 24 хувь буюу 80 хүн татгалзсан түдгэлзсэн байдаг. Гэвч олонхийн саналаар дээрх заалтыг баталсан.
Улсын Их Хурлыг нэг танхимтай болгохын эсрэг санал өгч байсан депутатын нэг нь би. Одоо хүртэл би хоёр танхимтай болгож, ард түмний засаглалыг бий болгох санал дэвшүүлж байдаг. Улс төрийн намын засаглалыг халж ард түмний засаглалыг тогтоохгүй бол төр засаг тогтворжихгүй.
Анхны Үндсэн хууль төрийн байгуулалыг маш зөв тогтоож байсанаас сургамж авах хэрэгтэй.
-Баярлалаа


Сэтгэгдэл байхгүй байна