• Эхлэл
  • Н.Энхбаярын нэхэмжлэлийг Дээд шүүх хэлэлцэв

Н.Энхбаярын нэхэмжлэлийг Дээд шүүх хэлэлцэв

2016/11/28

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны долдугаар сарын 04-ний өдрийн 025/ШШ2016/0005 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-нд Улсын Дээд шүүх хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд Н.Энхбаяр өөрөө оролцсон байна. Мөн УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ зэрэг намын нөхөд нь түүнтэй хамт байжээ.

Өнгөрөгч сонгуулийн нэр дэвшүүлэлтээс эхлэн үргэлжилсэн энэхүү маргаан нь үндсэндээ Н.Энхбаяр Өршөөлийн хуулиар суллагдсанаас хойш үүдэлтэй гэж хэлж болно. Тэрээр өөрийгөө ялтайд тооцох хугацааг маргаантай гэж үздэг, олон удаа энэ талаараа тайлбарласан. Гэхдээ хуулийн байгууллагуудын зүгээс мөн хариу тайлбар "илгээсээр" 2016 оны УИХ-ын сонгуульд экс Ерөнхийлөгч нэрээ дэвшүүлж чадаагүй, өөрийнхөө оронд эхнэр О.Цолмонгийнхоо нэрийг дэвшүүлсэн билээ.

Харин өнөөдрийн шүүх хуралдаанаар юу шийдэв?

Дээд шүүхийн албан мэдээнд дурдсанаар бол "нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээж авсан" гэсэн бол албан вэб сайтны хурлын тайлбар хэсэгт “Шийдвэрт өөрчлөлт оруулсан” гэсэн байна. Ингэснээр өнгөрсөн долдугаар сард болсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шйидвэрийг өөрчилсөн, өөрөөр хэлбэл шийдвэр Н.Энхбаярын талд гарсан гэж ойлгогдож болохоор. Тухайлбал, албан мэдээнд

-Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй байна” гэсэн Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 15/1071 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан харин бусад хэсгүүдийг хэвээр үлдээсэн гэжээ. Харин “Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 000230 дугаар "Тодорхойлолт"-ыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ гэсэн байна.

Энгийнээр тайлбарлах юм бол Н.Энхбаярын ялтай байдлын талаар Цагдаагийн ерөнхий газраас гаргасан гэсэн бичгийг хүчингүй болгохоос татгалзсан бөгөөд Цагдаагийн ерөнхий газар ийм тодорхойлолт гаргадаг хэдий боловч хууль тайлбарлах субьект биш гэж үзсэн гэж тайлбарлаж болохоор. Дээр өгүүлсэн хүчингүй болгох нэхэмжлэл шаардлага хангасан боловч нэхэмжлэлийн шаардлага хүлээн авахаас татгалзсан гэх мэт тайлбар нь энгийн хүмүүс ойлгоход төвөгтэй. Нэхэмжлэл, албан бичиг, тодорхойлолт зэрэгт олон асуудлуудыг хөндсөн бөгөөд тус тусад нь тайлбар гаргасан бололтой юм. Албаны эх сурвалжийн тайлбарласнаар бол үүгээр Захиргааны хэргийн шүүхэд хандсан Н.Энхбаярын “ээдрээт” нэхэмжлэлийн шат дамжлага үндсэндээ дуусч байгаа бөгөөд ялтай байдлын тухай маргааныхаа талаар эрүүгийн юм уу иргэний маргааны шүүхэд дахин хандах гарц байгаа бололтой.

Гэвч Н.Энхбаяр өөрийнхөө оронд өөр хүний нэр дэвшүүлсэн, тэгээд ч УИХ-ын сонгуулийн талаар маргаан өдгөө цаг хугацааны хувьд шийдэл үгүй болоод байгаа болохоор маргаан цаашид үргэлжлэх эсэх нь тодорхойгүй гэмээр байдалтай байна. Бодвол маргаашаас Н.Энхбаяр болон нөгөө талаас хуулийн эх сурвалжууд энэ талаар тайлбар хийх биз ээ.

Гэрэл зургийг www.breakingnews.mn -сайтаас

Албан мэдээ бүрэн эхээрээ

Н.Энхбаярын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2016  оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцлээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон юм.  

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хяналтын шатны шүүхээс “Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай" 75 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”, “нэхэмжлэгчийг 2016 оны ээлжит сонгуульд МАХН-аас 75 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах”, “Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвөөс хуулийн дагуу ялгүй гэсэн тодорхойлолт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хэвээр үлдээж, “...“Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй байна” гэсэн Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 15/1071 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 000230 дугаар "Тодорхойлолт"-ыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.  

Эх сурвалж:Улсын Дээд шүүх


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин