• Эхлэл
  • Ардчилсан намынхны нанчилдаантай их хурал

Ардчилсан намынхны нанчилдаантай их хурал

2016/12/08

Нанчилдаангүй найр гэж юу байх вэ, гэдэг шиг Ардчилсан намынхан л болсон хойно, арван жилд нэг удаа болж байгаа Их хурлаар Сосорбарам гавьяат хаалга савж гарсан, С.Эрдэнэ дэлбэртэл уурласан, Г.Батхүү нар гишүүдээ хайрцаглаж шөнөжингөө мөнгө тараасан гэх мэтийн сенсаци хачиртайгаар өндөрлүүлэв. Угаасаа Ардчилсан намынхан цөс ихтэй, дур дураараа ярьдаг, МАН-ынхан шиг төлөв царайлж, ярс хийтэл гар өргөдөггүй, үүнийгээ ч ил тод, нээлттэй байгаагийнх гэж тайлбарладаг. Тэгээд ч арван жил болоогүй их хурал болоход санаанд багтамгүй, үнэмлэхүй ялагдсаныг хэлэх үү, шинэчлэх цаг болсон гэж олон хүн орилж байгааг хэлэх үү, намын даргын “алаан” болж байна гэх түймэр асч байгааг хэлэх үү “гал манарсан” хурал болох байх гэсэн хүлээлт байсан байх. Нөгөө талаасаа Ардчилсан намын шинэчлэл зөвхөн энэ намын бус нийт Монгол даяар, нарийн ярьвал МАНАН гэж хэлэгдэх болсон уг нь бол цорын ганц өрсөлдөгч МАН-ын хувьд ч хэрэгтэй гэсэн хүлээлт бол байсан. Нөгөөтэйгүүр өрсөлдөгчдөд нь ч өөр хоорондоо толхилцож байгаа өөрийнх нь намынханд ч хор, хов гүйлгэх сонирхол байсан л байлгүй. Анхнаасаа л их хурлаараа намын даргын асуудал ярихгүй ээ гэж зарлаад байтал “Тэр намын дарга болно, энэ дарга болохоор мөнгө тарааж байна. Тэрийг дарга болбол үхсэн ч яахав” гэх мэтийн шуугиан дэгдээгээстэй. Гишүүдийн хувьд ардчилалтай байх ёстой нам арван жил хурлаа хийгээгүйд бөглөрч тагларч байсан бүх үгээ хэлэхээр бачимдаж байсан ч биз. Угаасаа Ардчилсан намынхан нэг тийм ам хурдан, цөс ихтэй, юухантай ч бол тэмцчих гээд л байдаг төстэй “фигур”-тэй хүмүүс их байдаг. Анхнаасаа социалист гэх нийгмийг сөрөн тэмцсэн залуус голдуу байсан болоод ч тэр үү. Ямар сайндаа л дээхнэ үедээ хурал болж байхад хөшигний наана цаана заамдалцаад авдаг, “Гараад үзчихье” гэж үг хаялцах энэхүүхэнд. Намын дарга нь үг хэлж л байдаг, заалнаас нэг нь ундааны лааз шидэхэд дарга нь бултах маягтай толгойгоо зайлсхийлгэчихээд үгээ үргэлжлүүлж л байдаг асан гэдэг.    

Ардчилсан намын уруудахын бас нэг шалтгаан нь ҮЗХ-ны гишүүдийн ротаци, намын дарга болоод нэр дэвшигчдийн /хамгийн сүүлд 2005 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сунгаагаар тодруулсан/ сунгааг “үгүй” хийсэн гэдэг.

Харин энэ удаад нанчилдаантай, хэрэлдээнтэй Ардчилсан намынхан даргаа бүх гишүүдийн саналаар тодруулахаар боллоо. Анх ийм мэдээлэл гарахад ч хүмүүс эргэлзэж байсан. Дагаад намдаа 10-аас дээш жил ажилласан хүнийг даргад нэр дэвшүүлэх заалт оруулчихлаа дахиад л нөгөө улстөрийн “буг”, удирдах албан тушаалын “өвгөд”, хор, ховын эзэд өөрсдөдөө зориулсан өөрчлөлт оруулчихаж гээд бас сенсаци дэгдээд амжсан. Харин нөгөөтэйгүүр нэр дэвшүүлэлт 2-р сараас, санал хураалт 3-р сараас наашгүй, тэгээд ер нь анхан шат, бүх гишүүдээс санал авахыг шийдэж чадаа ч уу, үгүй ч үү гэсэн яриа бас байсан.

Тэгвэл өнжин хуралдсан VI их хурлаас намыг даргыг бүх гишүүдийн хурлаар тодруулах, намын даргад өрсөлдөх нэр дэвшигчийн бүртгэлийг арванхоёрдугаар 10-нд, нэр дэвшигчийн сурталчилгаагаа эхлүүлэх өдрийг арванхоёрдугаар сарын 19-нд, намын даргыг сонгох сонгуулийг оны нэгдүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг хийхээр шийдвэрлэсэн байна. 

Өөрөөр хэлбэл, энэ өдөр 200 мянга орчим гишүүнээсээ хамгийн олон санал авсан нэр дэвшигч нь Ардчилсан намын шинэ дарга болно гэсэн. Дээр өгүүлсэн намын даргын сонгуульд нэр дэвшигч нь 10-аас доошгүй жил намын сонгуульд гишүүнээр ажилласан байна гэж дүрмэнд байсан заалтыг ч авч хаяж чадаж. Нанчилдаантай, зодоонтой, фракциудад идэгдсэн гэдэг ч Ардчилсан намынхан нэг ингээд “дайрахаар байсан дайрчихдаг” л хүмүүс. Одоо харин дараагийн дэгдэж болох нэг асуудал бол “Мөнгөтэй нь дарга болно. Гишүүдээ хайрцаглана” гэх уламжлал болоод байгаа үзэгдэл. Өмнө нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг 1000 гаруй хүнтэй Их хурлаасаа /2009 он Ц.Элбэгдорж/, намын даргаа 228 гишүүнтэй ҮЗХ /Үндэсний зөвлөлдөх хороо/-ноос /З.Энхболд/ сонгосон бол энэ удаад 200 мянган гишүүнээс сонгоход “хайрцаглаж” чадах болов уу, яах бол? Үгүйдээ л гэхэд өмнө мөнгө тарааж гишүүдийнхээ саналыг авч байсан гэх “хов”-ыг бодоход “тараах мөнгө”-ний хэмжээ л ихэсэх байх даа гэж атгаг санаалахаас. Харин сайн талаас нь бол Ардчилсан нам бүтэн шинэчлэгдэхгүй юм аа гэхэд ротаци, сунгаа гэх мэт ардчилсан гэх нэртэй намд байх наад захын боловч “устгаад” удаж байсан уламжлалаа сэргээх нь цаашид өөдлөхийн өнгө болох буй за гэж бодож болох юм. нөгөө талаасаа бас намынхаа их хуралд сэтгэл дундуур, уур омогтой байгаа хүмүүс ч цөөнгүй сурагтай. Учир нь энэ хурлаар дүрмийн шинэчлэлтээ бүрэн хийж чадаагүй гэх мэт гомдол байгаа гэсэн. 

Ийн дөрвөн жил байхдаа “хаан заан” болж, буцаад буухгүй юм шиг халгиж байгаад 2016 оны сонгуулиар томхон “шанаа” авсан Ардчилсан нам шинэчлэгдэх эсэхийг ойрын цаг хугацаа харуулах буй за.  

А.Туяа 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин