• Эхлэл
  • Кино шиг амьдралтай хязгааргүй мөрөөдөгч

Кино шиг амьдралтай хязгааргүй мөрөөдөгч

2018/10/01

“Гурван Марал” группийн үүсгэн байгуулагч Ч.Мөнхтөр “Хүн амьдралд алдаж онож байж амжилтанд хүрдэг” хэмээх үгийг нэг бус удаа хэлэх. Яалт ч үгүй амжилттай ажиллаж байгаа бизнесмэн хүний хэлэх ёстой л үгсийн нэг. Гэхдээ түүний амьдралын түүхийг сонсоход энэ үгний учир утгыг бие, сэтгэлээрээ мэдэрсэн, туулсан замналынх нь илэрхийлэл болсон үг гэж яалт ч үгүй санагдана.

Дунд сургуулийн 14-хан настай жаал хүү гэртээ талх барьж, айлуудад худалдаалан, дунд сургуулиа төгсөнгүүтээ дэлгүүрт ачигч хийж, амьдралд хөл алдан орцонд хоноглож, мөхөөлдөсний гурилан торх хийж, Улаанбаатарын мөхөөлдөсний үйлдвэрлэлийн 60 хувийг хангаж, дахиад л уруудаж боссон амьдралаа барилгын туслах ажилтнаас эхэлж, өдгөө барилгын материалын таван компанийг үүсгэн байгуулж, бүтээгдэхүүнээ ОХУ руу экспортлож, 2022 гэхэд Монголдоо 100 бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөө зурчихаад явж байгаа гэхээр түүний амьдрал яг л кино шиг. Кино кинодоо баргийн зохиолч барамгүй адал явдалтай, адармаатай гэхдээ аз жаргалтай амжилттай, өрнөлттэй. Ингээд кино шиг амьдралын эзэнтэй танилцацгаая.

Хязгааргүй мөрөөдөгч

Зах зээлийн нийгэмд шилжихийн өмнө бүр 1987 онд Дорнод аймгийн Өнчин цагаан гэж нэрлэгддэг байрны гадаа өглөө бүр 14 настай Мөнхтөр үүрээр жигнэсэн халуун талх худалдаалдаг байж. 11 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлийн эзэн аав нь юм юманд эвтэй, хөнгөн цагаан коструул /кострюль/- ээр машины моторыг боогоод засчихдаг. Төмрийн “хог” цуглуулаад ГАЗ-69 машин босгочихож байсан хүн.

Юм болгоныг сонирхон оролдох дуртай 15-хан настай хүү нөгөө авдаг, өгдөг нь ч юу билээ гэдэг шиг банкны тухай ойлголт ч үгүй байхад тэдэн төгрөгийг тэдэн хувийн хүүтэй зээлбэл тэдэн төгрөг болно гээ л шөнөжингөө бодоод нэг сая төгрөг гэдэг тоог ч мэдэхгүй, ээжээсээ “999 мянга 999-ын дараа ямар тоо байдаг юм бэ” гэж асууж байсан гэдэг. Сая төгрөгийг тэгж мэдэж байсан хүү өнөөдөр хэдэн тэрбумын бизнес эргэлдүүлж байгаа ч ямар ч бизнес, ямар ч ажилд мөнгө санхүүжилт гол асуудал биш, дэд бүтэц л чухал гэж ярьж байгаа нь дээр өгүүлсэн амьдралаас олж авсан зарчим нь болов уу.

