• Эхлэл
  • Малала Юсуфзай: Ганц хүн ч дэлхийг өөрчилж чадна

Малала Юсуфзай: Ганц хүн ч дэлхийг өөрчилж чадна

2019/02/13

Малала Юсуфзай бол хамгийн залуудаа Нобелийн шагнал хүртсэн, Пакистаны охин. 2017 онд 17 насандаа дэлхийн хамгийн нэр хүндтэй энэ шагналын Энхтайвны шагналыг хүртсэн энэ охины түүх, эрэмгий чанар, зорилгодоо хүрэх гэсэн тууштай тэмцлийг хүндэтгэхээс аргагүй.

Олны танил болсон нь

Малала Юсуфзай 1997 онд Пакистаны Мингора хотод сургуулийн захирал, пакистаны хүүхдийн эрхийг хамгаалагчийн гэр бүлд төрсөн. Мэдээж эцгийн нь энэ байр суурь охины ертөнцийг үзэх үзэлд тууштай нөлөөлсөн хэрэг. 2009 онд “Би-Би-Си”-гийн сэтгүүлч пакистаны энэ хөндийн хотхонд очиж Малала охиныг өөрийнхөө болон өөр шиг нь пакистан охины амьдралыг өгүүлсэн тусгай блог нээхийг санал болгожээ.

Малала охин ч зөвшөөрч блог нээн пакистаны хүүхэд багачууд, охид эмэгтэйчүүдийн хүнд амьдралын талаар бичиж эхэлснээр тэр дорхноо л олны хүртээл болж алдаршсан байна. Блогийг англи хэл дээр орчуулан нийтэлснээр пакистан хүүхдүүдийн хүнд амьдрал, талибуудын байнгын дарамтад байдаг охид эмэгтэйчүүдийн амьдрал дэлхий нийтийн анхаарлын төвд оржээ. Эцэг нь ч охиндоо дэмжлэг үзүүлж байлаа. Малала “Гюль Макаи” нэрээр бичиж, тун удалгүй түүний оролцоотойгоор баримтат кино хийсэн нь мусульман охид эмэгтэйчүүдийн сэтгэл эмзэглэмээр хувь заяаны нууцлаг түүх олны хүртээл болсон юм. Улмаар 2011 онд Малала үндэсний шагнал, Олон улсын хүүхдийн шагнал хүртсэн байна.

Охин олны танил болон нэрд гарч, түүнийг дэмжин дагалддаг охид бүсгүйчүүдтэй болжээ. Сая сая хүн Малала Юсуфзайг юу хийдгийг мэддэг болж юу бичихийг нь хүлээн уншдаг болсон байна.

Халдлага

Охид бүсгүйчүүдийн хүнд амьдрал, талибуудын хавчилт шахалтын тухай охины хурц бичлэгүүд талибын хэт даврагчдад таалагдсангүй. 2012 оны аравдугаар сард Малала охин хичээлээ тараад явж байхад түүний найзуудтайгаа суусан сургуулийн авто­бусыг “Талибат” бүлэглэлийн хүмүүс зогсоожээ. Тэд хэн нь Малала болохыг асуугаад толгой дээгүүр нь буудсан байна. Азаар амьд үлдэж комд орсон охиныг эмнэлэгт хүргэсэн байна. Охины амийг аврахын тулд Их Британийн хамгийн шилдэг эмнэлгийн нэгд хүргэж, хэд хэдэн мэс засал хийн, курс эмчилгээ хийжээ.

Үүний дараа ч гэсэн Малала охиныг мусульман охид бүсгүйчүүдийн хүнд амьдрал, талибуудын шахалтын талаарх нийтлэл бичихээ болихыг нэг бус удаа шаардаж байсан ч охин дэлхий дахинаа танил болсон нэр хүндээ ашиглан өөрийн ард түмний гашуун амьдралын үнэнийг дэлхий дахинд хүргэх ажлаасаа татгалзсангүй.

Нобелийн шагнал

Малала охин хүнд шархадсаны дараа эрүүл саруул болж хэвийн амьдралдаа шилжихэд бараг бүтэн жил шаардагдсан байна. 2013 оны долдугаар сарын 12-нд Малала Юсуфзай охин 16 нас хүрсэн өдрөө НҮБ-ын албан байранд зочилж пакистаны хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудлаар олны сэтгэл хөдөлгөм үг хэлсэн юм. Түүний үг манай дэлхийн улс төрийн зүтгэлтнүүд, нэр нөлөө бүхий хүмүүсийн анхаарлыг татаж, өндөр үнэлсэн юм. Энэ хугацаанд Малалаг Анна Политковскийн болон Сахаровын, “Британийн бахархал” шагналаар шагнасан юм. 2014 онд Малала Юсуфзай 17 насандаа Нобелийн Энхтайвны шагнал хүртсэнээр энэ хүндтэй шагналаар шагнагдсан манай гарагийн хамгийн залуу зүтгэлтэн болсон юм.

