• Эхлэл
  • Эдийн засгийн бурхад Монголыг дахин ивээж магадгүй байна

Эдийн засгийн бурхад Монголыг дахин ивээж магадгүй байна

2016/12/16

Удаан хугацааны уналтын дараа олон улсын санхүүгийн ертөнц Монголын засгийн газрын реформ хийх, өрийн асуудлаа шийдэх чадварт итгэх итгэл сэргэж эхэлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Токио хотод болсон хөрөнгө оруулалтыг дэмжих чуулганаас төрсөн сэтгэгдэл ийм байна. Уг чуулганд Монголын төв банк болон хууль тогтоогчдын төлөөлөл, гадаадын зээлдэгч, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцсон юм.

Улаанбаатарт төвтэй Японы хөрөнгө оруулалтын банк Frontier Securities-ийн зохион байгуулсан чуулган хүнд цаг үед болж байна.

Монголын зээлжих зэрэглэлийг Moody’s өнгөрсөн сарын дундуур B3-аас CAA1 болгож бууруулсан.

Удахгүй гуравдугаар сарын дундуур Хөгжлийн банкны бондын эргэн төлөлт болох $580 саяыг төлөх ёстой.

Муу менежмэнтээс болоод банк өөрөө үүнийг төлж чадахгүй нь нэгэнт тодорхой болсон.

Тус банкны гүйцэтгэх захирал аравдугаар сард бондын хөрөнгийг дураар зарцуулсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаад байгаа юм.

Төсвийн алдагдал нь ДНБ-ийхээ 20 хувьд хүрээд байна. 2016 оны үндэсний ДНБ өсөлтгүй гарах төлөвтэй байгаа. Монголын нийт өр $23.5 тэрбумд хүрээд байгаагийн $8.4 тэрбум нь засгийн газрын өр. Шинжээчдийн үзэж байгаагаар Монголын засгийн газар ирэх хоёр жилийн хугацаанд $1.7-$1.8 тэрбумын өрийг төлөх хэрэгтэй байгаа.

Ийм нөхцөлд Хөгжлийн банкны $580 саяыг хугацаанд нь төлөхийн тулд засгийн газар ОУВС-тай цаад тал нь хоёрдугаар сарын эхээр тохиролцоонд хүрэх шаардлагатай гэж ихэнх хүмүүс үзэж байна.

Moody’s Japan-ий гүйцэтгэх захирал Грэм Кноуд чуулган дээр хэлэхдээ “Эдийн засгийн өсөлтийн төсөөллийн талаар Монголын засгийн газар, ОУВС хоёр ихээхэн зөрүүтэй байгаа тул нэгдсэн ойлголтод хүрэхийн тулд хугацаа хэрэгтэй” гэжээ.

Гэхдээ тэр бондын төлөлтийг шийдэгдэх боломжгүй асуудал биш, харин хугацааны хувьд хойшлох магадлалтайг хэлсэн байна. Энэ тал дээр ОУВС-ын Улаанбаатар дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер Монголын засгийн газар, ОУВС хоёрын бодлогод тийм ч их зөрүү байхгүй тул асуудлыг өөдрөгөөр харж байгаагаа хэлжээ.

Тэр бас ОУВС-Монголын засгийн газрын хэлэлцээр саадгүй явж байгааг дуулгаад ОУВС бусад олон улсын санхүүгийн байгууллагуудыг аврах ажиллагаанд оролцуулахаар ажиллаж байгаа гэлээ.

Чуулганд үг хэлсэн хүн бүр Монголын гол түүхий эд болох зэс, нүүрсний үнэ ханш хурдтайгаар сэргэж эхэлснийг дурдаж байв.

Америкийн туршлагатай хөрөнгө оруулагч Николас Эдвардс “Эдийн засгийн бурхад Монголыг дахин ивээж эхэллээ” гэсэн нь олны анхаарлыг татжээ. Тэрээр нүүрсний үнийн сэргэлтээс хамаараад Монголын олборлогчид ашигтай ажиллаж эхэлсэн, сүүлийн зургаан долоо хоногийн турш зэс нь олон улсын зах зээлд хамгийн сайн үзүүлэлттэй металл болоод байгааг өгүүлсэн юм.

Чуулганд оролцсон хүн бүр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг ихээр татахын тулд Монголын засгийн газрын заавал хийх ёстой алхам нь эдийн засгийн бүтцийг өөрчлөх, төсвийн реформ хийх гэдгийг онцолж байлаа.

ОУВС-ын суурин төлөөлөгч Сакер түүхий эдийн үнэ ханш өссөн ч гэсэн Монголын улс төрчдийг төсвийн зардлаа нэмэхгүй байх хэрэгтэйг анхааруулжээ.

“Түүхий эдийн үнэ өсөхтэй зэрэгцээд төсвийн зардлаа нэмдэг өнгөрсөн 10 жилийн түүхээ давтахгүйгээр хуримтлал бий болгохын тулд бие даасан баялгийн сан зэрэг санхүүгийн хэрэгслүүдийг ашиглах хэрэгтэй” гэж тэр Монголын эрх баригчдад хандаж зөвлөсөн байна.

Эх сурвалж: Nikkei


Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Ooroor helbel handheld oshoor tosvoo nemeh n savlagaa uusdeg
    2016 оны 12 сарын 18
Сонин хачин