15-хан настай хүү 70 кг-ийн гурил үүрээд ачигч хийж байсан гэхээр өнөөгийн зарим хүний хувьд итгэмээргүй санагдаж магадгүй. Ээж, аавдаа нэмэр болох гэж “сайн дураараа” ачигч хийж эхэлсэн хүү дарга нартаа “2-р гурилыг 1-р гурил гэж хүмүүст зарж байгаа чинь шударга ёс уу” гэж “хэл ам” таталсан хэрэг тарьжээ. Алсуураа шударга занг нь үнэлж байсан аав нь хүүдээ сургамж өгөх гэж даргатайгаа үгсэн хуйвалдаж баахан загнуулж. “Ийм сайхан эцэг, эхийнхээ нэрийг гаргалаа” гэж Дорнодын Орон сууцны 4-р конторын Тожил дарга загнах мөртөө, контортоо ажиллуулахаар болжээ. Амьдралаа анх удаагаа л хөлсөө гартал загнуулсан нь тэр. Гээд бас болоогүй ээ анхны цалин 110 төгрөг авч, аавдаа 39 төгрөгөөр “ганзай”, ээж дүү нартаа 5 төгрөг 90 мөнгөний еэвэн, 11 төгрөг 20 мөнгөний чихэр, өөртөө мөрөөдөл нь болсон гитараа 65 төгрөгөөр аваад хөл газар хүрэхгүй баярлаж байсан гэдэг.

Эр хүн туг ч барина

Тугал ч хариулна

Энэ үг ч хатуудмаар үе бол 1999 он. Тэр жил хотод ирсэн гэхээр 16 настайгаасаа бизнес эхлүүлсэн хүн гэхээр аатай л “амьтан” хотод ирсэн байх гэмээр атал хэрэг тарьчихаад хот руу ирсэн гэнэ. Наадмын өдрүүд гэхээр халуун зун хөвөнтэй тэрлэг хэдэрчихсэн, очих айл, тоолох мөнгөгүй “нөхөр” хотоор нэг алхаад л байж алхаад л байж. Тэр үед надад байсан ганц зүйл “Цагаан цайлган сэтгэл, тусч чанар л байсан” гэх.  Орцонд хонож, яс, лааз түүж явсан хүний үг гэхэд хэтэрхий гэмээр өөдрөг. Өөрийгөө хязгааргүй мөрөөдөгч гэж тодорхойлсны учир ч энэ байх. Яс, лаазаа тушаагаад л ганцаараа дотроо яриад л алхаад байдаг. Хүнтэй ярилцалгүй нэг сар ч болчихдог байсан, ганцаараа ярьсаар галзуурчихмаар ч үе байсан гэх. Өөрийгөө шоолох мэт мушилзан, тэр үедээ бас лааз, яс түүдэг хүмүүстэй нийлэхгүй захлаад яваад байдаг байсан юм аа гэх.

Ингээд гурвалжингийн гүүрний хавьцаа нэг ажил хийхээр болж. Нэг агуулах шиг байранд хуруунаасаа цус шүүртэл цементэн блок цохино. Агуулахынхаа буланд унтчихна. Өглөө босоо л дахиад л нүднэ. Бас ч гэж хийсэн ажлаа  тооцоолоод картонон цаасны өөдөс дээр бичээд байдаг. Мань эрийн тооцоогоор 40 гаруй мянган төгрөгний цалин авахаар байж. Гэтэл цалин гэж 3 000 төгрөг өгч. Ядарсан, гудамжны хүн, энэ л болно гэж дээрэлхэж байгаа л хэрэг байж. Шазруун зан нь хөдлөөд нөгөөдүүлтэй хэрэлдээд сүүлдээ зодуулж, голдоо ортол гомдон 3 хоног 3000 төгрөгөө атган хөмхийгөө зууж суусан гэдэг. Ингээд буцаад л нөгөө орц руугаа. Орцны “хэд” нь “Энэ ойрд харагдаагүй, хаанаас гараад ирэв” гэж л байсан биз. Нүүр ам нь хөх няц, цус нөжиндөө хутгалдсаныг маарлиар боомор аядчихсан. Ингээд дахиад л алхаад л алхаад л... 4-р хорооллын 58-р цэцэрлэгийн гадаа алхаж явтал маү гоё үнэр үнэртэж. Тэр нь маруужингийн /мөхөөлдөс/ гурилан торхны үнэр байж. 150 төгрөгөөр нэг мөхөөлдөс авч идэж. Амьдралдаа идэж байсан  хамгийн сайхан амттан тэр мэт санагдаж, монгол хүн хар шөл уугаад хөлс чийхардаг шиг хөлс нь асгарч, хэхэрч байсан гэдэг.

Ингээд би заавал энд ажилд орно гэж шийдэж. Мөхөөлдөсний цехийн босс бололтой хүрэн костюм, пиджак, хүрэн нүдтэй шилтэй эр хүрэн машинаас буугаад ирэхээр нь ажилд аваач гэж гуйж. Харваас гудамжны царайтай, толгойгоо маарлиар боочихсон “амьтан”-ыг хэн л ажилд авах вэ? Өдөр болгон үүрээр 05 цагт ирээд л хүлээдэг, ирэхээр нь гуйдаг, орой шөнө дөл хүртэл хүлээгээд дахиад л гуйдаг. Босс сүүлдээ залхсандаа зөвшөөрч, хог түүж, жорлон угаах маягийн л ажил хийлгэхээр болж. Жорлон руу орж угаах гэхдээ угаалгын резинэн бээлий гээчийг анх удаагаа л харж, яах учраа ч мэдэхгүй, улаан гараараа жорлонгоо цэвэрлэнэ. Жорлон цэвэрлэх, хог хаях ямар л ажил байна, бүгдийг нь хийнэ. Тэндээ хувцас сольдог өрөөнд нь унтчихна. Харваас л хөөрхий гудамжны “амьтан”, энд хоноод байна даа гэж бүгд мэддэг. Бараг л юм хумандаа хянамгай ханд, хулгай зэлгий хийх вий ч гэлцдэг байсан гэнэ. Ингэсээр сүүлдээ “маруужин”-гийн машин эвдэрлээ гэхэд төмөрт уртай аавын хажууд өссөнийх засчихдаг. Сүүлдээ ч Мөнхтөргүй ч ажил гэж байхгүй болж.

Ингэсээр анхны цалин 47 500 төгрөг авлаа. Нарантуул зах руу гараад л 7 000 төгрөгөөр хүрэн ботинк, 2000 төгрөгөөр цагаан цамц, 4500 төгрөгөөр хар саарал брюкэн өмд бүр цагаан оймс авч. Анх ажилд авсан хүрэн хослолтой, хүрэн шилтэй босс-оо дууриаж байгаа хэрэг. Бас болоогүй ээ, “Маркетингийн 22 хууль” ном аваад, Соёлын төв өргөөнд хошин шог үзээд, Сүхбаатарын талбайд мөнөөх цагаан цамц, брюктэйгээ зургаа авахуулсан гэж байгаа юм. Одоо ч энэ зураг нь түүнд бий. Яг л кинонд гардаг шиг өхөөрдмөөр ч юм шиг хөөрхөн түүх.   

Ингээд гурван сар гаруй ажиллаж. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь гэдэгчлэн, толгой нь ажиллаж “зайрмагны цехийн зөвхөн аягыг л хийгээд байвал болох юм” гэж сэтгэж. Яагаад гэвэл тэр зайрмагны аягыг хийх л хамгийн асуудалтай, үнэр танар ч дийлдэхгүй, зарлага ихтэй. Төмөрчин аавын хүүгийн хэргийг гаргаж, ааваасаа зурснаараа зайрмагны эвдэрхий машин засаад авч. Цех болгоноор явж “Аягыг чинь хийгээд өгье. Та нарт амар шүү дээ” гэж ятгаж. Нэг л мэдэхэд Улаанбаатар хотын зайрмагны 60 хувийн аягыг хангадаг болоотхож. Гэтэл дахиад л “баларч”. Мөнгө харсан хүн сагаж, шоудаж, нэг л мэдсэн чинь бизнес “будаа”.

Өдөрт хоёр бэлэн гоймон идсэн “хэрэгтэн”

Хэчнээн ч цохьсон босоод л ирдэг Дондогмаа гэдэг хүүхэлдэй шиг Мөнхтөр дахиад л нэг бизнесийн санаа олов. Тэр бол социализмын үеийн  мөнгөлөг бөглөөтэй шилтэй тараг. Гол нь эко бүтээгдэхүүн, ямар ч зар сурталчилгаа хэрэггүй, хүн болгоны дурсамжинд байдаг амт.

Ингээд “Сүү” ХХК-ийн хогийг ухаж 4950 шил олж ирэв. Дээр үеийн шил, мөнгөлөг таглаа хамгийн чухал байсан хэрэг.

Ингээд л нэг нөхөртэй нийлээд хийж өгч дээ. Тараг бүрийг шилэнд нь бүрэлдүүлнэ. Амтыг нь бүрдүүлэхийн тулд өөрөө ууж үзнэ. “Тараг уугаад байхаар арьс их гоё болдог юм билээ шт” гэж инээж байна. Ингээд л шилтэй тарагаа бариад дэлгүүрүүдээр явна. “Уугаад үз” яг л хуучны амтаараа байгаа гээ л ятгана. Төд удалгүй дэлгүүр болгон утастдаг болов. Ашиг орлого ч сайжраад хамтрагч нь урд шил хийлгэхээр болж, Мөнхтөр “ар”-ыг нь найдвартай даадаг болохоор хөдөө, гадаа явчихна. Мөнхтөр бүх орлого зарлагаа яс бичнэ. Нэг өдөр хоёр бэлэн гоймон идчихээд тэрийг яс зарлагын дэвтэр дээрээ бичихэж. Хамтрагч нь харин

-Чи өдөрт хоёр бэлэн гоймон идээд байх даа яадгын гэж. Уур нь хүрээд гараад явдаг юм байгаа биз дээ.

-Нөгөөх тарагны бизнес яасан бэ?

-Намайг явчихаар тэгээд нэг их олигтой юм болоогүй байх аа. Амтыг нь тааруулах гээд бас явдалтай л даа. Өөрөө исдэг тараг болохоор жоохон байнгуут хоолой дээрээ шар тунадас үүсчихнэ. Уг нь яг л эко бүтээгдэхүүн л дээ. Тэгээд ч нөгөөдөх маань шилийг нь урд хийлгэхдээ жаахан өөр хийлгэчихсэн. Хамгийн гол нь хуучны амт, бөгөөд тэр шил, таглааны “дурсамж”-ийг тэр чигээр нь хадгалах нь чухал байсан юм. Тэрийг “манай хүн” ойлгоогүй л дээ...      

Цуцашгүй мөрөөдөгч маань дахиад л эрэлд гарав. Гэхдээ энэ удаад барилгын “хар” ажилчнаар ажиллах болов. Тэгэх бүрдээ барилгад юу хэрэгтэйг ажиглаад л байж. Тэгж тэгж, барилгын хуурай хольц хийх хэрэгтэй юм байна гэж ойлгож. Ингээд 16 сая төгрөгтэй бизнесээ эхлүүлэв. Хуурай замаск хийхэд шаардлагатай орц, бүтээгдэхүүнээ хийгээд савлах 1000 ширхэг шуудай Хятадаас авчрахдаа, буцах зардал нь ч хүрэхээ байж, эхнэрийнхээ нотбуукийг, гэрийнхээ хөргөгчтэй зарж байсан түүх бий.

Бас дараа нь нэг тоног төхөөрөмж нэг хүнээс зээлээд авч. “Би чамайг ямар хуурах гэж байгаа биш” гэж уйгагүй гуйсаар байгаад авсан гэдэг. Харин одоо тэр таван салбар компанитай.

 

2022 онд 100 бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

Ч.Мөнхтөр захирал 2022 он гэхэд 100 бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болно гэж нарийн тооцоолоод байгаа. Анх жилд нэг үйлдвэр байгуулна гэсэн зорилт тавиад байсан бол 2016 оноос жилд гурван үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй болж. Түүнд цаг хугацаа багадаж байх мэт санагддаг биз. Яаж энэ бүхнийг хийж гүйцэлдүүлж байна даа гэхэд

-Анх хэдхэн ширхэг хуурай замаск хийж ууталчихаад сууж байхдаа нэг л их сайхан санаа амарч ирээдүйд иймэрхүү анзааны юм хийнэ дээ гээд дотроо төлөвлөж байсан. Яг л тэр дагуу л явж байна. Анх авч засварлан үйлдвэрийнхээ суурийг тавьж байсан эвдэрхий төхөөрөмжөө хадгалчихсан байгаа. 100 бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн баяраа тэмдэглэхдээ тэр төхөөрөмжөө гаргаж харуулна гэж.

-Амжих уу?

-Амжилгүй яах вэ. Ер нь тэгээд би бол суурийг нь зөв тавиад л “өрөөд өрөөд” явчихад  салбар үйлдвэрүүд босоод босоод явчихна гэж боддог. Суурийг нь, “дэд бүтэц”-ийг нь сайн бэлтгэх хэрэгтэй. Цаашаа асуудалгүй дээ.

-“Дэд бүтэц” гэж боловсон хүчин, ажиллах зарчим, ерөнхий дүрэм гуримыг хэлж байна уу?

-Ай даа. Одоо жишээлбэл би ганцаараа таван салбар компанийн хаана юу болж байгааг мэдэж чадахгүй. Би бүр аль хоёр жилийн өмнөөс “хяналт”-аа алдчихсан шүү дээ. Тийм болохоор салбар бүрийн удирдах ажилтан чухал. Би хүмүүстээ чамд ямар ч ажил даалгаж болно, нэг л өдөр өөр газар ч томилно. Тийм болохоор орныхоо хүнийг бэлтгэж байх ёстой гэдэг юм. Ямар ч хүнийг ажилд авсан цэвэрлэгчээс эхлүүлээд шат шатаар нь дамжуулна.

Ирэх жил би охиноо компанидаа ажиллуулна гэж бодож байгаа. Багахан цалин өгөөд, хүн орж ирэхэд мэндэлж, цай аягалж өгөхөөс эхлээд бага багаар ажил сураг гэж бодож байгаа.

-Охин тань аравхан настай биз дээ? Чадах болов уу?

-Чадалгүй яах вэ? Аливаа ажлыг багаас нь эхэлж сурах хэрэгтэй. Манайхан чинь одоо нэг л их гадаад, дотоодод их, дээд сургууль төгссөн хүмүүс. Намайг бараг ам ангайтал бизнес төлөвлөгөө, удирдлагын ухаан яриад л. Яг ажил хийх гэхээр паг. Ийм хэрийн зүйлд хэдий хэмжээний зардал, ямар бүтээгдэхүүн орох вэ гэхэд яг номоо харахгүй бол чадахгүй байна аа гэх жишээний. Тэгээд надад ийм цалин, нөхцөл хэрэгтэй гээд хийж эхлээгүй байж, нэхэх жишээний. Хүний сурсан мэдсэнээс гадна, сэтгэл чухал. Хүн болгон өмнөх ажлаа сайн хийгээд сурчих хэрэгтэй шүү дээ.

-Нэг талаасаа ажил олгогч нар сайн ажилтан олдохгүй юм гэх, нөгөө талаасаа ажил хайсан ажилгүйчүүд дүүрэн гэх. Гол нь ажил “хийх” сайн мэргэжилтэн олдохгүй байх шиг.

-Тийм ээ. Миний яриад байгаа компанийн “дэд бүтэц” гэдэг эндээс эхэлж байгаа шүү дээ.

Ийн яриа маань “хүний” асуудал руу яалт ч үгүй шилжив. Ч.Мөнхтөр захирал .... онд “Санааг санхүүжүүлнэ” гэсэн уриатай 100 сая төгрөгний сантай, Үнэхээр юм хийх санаа зорилготой залуусыг 20 сая төгрөгөөр дэмжих. уралдаан зарлаж. Одоогийнхоор “Шарк танк” нэвтрүүлэг л гэсэн үг. Сонинд зарлал гаргаж, яг 186 хүнтэй уулзаж. Харамсалтай нь яг түүний “хүсч” байсан амжилттай төсөл, ажил хийх залуус олдсонгүй. Өөрийнх нь хэлж байгаагаар үнэхээр чин сэтгэлтэй байсан учраас гудамжны граффит зураг зурах залууд л мөнгөн тусламж үзүүлжээ. Одоо ч гэсэн хэн нэгэн ямар нэгэн ажлын талаар ярилцахаар ирэхэд Ч.Мөнхөр захирал огтхон ч цааргалалгүйгээр уулздаг. Үнэхээр хийж чадвал барилгын салбартаа Монгол залуус үйлдвэрлэл эрхлээсэй гэж хүсдэг. Хэн ч ирсэн зааж зөвлөөд явуулдаг. Түүний ажилтан нэг залуу “Та өөртөө өрсөлдөгч бэлтгээд байх юм” гэж шүүмжилж байсан гэдэг. Харин Ч.Мөнхтөр барилгын үйлдвэрлэлийн салбарт Монгол залуусаа өшөө олон болгоно гэж ярих.

Тэрээр өнөөдөр яг барилгын материалын салбарт Монгол эзэнтэй үндэсний үйлдвэрлэгч цөөн байгаад харамсдаг. Тиймдээ ч олон болгохын тулд өөрийн чадах бүхнийг хийх хүсэлтэй  

-Би гадаадын хөрөнгө оруулалтыг буруутгахгүй. Тэд ч гэсэн ашиг орлого олж, гэр бүлээ тэжээх гэж л яваа хүмүүс. Тэднийг буруутгаж, үзэн ядаж эсвэл, би Монгол хүн гэж цээжээ дэлдэхийн оронд Монголын залуусаа дэмжээд өөрсдөө үйлдвэрлэлээ явуулдаг болох хэрэгтэй. Энэ л жинхэнэ эх орноо хайрлах үндэсний үзэл. Манайхан нэг хэсэг барилгын салбар гээд л шуурсан. Баахан зуурмагны үйлдвэр байгуулсан. Нэг нь зуурмагны үйлдвэр байгуулахад л нөгөөдүүл нь шуурна. Тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийгээд байгуулсан үйлдвэрийг хараад би үнэндээ гайхаж байгаа юм. Бүтээгдэхүүний зах зээл хаана байна, ямар зардал гаргах, ямар ашигтай нөхцөл байгааг ерөөсөө тооцоолоогүй. Би бол хайран мөнгө л гэж бодно. Тийм болохоор би барилгын материалын үйлдвэрлэл, ер нь тэгээд ажил хийх гэж байгаа хүн болгонд өөрийнхөө чадах бүхнийг хэлж ярьж, зааж өгөхийг боддог. Энэ бол миний үүрэг юм.

Үнэхээр ч тэрээр хэнийг ч ирсэн ярилцаж, зөвлөлдөж, хамтарч ажиллахыг эрхэмлэдэг ажээ. Түүнээс олон хүн ирж зөвлөгөө авснаас хоёр, гурван нь ч үйлдвэрээ байгуулан амжилттай ажиллаж байгаа гэнэ.

Тэр үйлдвэрлэлээ зах зээлийн 7 хувиас хэтрүүлэхгүйгээр “барина” гэсэн төлөвлөгөөтэй. Энэ нь бусад залуусаа дэмжих сэтгэлийн зэрэгцээ бас үйлдвэрлэлээ байнгын үйл ажиллагаагаар хангах, илүү “урт настай” байлгахын тулд гэсэн давхар бодлоготой. Түүний “анзаарсан” бас нэг зүйл нь барилга барих гэж байгаа хүмүүс бүтээгдэхүүн болгоныг энд тэндээс худалдаж авах нь төвөгтэй. Тийм болохоор шаардлагатай материалуудыг ихээр биш ч олон төрлөөр үйлдвэрлэж чадвал нэг нь нөгөөгөө нөхөх, худалдан авагчдад ч амар дөхөм байх. Басхүү нэг үйлдвэрт доголдол үүсэх буюу санхүүгийн хувьд асуудал тулгарвал нөгөөгөө нөхөх гэх мэтчилэн олон талаас нь бодож.

Хүчтэй салхи гарахад аварга том мод ч булгаран унадаг, харин зөөлөн өвс бол нахилзаад л үлдэнэ гэх энгийн мөртлөө ауагаа филисофи аж. Уг нь тэд 2016 оныг санхүүгийн хямралтай хүнд байх нь гэж тооцоолж, нэлээд бэлтгэлтэй байж. Харин хямрал тийм хүнд туссангүй. Хямралд тэнэг, залхуу хүн л өртдөг гэх. Гайхалтай нь Монголын гэсэн тодотголтой барилгын материалыг тэр анх удаа ОХУ руу туршилтын экспорт хийгээд байгаа. Нэг үе “ах нар”-аар барилгаа бариулж, нэг үе цемент шохойгоо хүртэл Хятадаас авч байсан монголчуудын эхний бүтээгдэхүүн экспортонд гарч эхэллээ гэдэг сонин байгаа биз. Чанараар бол ах нарынхаас дутахгүй, Эрхүү мужийнхны хувьд “цаана”-аас бүтээгдэхүүн татаж байхаар Монголоос татчихвал хямд тусна гэх мэт бас л сонирхолтой шийдэл байна лээ.

Ч.Мөнхтөр захирал мөнгө бодож ажил хийж болохгүй, хүнээ хайрлаж ажлаа хийх хэрэгтэй гэнэ. Ажлаа л хийж чадвал мөнгө дагаад л ирнэ. Харин зөвхөн мөнгө бодож ажиллах юм бол алдаа гарах магадлалтай гэнэ. Үнэхээр ч тийм. Яг л энэ хайр бодох сэтгэлээс нь 100 бүтээгдэхүүн ургаж гарсан болов уу? Олон төрлийн үйлдвэрлэл эрхлэх тухайтад барилга барих гэж байгаа хүмүүс нэг дороос олон төрлийн бүтээгдэхүүнээ авчихвал өөрсдөд нь ч хэрэгтэй шүү дээ гэх. Тиймдээ ч барилгын материал үйлдвэрлэгчдээ хамтарч ажиллахыг урьж, уриалж байна. Ашиг гэхээсээ илүү олуул нэгдэж ажиллахад ямар их хүчтэй байж болохыг харуулахыг хүсч байгаа гэнэ. 

Түүнийг ямар нэгэн юм хийхэд буруутгаж, гайхаж байсан хүн олон. Басхүү ажлын явцын дунд хаяад явсан нь ч бий. Дээр өгүүлснээр “эрэг”-ээс хөл алдан унаж, итгэлээ алдаж, зарим хүмүүст хулхидуулж... Гэхдээ “Миний зам зөв явж байгаа гэдэг бас харагдаад л байгаа. Зам урт” гэж тэрээр хэлж байна. Итгэхэд бэрх кино шиг амьдрал туулсан шиг ээ сонсоод гайхмаар олон зүйлийг тэр хэлэх. Магадгүй олон олон шинэ сонин мэдээ гарах байх. Урт замд уншигч тантай олон удаа уулзах байх аа, Ч.Мөнхтөр захирал.   

"50 ЧУХАЛ ХҮН" номноос


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (2)

  • ..
    yostoi dondogmaa yum daa
    2018 оны 10 сарын 01
  • Зочин
    MUNDAG yum aa
    2018 оны 10 сарын 01
Сонин хачин