Буяны “Malala Fund” сан

Нобелийн шагнал хүртсэнийх нь дараа пакистаны улс төрийн хурцадмал байдлаас болоод Малала гэртээ харих аргагүй болж Их Британид амьдарсан байна. Нобелийн шагнал түүнд эртний мөрөөдөл болох хэт даврагч талибуудын зүгээс эрхийг нь зөрчиж байгаа пакистаны багачуудад туслах сан байгуулах боломж олгосон гэж Малала хэлсэн байдаг. Хичээлээс гадуурх чөлөөт цаг, амралтын өдрүүдэд тэр сандаа ажилладаг байна.

Malala Fund сан Пакистаны хүүхдүүдийг нэгтгэж амьдралын хүнд нөхцлөөс гарахад нь дэмжлэг үзүүлдэг. Энэ сан амьдралын боломжгүйгээс болж хөдөлмөр эрхлэхэд хүрсэн хүүхдүүдэд тэтгэлэг олгох ажил хийдэг. Энэ тэтгэлгийн ачаар тэр хүүхдүүдийг сурах боломжоор хангадаг байна. Сангийн өөр нэг чиглэл бол Сирийн дүрвэгсдэд тусалж хүүхдүүдийг нь сурах боломжоор хангадаг байна. Цэргийн мөргөлдөөн болж хүүхэд багачууд нь сурч амьдрахад хүнд болсон нэг ч улс орон Малала охин, түүний зорилго нэгтнүүдийн анхаарлын гадна үлдээгүй юм.

Би Малала байна

Буу агссан алан хядагч сургуулийн автобусанд дайран орж ирээд хэн чинь Малала вэ гэж асуухад охин “Би Малала байна” гэж хашгирчээ. Энэ үг түүний амьдралыг тасалж болох байсан ч охин хожим нь “Энэ өдөр миний айдас үхсэн юм” гэсэн байдаг. Нэг жилийн дараа дэлхий дахинд “Би Малала байна.Талибуудын шархдуулсан, боловсролын төлөө тэмцэгч охин” гэдэг номыг унших завшаан тохиосон байна. Охин номоо Британийн сэтгүүлч Кристина Лемтэй хамтран бичжээ.

Энэ ном мусульман ертөнцийн бэрх амьдрал, алан хядагчдын харгислал, эгэл хүмүүсийн амьдрал, өсвөр насны охидын гунигт хувь заяаны талаар дэлхий дахинд танилцуулсан юм.

Энэ зүгээр ч нэг намтар зохиол биш, эцэс төгсгөлгүй дайны үед амьдарч байгаа пакистаны бүхэл бүтэн үеийн амьдралын түүх байлаа. Мөн энд хүн амьдралынхаа зорилгод хүрэх, амьдралын утга учир юу болохыг хар багаасаа олж мэдсэн хүний түүх бий.

Энэ жижигхэн, турьхан охинд ямар их сэтгэлийн хат, эр зориг, хатуужил байгааг итгэхэд бэрх.

Нэг хүн ч дэлхийг өөрчилж болно

Пакистаны жаахан охины энэ түүх нэг хүн ч дэлхийг өөрчилж болно гэдгийг харуулж байна. Энэ бол зүгээр л нэг өсвөр насны охин. Малала Юсуфзай зүгээр нэг Нобелийн хамгийн залуу шагналтан төдийгүй хамгийн залуу олон нийтийн зүтгэлтэн. Дунд сургуулийн сурагч жаахан охин жинхэнэ улс төрийн зүтгэлтэн шиг олон улсын арга хэмжээнд оролцож ярилцлага өгч, дугуй ширээний ярилцлагад үг хэлж, мусульман хүүхдүүдэд туслах сан байгуулж, хөтөлбөр боловсруулж, түүнийгээ удирдан зохион байгуулж байна. Малала ямагт өөрийнхөө мөрөөдөл, бодож байгаа зүйлээ шийдэмгий ярьдаг. Тэр бүрийд нь шинэ санаа гарч, дэлхий дахин ч үүнийг нь хүлээж байдаг.

Түүний гол зорилго нь одоо сангийнхаа ажлыг сайжруулж улам өргөтгөн үргэлжлүүлэх, шинэ ном гаргах, шинэ өгүүлэл бичих, хүүхэд багачуудын эрхийн төлөө улам ихийг хийх.

Тэр бас Пакистаны Ерөнхий сайд болж алан хядагчдын бүлэглэлийн үйл ажиллагаа, цус урсгасан дайныг эцэс болгохыг мөрөөддөг. Холливудад нэг санал гарч байснаар бол Малала Юсуфзай охины оролцсон уран сайхны кино дэлгэцэнд гарч магадгүй л юм.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН. Х.Өлзийбаяр


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин