• Эхлэл
  • Ц.Нямдорж:Б.Хурцыг ч хуулийн байгууллагын бүх дарга нарыг солино

Ц.Нямдорж:Б.Хурцыг ч хуулийн байгууллагын бүх дарга нарыг солино

2017/10/26

ТЕГ-ын дарга Б.Хурц өнөөдөр Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг улстөржүүлдэг, сайд болохоороо тагнуулын байгууллагыг оролдож эхэлдэг, Эрдэнэт шахаа хийдэг гэсэн мэдэгдэл хийсэн /Холбоотой мэдээг ЭНД дарж уншина уу/

Үүний хариуд сайд Ц.Нямдорж мэдээлэл хийнэ гэсэн зар тараад байгаа талаар мөн бид мэдээлсэн билээ. Ц.Нямдорж 12.40 цагт Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулсан байна. 

 

Б.Хурцыг нэг цагийн дотор солино

 

Тэрээр ийн ярьжээ.

-Би Б.Хурц хэвлэлийн хурал хийсэн гэж сонссон. Зул бөхөхийнхөө өмнө бамбарлаж асдаг. Тэр л болж байгаа болов уу гэж бодож байна. Би УИХ-д байр сууриа хэлсэн. Намд үйлчилдэг хууль хяналтынхныг илчилнэ гэж. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц л даа. Солигдохоо мэдчихээд тэгж байна. Энэ асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Нэг цагийн дотор амжиж энэ асуудал шийдэгдэнэ. Цаашдаа олон ийм асуудал шийднэ. Би хэлж амжаагүй үг байгаа. Хэлнэ гэж яриад байсан даа. Эрдэнэтийн 49 хувийг ийш тийш болгох ажиллагаанд Б.Хурц оролцсон. Эрдэнэбилэг гэдэг хүний хуурай дүү. Ийм оролцоотой юм. Эрдэнэтийн асуудлаар шийдвэр гаргахаас урьтаж ийм мэдээлэл хийж байна.

-Таныг Эрдэнэтэд шахаатай гэсэн?

-Миний хүү Анхбаярын тухай нэг юм гараад, учир нь олдоод олон нийт ойлгосон. 42 саяын Анхбаяртай холбоотой мэдээллийг би мэдэхгүй 

-Тантай холбоотой материал ТЕГ-аас алдагдсан гэсэн?

-1998 онд Баатар хулгайлж авсан баримт.

-Таныг С.Зоригийн ажлын хэсгийг байнга сольж байсан гэсэн?

-Ажлын хэсгийг би огт сольж байгаагүй. Харин одоо бол солино. Захиалагчийг нь олоогүй байж хүн захиалгаар алсан гэж шийтгэнэ гэж юу байсан юм бэ.

-Таныг тагнуул гэсэн?

-Тагнуул биш гэдгийг нь нотолчихсон шүүхийн шийдвэр надад байна. Нэгдүгээрт Нямдоржийг гадаадын тагнуул гэж гүтгэсэн байна. хоёрдугаарт, гүтгэсэн байна гэж шийдсэн шүүхийн шийдвэр надад байна.

-Б.Хурцыг ТЕГ-аас нь солино гэсэн үг үү?

-Солино. Соль гэдгийг би Ерөнхий сайдад хэлнэ.

-Яагаад нөхцөл байдал ийм болчихов оо. ТЕГ-ын дарга нь ХЗДХ-ийн сайдынхаа талаар мэдээлэл хийж байна?

-Хуулийнхан толгой дээр гарч, Элбэгдорж улсыг түйвээсний илрэл л энэ. Далдуур дээрэм хийдэг, төрийн толгой дээр гарсан. Өнөөдөр Хурц хурал хийснээрээ өөрийгөө юу хийж байснаа илчиллээ. Би энийг цэвэрлэнэ.

-Дамирангийн Энхбатыг хулгайлж ирсэн асуудалтай холбоотой юу?

-Д.Энхбатыг хулгайлж ирсэн хүн чинь Б.Хурц шүү дээ. 

-Та тэр үед сайд нь байсан?

-ТЕГ-ын үйл ажиллагаа надад мэдэгдэхгүй л дээ. Тэр байшин дотроо бүх зүйл нь нууц явагддаг юм. Европоор дамжуулж хулгайлах, тариа хийсэн зэргийг зохион байгуулсан хүн шүү дээ.

-Та айж байна уу, хамгаалалт авах уу?

-Би ямар ч хамгаалалт авахгүй. Тавилангаараа болог. Өөрийнхөө мэддэг хүрээнд энэ муухай хуйвалдааны сүлжээнд орсон хүмүүсээс цагдаагийн байгууллагыг маш хурдан цэвэрлэнэ.

-Хуулийн байгууллагуудын бүх дарга нарыг солих уу та?

-Солино оо, солино.

Цагдаагийн удирдлагыг сольж эхлээд байгаа мэдээллийг дор дарж уншина уу 

Цагдаа хуулийн байгууллагын дарга нарыг сольж эхэллээ

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу

Ц.Нямдорж ажлын хэсгийг 4 удаа тарааж байсан гэв


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна