• Эхлэл
  • Паралимпын нээлтийн ёслол болж байна

Паралимпын нээлтийн ёслол болж байна

2016/09/08

Зуны Паралимпын нээлтийн ёслол Бразилын Рио-де-Жанейро хотын Маракана цэнгэлдэх хүрээлэнд орон нутгийн цагаар лхагва гарагийн орой албан ёсоор эхэлжээ.

Есдүгээр сарын 18-ныг хүртэл үргэлжлэх Паралимпод нийт 162 улсын 4400 гаруй тамирчид оролцож, спортын 23 төрлөөр 528 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Энэ удаагийн "Рио 2016" паралимпид Монголын найман тамирчин өрсөлдөнө. Өнөөдөр болох төрлүүдээс жүдо бөхийн А.Мөнхбат, Б.Ууганхүү, бөөрөнцөг түлхэлтээр Г.Цогтгэрэл нар тэмцээнд оролцох хуваарьтай.

Тэмцээн Улаанбаатарын цагаар 22.00 цагаас эхэлнэ.

Жүдо бөхийн сугалаа гарсан бөгөөд жин бүрт 12 тамирчин багтжээ. Тэмцээний 60 кг-д Б.Ууганхүү эзэн орны бөх Мэсута Понтэс, 66 кг-д А.Мөнхбат Пуэрто Рикогийн бөх Пэрэз Диазтай эхний тойрогт оноолт таарсан.

Харааны бэрхшээлтэй иргэд В1, В2, В3 ангилалд багтдаг байна. Манай тамирчид В3 буюу сул харааны ангилалд хамрагдсан. Харин хөнгөн атлетикийн төрлөөр анх удаа оролцож байгаа Г.Цогтгэрэл бөөрөнцөг болон зээрэнцэг төрөлд өрсөлдөх юм. Түүний бөөрөнцөг төрлийн тэмцээн маргааш өглөө болно.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин