• Эхлэл
  • Монгол Улс:Орон нутгийн сонгууль-2016

Монгол Улс:Орон нутгийн сонгууль-2016

2016/10/20

Дөрвөн жил тутамд хууль тогтоох дээд байгууллага болон орон нутгийн төлөөллийн байгууллагын төлөөлөгчдөө сонгодог сонгууль энэ жил Монгол Улсад болж буй. Хууль тогтоох байгууллага УИХ болон, орон нутгийн удирдлага Нийслэл болон аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль энэ жилийн зургадугаар сарын 23-нд болсон. Харин орон нутгийн төлөөллийн байгууллага болох нийслэлийн дүүрэг, орон нутгийн аймгуудын төлөөлөгчдийг сонгох сонгууль аравдугаар сарын 19-нд улс даяар боллоо.

Үүнд нийслэлд есөн дүүргийн 152 тойрог, орон нутагт 21 аймгийн 330 сумын 1613 баг 1765 тойрогт 15 мянган нэр дэвшигч өрсөлдөн сонгуулийн санал хураалт явуулсан юм. Санал хураалт орон даяар 22.00 цагт дууссан ч аравдугаар сарын 20-21-нд шилжих шөнийн 02.00 цагт Нийслэлийн тойргуудын санал хураалтын урьдчилсан дүнгийн талаар Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлсэн бол 21-ны 15.00 цагт улс даяарх урьдчилсан мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос өглөө. 

Үүнийг орон даяар баг, хороо бүрд явуулж буй санал хураалтын дүнг нэгтгэхэд тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай гэж СЕХ-ноос тайлбарлаж байлаа. 

Орон нутгийн сонгуулийн дүнг урьдчилан гаргахад бас нэг асуудал тулгарсан нь сонгогчдын ирц хүрэхгүй байх. Тухайн тойрогт сонгогчдын 50 хувь саналаа өгөөгүй бол нэмэлт саналт хураалт явуулах ёстой. УИХ-ын сонгуулиас тусдаа, Монголын өвлийн улирал эхэлж, зам даваа цасаар боогдох, орон нутгийн залуус төв сууринд суралцахаар ирсэн байх, нөгөөтэйгүүр орон нутгийн удирдлагад иргэд төдийлөн ач холбогдол өгдөггүй гэх мэт шалтгаанаар ирц хангагдах эсэх нь ерөнхийдөө асуудал дагуулсаар ирсэн. Тухайлбал, 2012 оны сонгуулиар мөн цөөнгүй тойргуудад нэмэлт санал хураалт явуулж байсан.

Энэ удаагийн хувьд ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар сонгуулийн дүнг гаргахад төвөгтэй байдал үүссэн гэлээ. Тухайлбал, өмнөх сонгуулиас ч олон тойрогт ирц бүрдээгүй нөхцөл байдал үүссэн байна. Үүнд СЕХ-ноос мэдээлснээр бол орон нутаг буюу аймгуудад 57, нийслэлд 78 нийт 135 тойрогт нэмэлт санал хураалт явуулахаар болжээ. Хуульд долоо хоногийн дотор нэмэлт санал хураалтыг амралтын өдрөөр явуулна гэж заасан байдаг учир нэмэлт санал хураалт энэ амралтын өдөр буюу аравдугаар сарын 23-нд явуулахаар болжээ.

Үүнээс гадна 19 аймгийн 117 нэр дэвшигчийн санал тэнцсэн учмх дахин санал хураалтыг аравдугаар сарын 29-ны ням гаригт явуулна.

Хуульд зааснаар сум, дүүргийн сонгуулийн хороо нэмэлт болон дахин сонгуулийн дүн мэдээг тав хоногийн дотор багтаан гаргаж, сум дүүргийн Иргэдийн хуралд өргөн мэдүүлнэ. Үүнийг олон нийтэд долоо хоногийн хугацаанд мэдүүлэх ёстой.

Ингэсээр энэ удаагийн сонгуулийн эцсийн дүн ирэх арваннэгдүгээр сард гарах бололтой. Гэхдээ ноцтой маргаан үүсэхгүй бол ерөнхийдөө үүнээс өмнө хугацаанд дүнг танилцуулдаг жишиг байдаг. Гэсэн ч сонгуулийн дүн аравдугаар сардаа багтаж гарах эсэхийг одоогоор шууд хэлэх боломжгүй юм.

Хэдийгээр дүнг албан ёсоор нэгтгээгүй байгаа ч одоогоор орон нутгийн 330 сумын 200 гаруйд нь эрх баригч МАН, 100 гаруйд сөрөг хүчин Ардчилсан нам ялсан гэсэн мэдээлэл байгаа. Өмнө 2012 онд МАН 170 гаруй суманд ялалт байгуулж, харин АН нийслэлд олонх болж байсан. Энэ удаад ч мөн хөдөө орон нутагт МАН, нийслэлд АН олонх болж магадгүй гэсэн таамаг байна. Одоо байгаа мэдээллээр нийслэлийн есөн дүүргээс захын гэгдэх гурван дүүрэгт МАН ялсан нь баталгаажсан, харин төвийн зургаан дүүрэгт ирц ерөнхийдөө дутуу АН ялж магадгүй гэсэн таамаглал байгаа.

Дашрамд сануулахад УИХ-ын сонгуулиар МАН 65, Ардчилсан нам-9, МАХН болон бие даагч тус бүр нэг суудал авсан. Мөн НИТХ-ын сонгуульд 45 мандатад МАН-ын 34 , АН-ын 11 суудал авсан юм. Орон нутгийн сонгуульд ч ерөнхий дүнгээрээ МАН олонх болж, харин суудлын харьцаа харьцангуй ойролцоо байх магадлалтай байна.

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 20 мянган хүн ажиллаж, 13 тэрбум төгрөг зарцуулаад байгаа юм. Нэмэлт болон дахин сонгуульд ямар зардал гарахыг одоогоор нарийвчлан мэдээлээгүй байна.

А.Туяа

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин