• Эхлэл
  • “Эрдэнэс Таван толгой” компани хууль бус ТУЗ 480 тэрбум төгрөгийн зардал баталжээ

“Эрдэнэс Таван толгой” компани хууль бус ТУЗ 480 тэрбум төгрөгийн зардал баталжээ

2019/03/05

Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” гэж эрх ашгийн зөрчилтэй компанийн талаарх мэдээлэл сүүлийн үед түгэх боллоо. Энэ компанийн 1072 хувьцааг эдүгээ хоёр сая 511 хүн эзэмшиж байгаа судалгаа бий. “Эрдэнэс Таван толгой” компани хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд гаргасан гэж байгаа. Гэвч нэгж хувьцаанд хэдэн төгрөг ногдох нь одоогоор тодорхойгүй байна. Тус компани сүүлийн хоёр жил дараалан ашигтай ажилласан. Тухайлбал, өнгөрсөн онд 801 тэрбум төгрөгийн цэвэр ашиг гарчээ. Гэвч хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараахаас илүү удирдлагын зардлаа нэмэгдүүлэх, төсвийн үрэлгэн байдлыг чухалчлан үзэх болжээ. Эдийн засагчид “Эрдэнэс Таван толгой” компани хувьцаа эзэмшигчдэд нэг их наяд төгрөгийн ногдол ашиг тараах боломжийг нууж, 2019 оны төсвөө үрэлгэн байдлаар баталсан хэмээн шүүмжилж байгаа юм. Жишээ нь: Тус компанийн ТУЗ энэ онд зөвхөн оффисын барилга худалдан авахад зориулж 42 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа аж. Тэгвэл энэ мөнгөний задаргааг тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр дараах байдлаар тайлбарлав.

Тэрбээр “Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани түрээсийн байранд байдаг. 2010 оноос хойш түрээст зургаан тэрбум төгрөг төлсөн. Иймд өөрийн байртай болох шийдвэр гаргасан. Манайх бусад өндөр ашиг орлоготой компаниудаас харьцангуй бага орон тоогоор ажилладаг. Харин IPO гаргахтай холбоотойгоор орон тоо бага хэмжээгээр нэмэгдэнэ. Тиймээс оффисын байр зайлшгүй шаардлагатай. Зөвхөн нэг оффисыг 42 тэрбум төгрөгөөр авах гэсэн юм биш. Энэ мөнгөний 19 тэрбумаар нь Улаанбаатар хотод оффис худалдан авна. Мөн 13 тэрбумаар нь Цогтцэций суманд уурхайн оффисын байр барьж, дөрвөн тэрбумаар нь гаалийн хяналтын бүс, түүний дэргэд 3.2 тэрбумаар лаборатори байгуулна. Ингээд бүх барилга, байгууламжийн төсөв нийлээд 42 тэрбум төгрөг болж байгаа юм” гэлээ.

Үүнээс гадна энэ оны төсөвт нь танаж болохоор “Но”-той өртөг зардал чамгүй байгаа юм. Тухайлбал, комьпютер, түүний дагалдах хэрэгсэлд 4.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тэгвэл нэг комьпютерийг гурван сая төгрөгийн үнэтэй гэж тооцвол 1.5 мянган ширхгийг авна. Гэтэл тус компани 700 гаруй ажилчинтай юм. Үүнд оффисын болон уурхайчид, тээвэрчид орж байгаа. Тэгэхээр танаж болох зардлын нэг яах аргагүй мөн болж таарах нь.

Мөн борлуулалт маркетингийн зардалд 302 тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэтэл нүүрсний экспортын замд 108 км түгжрэл үүсч байхад энэ мөнгийг юунд зарцуулж ямар маркетинг хийх нь тодорхой бус байгаа юм.

“Эрдэнэс Таван толгой” компани энэ онд нийт 480 тэрбум төгрөгийн зардлыг ямар ямар зүйлд зарцуулах болсныг доорх хүснэгтээс харж болно.

Тэгвэл “Эрдэнэс Таван толгой” компанийн ТУЗ хууль бусаар ажиллаж байгаа хэмээн үздэг хүмүүс ч бий. Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр "Эрдэнэс Таван толгой" компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар ТУЗ-өө сонгоогүй. Ийм учраас ТУЗ-ийн шийдвэрийг хууль бус гэж үндэс хууль зүйн үндэслэлтэй. Ялангуяа, ТУЗ-ийн дарга нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар сонгогдоогүй учраас гаргасан бүх тогтоол нь хүчин төгөлдөр бус юм. Бодит байдал дээр ТУЗ-ийн гишүүд нь ажлаа хийж чаддаггүй, ний нуугүй хэлэхэд гишүүд нь өөрсдөө ашиг сонирхлын зөрчилтэй. Аудитын хуралд багтдаг хүмүүс нь хүртэл байгаа. Ийм учраас гол хувьцаа эзэмшигч УУХҮЯ-ны зүгээс хувьцаа гаргана гэж яарахаас илүү эхлээд ТУЗ-ийн гишүүдээ хууль ёсных болгох ёстой. Тэгээгүй цагт гаргасан бүх шийдвэр тогтоол нь хууль бус байна. Энэ нь эргээд тус компанийн IPO хийх асуудал хуулийн дагуу эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа юм” хэмээн мэдэгдсэн билээ.

Дашрамд дурдахад Хятад Австралиас нүүрс авахаа түр зогсоосон. Учир нь Австралид үер буусан, Хятад геополитикийн бодлогоор нүүрсний хориг тавиад байгааг олон улсын хэвлэлүүд онцлоод байна. Ийм тохиолдолд “Эрдэнэс Таван толгой” компани нэг тонн нүүрсээ 100 ам.долларт хүргэх боломж байгаа аж. Харин тус компани энэ талаар ямар нэг ажил хийж буйгаа мэдээлээгүй байна. Одоо нэг тонн нүүрсээ 70 ам.доллараар борлуулж буй мэдээлэл бий. Хэрэв 90 ам.долларт хүргэвэл энэ онд 900 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах бүрэн бололцоо байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН. Сэтгүүлч Т.Жанцан


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин