• Эхлэл
  • Багийн төрөлд IV байр эзэллээ

Багийн төрөлд IV байр эзэллээ

2016/09/12

“Рио 2016” паралимпийн наадмын байт харвааны тэмцээн бямба гаригаас\09.10\ эхэлсэн бөгөөд 40 орны 137 тамирчин \эрэгтэй 79, эмэгтэй 58\ 70 метрийн рекурв, 50 метрийн компаунд болон W1 ангилалд ганцаарчилсан, холимог багаар өрсөлдөж байна.

Манай улсаас дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлагад “Бээжин 2008” паралимпийн наадмын аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав дөрөв дэх, эмэгтэйчүүдээс Б.Оюун-Эрдэнэ хоёр дахь удаагаа оролцож байгаа бол А.Анхбаяр анх удаа өрсөлдөж байгаа юм.

Ням гаригт \2016.09.11\ багийн харваа явагдлаа. Багийн харваанд эрэгтэй, эмэгтэй тамирчид холимог баг болон оролцох дүрэмтэй. Манай улсаас хоёр эрэгтэй тамирчин байгаа учраас урьдчилсан харваанаас Д.Баатаржав 583 оноогоор 20 байрт орсноор Б.Оюун-Эрдэнэтэй холимог баг болон харвасан юм. А.Анхбаярын хувьд 572 оноогоор 24 байрт орсон учир ганцаарчилсан харваанд өрсөлдөнө.

Холимог багийн төрөлд Бразил, БНХАУ, Чех, Франц, Их Британи, Герман, Иран, БНСУ, Польш, Монгол зэрэг 16 орны баг багтсан.

Ираны баг 1264 оноогоор нэгдүгээр байраар шалгарсан бол БНХАУ-ын баг 1246 оноогоор удаалсан. Харин манай баг 1146 оноогоор 11-р байрт шалгарч Германы багтай эхний харваагаа хийхээр болсон. Германы баг зургадугаар байраар жагссан. Шөвгийн 16-гийн оноолтод Иран-Франц, Их Британи-Тайвань, БНСУ-Бразил, Латви-Итали, Польш-Ирак, Монгол-Герман, Тайланд-Турк, Чех-БНХАУ гэж гарсан.

Манай баг эхний өрсөлдөгч болох Германыг 5:3-аар хожиж, шилдэг наймд үлдсэн. Улмаар хагас шигшээд үлдэх эрхийн төлөө Польшийн багтай харваж, 5:4-өөр хожлоо. Энэ харваа маш хүнд болж, 4:4-өөр тэнцээд байсан. Ингээд шийдвэрлэх харваанд 18 -14-өөр өрсөлдөгчөө буулган авлаа. Харин цааш мөнгө болон хүрэл медалийн төлөөх харваанд хожил авч чадаагүй юм.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин