-ТЕГ-ын дарга Б.Хурц:Ц.Нямдорж С.Зоригийн амь насаа алдсан хэргийг улстөржүүлдэг, байнга тагнуулын байгууллагаар оролддог гэж мэдэгдэв-
Тагнуулын ерөнхий газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар мэдээлнэ гэсэн зар тархсан. Үүнээс хэд хоногийн өмнө Хууль зүйн сайдаар томилогдсон Ц.Нямдорж С.Зоригийн амь насын хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлах хэрэгтэй гэсэн мэдэгдэл хийж байсан болохоор энэхүү дуулиант хэргийн талаар мэдээлж, тухайлбал захиалагчийг нь зарлах гэж байна гэсэн таамаглал тархсан билээ.
Тэгвэл энэ удаад ТЕГ-аас эсрэгээрээ сайд Ц.Нямдоржийн талаар мэдэгдэл хийлээ.
Тухайлбал, ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурц:
-Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн талаар нилээд ярьж байна. Энэ асуудалтай холбогдуулж бид тодорхой мэдээлэл өгөх нь зөв гэж үзлээ. Ц.Нямдорж гуай С.Зоригийн хэргийг дандаа цагдаагаас салгаж ирсэн. Ямар санаа зорилготойг мэдэхгүй. Одоо тэр дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу С.Зоригийн хэргээр ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах тухай заасан байдаг. Ц.Нямдорж гэж хүн энэ ажлын хэсгийг дөрвөн удаа тараасан. Улс төрийн зорилгоор. Ц.Нямдорж гуай сайд болохоороо дандаа Тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг. Энэ хүн өөрөө хууль зөрчдөг. Одоо тэр нь эхэлж байна.
Ц.Нямдорж Алтанхуяг, Дорлигжав гэсэн бүлэглэлтэй. Энэ бүлэглэл хүчтэй, мөнгөтэй, хэвлэлтэй, сайттай. Энэ бүлэглэл 'Эрдэнэт' үйлдвэртэй холбоотой маш их шахаа хийдэг. Ц.Нямдоржийг сайд байхад нь Эрдэнэттэй холбоотой Дорлигжавын 800 гаруй мянган ам.долларын хэрэг замхарсан. Баримтууд бий гэж мэдэгдлээ. Тэрээр
-Эрдэнэтийн ерөнхий захирлыг “Хаан жимс” дээр дуудаж, “Энэ гэрээг үргэлжлүүл” гэж, одоо III цахилгаан станцын захирал Анхбаяр гэж залуугаар дамжуулан 42 сая долларын бараа материал шахсан байдаг. Нямдорж хүү Анхбаяр болон сая дурдсан Анхбаяр нараар дамжуулж шахаа хийдэг. Энд бас "Хан хуур", "Хаанхуур" гэсэн хоёр компани байдаг. Энэ дээр санхүүгийн залилангийн юм харагдаад байгаа юм. Улсын бүртгэлийн газарт Анхбаярт Хан хуур, Хаанхуур гэж компани байсан юм шиг байгаа юм. Тэгэхээр Нямдорж тэнд өөрчлөлт оруулах магадлал бас байгаа. Би бол одоо шалгаж чадахгүй байгаа. Ер нь би мөнгө угаасан хэрэг, манай цагдаа шалгах хэрэг мөн байна гээд сүүлийн гурван сар АТГ, прокурорт хандаад ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй байгаа. Өнөөдөр намайг ингэж дуугарснаас хойш АТГ, прокурор шалгах байх гэж харж байгаа гэж ярьсан юм.
Мөн Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг гадны тагнуулын байгууллагатай холбоотой гэх 42 хуудас материал ТЕГ-аас алдагдсан талаар олон жил яригдаж байгаа. Энэ талаар ТЕГ-ын дарга Б.Хурц "Ц.Нямдорж гэж хүний тагнуултай холбоотой асуудал бол гадны тусгай албатай холбоотой байсан эсэх талаар асуудал. Манай байгууллагын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг энэ хэргийг шалгасан. Одоо нууцлалын зэргээс гаргахад бэлэн болсон" гэв.
Ийн ТЕГ-аас мэдээлэл хийсний дараа Хууль зүйн сайд Ц.Нямдорж хариу мэдэгдэл хийнэ гэсэн зар тарлаа. Тэрээр 12:40 цагт Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу.
Ц.Нямдорж:Б.Хурцыг ч хуулийн байгууллагын бүх дарга нарыг солино
Цагдаа хуулийн байгууллагын дарга нарыг сольж эхэллээ
Сэтгэгдэл байхгүй байна