• Эхлэл
  • Улс төр
  • Э.Бат-Үүл:Х.Баттулгын багийнхан 30-аад оны ”онцгой комисс” шиг ажиллаж байна.

Э.Бат-Үүл:Х.Баттулгын багийнхан 30-аад оны ”онцгой комисс” шиг ажиллаж байна.

2019.03.15

Ерөнхийлөгч Х.Баттулгын багийнхан 30-аад оны "онцгой комисс" шиг ажиллаж байна. Шүүхийн журам, хууль ёсыг нулиман хүмүүсийг "гэмт хэрэгтэн" мэт зарлан сурталчлаад л, олон түмний тархи угаагдангуут цагдаатай очиж гэрчийг гавлаад л, айж ичиж чичирчихсэн хөөрхий тэднийг телевизийн бүх сувгаар орон даяар үзүүлээд л, "онцгой комисс"-ын онцгой дэглэм тогтоогоод л! "Ардын дайсан" болгон харуулж буй нь тэр.

"Ардын дайсан" болгодог дарааллыг ягштал баримталж байна. Эхлээд гэмт хэрэгтэн гэж зарлаад дараа нь гэмт хэрэгтэн мөн болохыг нотлох үүргийг цагдаад өгч байх юм. Ёстой цагаандаа гарчээ!

Хаа хамаагүй явсан намайг Эрдэнэтийн 49 хувийг авсан гэх "хэрэг"-т ор үндэсгүйгээр шууд гүтгэн "шааж" холбогдуулав. Тэгмэгцээ "Элбэгдоржийг өмөөрөөд байгаа нь ийм учиртай байж!" хэмээн яг л "ногоон малгайтан"-ы бодрол аятай өөрсдийн таамгийг дэвшүүлэв. Миний биеийг мөн "ардын дайсан" болохыг илчилж буй нь энэ бололтой. 

Зүй нь манай Ерөнхийлөгч Х.Баттулга ямар сураагүй юм биш, иргэнийхээ хувиар прокурорт хандан "миний 49 хувийг" шалгуулах хэрэгтэй. Яагаад тэгэж болохгүй гэж?! Ерөнхийлөгч намайг прокурорт өгөөгүйг бодоход "Элбэгдоржийг өмөөрөхөө зогсоохгүй бол хохь чинь шүү!" гэсэн урьдчилсан сануулга бололтой!

Үнэндээ Элбэгдоржийг өмөөрөхөө ч хат даа. Би түүний зарим политикийг их хурцаар шүүмжилж золиг оргиод байдаг л даа. 

Өмөөрч чадахгүй байгаа. Уг нь өмөөрөх ёстой юм. Яагаад гэвэл би түүнтэй хамт Ардчилсан хувьсгалын төлөө хамт тэмцэж явсан хүн. Зориг, Элбэгдорж бид хэдийг хорих гэж Ганц худгийн өрөө бэлдэж байсан юм шүү!

Би дөчин мянгатын хүүхэд! Дөчин мянгатын хүүхдүүд бид "тулалдааны талбар"-т нөхрөө хаядаггүй юм. Яагаад гэвэл дөчин мянгатын хүүхдүүд бид Монголын анхны коммунитийн соёлын үр сад. Тийм болохоор бид "бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ" хэмээх үгийн гүн гүзгий утгыг байнга мэдэрч өссөн. Тэгээд "нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө" гэсэн уриан доор хүн болсон. Дөчин мянгатынхан бид үүгээрээ бахархдаг.

Ардчилсан хувьсгалын төлөө хамт тэмцэж явсан хүмүүсийг маань шорон, гянданд хийхэд би л очиж эргэж тойрч, тэднийхээ төлөө тэмцэл зохион байгуулж ирсэн. Санжаасүрэн хурандаа, Батзандан, Магнайгаас авахуулаад Эрдэнэ даргыг хүртэл бүгдийг нь орхиж байгаагүй. Элбэгдоржийг гүтгэн улсын нууц задалсан хэргээр шүүн яллахад нь миний бие ардчилсан холбооныхонтойгоо цуглаан зохион байгуулж байв, Гүндалайг баривчилж гавлаад, Ганц худаг руу ачаад явахад нь телевиз рүү дайран орж чөлөөлж байлаа. Ийм эр хүн байхыг дөчин мянгат надад сургасан юм!

Намайг ямар нэг МАНАН-д хэзээ ч орж байгаагүйг ард олон мэднэ. Н.Энхбаярыг УИХ-ын дарга, Элбэгдоржийг Ерөнхий сайд болгохоор бий болсон 62-ын бүлгээс эхлэлээ авсан манантах үйл явцыг бүх цаг үед эсэргүүцэж ганцаардсан улстөрч бол чухам миний бие билээ. Тулалдан тэмцэхдээ урвах, найрахыг ухаант политик хэмээн эндүүрэхгүй байхыг дөчин мянгатад "байлдаж тоглох"-доо сурснаас тэр!

МАНАНд ороогүйн төлөө намайг Ардчилсан намаас хөөх тухай хүртэл яригдаж байсан юм шүү дээ! МАНАН гэдэг бол анх Баабар маань өгсөн нэр.

Монголд одоо Ерөнхийлөгч Х.Баттулгын "айлгахуй" операци хүчээ авч байна!

Шинэ МАНАН-гийн мандаж буй од Оюун-Эрдэнэ бээр улам бүр Ерөнхийлөгч Баттулгын "зандалчин" болж байгааг монголчууд харж байна. Тэрбээр хэн гэмт хэрэгтэн, хэн гэмт хэрэгтэн биш гэдгийг "шууд тогтоох" боллоо. Өөрийнх нь тогтоосныг үл зөвшөөрсөн шүүгчийг зөрүүлээд "гэмт этгээд" гээд л зарлачихаж байна.

Сайн сэтгүүлч асан Мөнхбаясгалан Ерөнхийлөгч Баттулгын "хэвлэлийн алуурчин" болоод улстөрчид, бизнесмэнүүдийг ангуучилж байсан нь багадаад ардчиллыг "алж" эхэллээ.

З.Энхболд маш зуумхай хүн гэдгээ харуулах шиг л болж байна. Ямар айхтар зуудгаа, арван жилийн сургуулийн нөхөр С.Баярцогтыг "өргөл" болгон олон түмэнд харуулсан л даа.

Сая өөрийнх нь ажил үүргээс тусдаа ҮАБЗ-ийн нэрийн өмнөөс,"Эрдэнэтийн 49 хувийг авах тухайгаа надад дуулгаагүй тул би Оюун-Эрдэнийг Эрдэнэт рүү явуулсан" гэх гээд байгаа юм уу гэмээр юм ярина билээ.

Дарангуйлагчийн политик (улс төр)-ийн таних тэмдэг нь хүнийг ичээх, айлгах, худалдаж авах, хүчийг харуулах, сүрийг үзүүлэх, сүрэглүүлэх, сүргээр айлгах байдаг юм. Тэд ардчилагчид шиг хүний эрх, эрх чөлөөг дээдлэх мээдлэх элдэв маяг байхгүй. Тэд ардчилагчид шиг хууль ёс мос гээд шийрэгнээд байхгүй.

Ерөнхийлөгч Баттулгын багийнхан яг л ингэж байна. "Хэвлэлийн алуурчин" тэргүүтэй "цахим ороолонгууд"-аараа хүнийг цэнзүргүй гүтгэн гутааж ичээгээд, дараа нь Оюун-Эрдэнэ "зандалчин" тэргүүтэй "хөх босоо"-нууд, хүчний байгууллага орж ирэн дарамталж айлгана. Энэ бүх үйл ажиллагаагаа орон даяар пиардана.

Н.Энхбаярыг "оймс гозолзуулж", Х.Баттулгын Баянголыг нэгжиж байх үед дайралтад өртсөн Н.Энхбаяр, Х.Баттулга нар өөрсдөө, сонин, телевиз зэрэг хэвлэл мэдээллийнхнийг дуудан ирүүлж, болсон явдлыг ард түмэнд хүргэдэг байлаа. Тэгэхэд баривчилгаа бол засгийн пиар байгаагүй юм.

Харин одоо бол баривчилгаа нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас зориуд зохион байгуулдаг хэвлэл мэдээллийн "сүрт" пиар болжээ. Угтаа "хүчийг харуулахуй, сүрийг үзүүлэхүй"-н цаад зорилго нийгмийг айлгах явдал л даа.

Ерөнхийлөгч Х.Баттулгын багийнхан санасандаа хүрч байна. Хүмүүс айгаад эхэлсэн!

Британид Элчин сайд байснаа татагдаж ирээд шоронд хоригдсон Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нараар эхлүүлэн баривчлагдагсад дуу ч гарахаа байсан. Үнхэлцэг нь хагарсан бололтой, хөөрхийс.

Надтай хамт МАХН-ын Улстөрийн Товчоог огцруулах гэж өлсгөлөн зарлаж явсан Дорлигжав маань зүрхтэй, цөстэй л хүн байсан юмдаг. Цензүргүйгээр "шаалгаад", С1-ээр баривчлагдаж явснаасаа хойш бүр таг. "Чацга алдсан" бололтой, зайлуул.

Магнай Трейд, Петровис, Голомт, Худалдаа Хөгжлийн банк зэрэг том бизнесийн төлөөллийг толгой дараалан баривчлан сануулга өгөх ажиллагаа үргэлжлэн явсаар байна. Бизнесмэнүүд нь "гавлуулаад" байдгаараа айчихсан буй. Угаасаа л алдах юмтай бизнесийнхэн аймхай болоод бэртэгчин байдаг. Бизнесмэнүүд одоо 30-аад оныхон шиг "ханцуйндаа шивнэж" ярьдаг болжээ.

Ерөнхийлөгчийн багийнхан энэхүү "айлгахуй" операцийг жил хагасын өмнөөс төлөвлөн хэрэгжүүлсэн юм.

Эхлээд нээлттэй эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт, олон тулгуурт гадаад бодлого зэрэг төрийн бодлого (политик)-ийг эрүүгийн гэмт хэрэг болгон зарлаж, хариуцан ажилласан төрийн томчуулыг гэмт хэрэгтэн мэт шалгаж эхэлсэн. Төрийн бодлогыг гэмт хэрэг болгох явдал өмнө нь ангийн тэмцлийн жилүүдэд л тохиож байсан.

Сүүлдээ бизнес хийхийг хууль ёсны байсан ч гэмт хэрэг хэмээн үзэх боллоо. Шинэ МАНАН-гийн бүлгийнхний талын бизнес хууль ёсны, бусад нь хууль бус мэтээр ангилагдах аж.

Түүгээр зогсохгүй нэгэнт бичигдсэн хуулиа баримтлан ажиллаж байгаа хуульчид, төрийн албан хаагчид мөн л гэмт хэрэгтэн мэт цоллуулах боллоо. 30-аад оны хэлмэгдүүлэлтийн өмнө мөн ингэж байсан юм.

Ийнхүү Ерөнхийлөгч Баттулгын багийнхан "айлгахуй" операциараа хүссэнээ гэмт хэрэг, гэмтэн болгон хувиргаж, олон нийтэд цензүргүй зарлах зэргээр цадиггүй даварлаа. Энэ операци монголчууд бидэнд их танил. Манай хойд хөршид Путины багийнхан яг иймэрхүү "айлгахуй" операци явуулан авторитари дэглэмээ тогтоосон!

Ерөнхийлөгчийн багийнхан хүмүүсийг айлгаж ичээгээд зогсохгүй, миний хамгийн эгдүү, зэвүүг зэрэг хүргэж байгаа зүйл нь 90 оны Ардчилсан хувьсгалыг маань "түүхийн алдаа", "өнөөгийн муу муухайн эхлэл" гэх мэтээр "цензүргүй түүх"-ээрээ дайрсан явдал. Сүүлдээ бүр ардчилал бол Монголыг Хятадын нөлөөнд оруулах бодлого байсан мэтээр "шааж" байна.

Ёстой хуцваа! Тэгэж ярих юм бол Ардчилсан хувьсгалын үр өгөөжийг хамгийн их хүртсэн хүний нэг бол Х.Баттулга мөн!

Би юуг ч тэвчиж чадна. Тэвчсээр чиг ирсэн. Харин амин голоос хайртай Ардчилсан хувьсгалыг минь гутааж харлуулахыг тэвчиж чадахгүй. Ардчиллыг устгахыг тэвчихгүй. Монголыг дахин Оросын "колони" орон болгохыг тэвчиж чадахгүй!

Чааваас Ерөнхийлөгч намайг ичээж айлгах гэнэ, чадахгүй ээ! Тэгэхийн оронд ардчилал, Үндэсний эрх чөлөөг маань оролдолгүй зүгээр орхичих. Монголчууд эрх чөлөөтэй байг. Би санаа амарч, өөрөө яваад өгнө!

Ерөнхийлөгч Баттулга, Уго Чавес (Чааваас) шиг "социализмыг сэргээх" гэж санаархахдаа Монголыг Төв Ази дахь Венесүэл болгох гэж байна. Монгол шинэ МАНАН-д булаагдсан уул уурхай, эд баялаг, төрийн өмч (улстөрчдийн өмч байдаг!) бүхий "хаалттай" эдийн засагтай орон болж байна!

Тэгвэл нэг юмыг мэдэх хэрэгтэй. Ард түмэн, нэг доллар арван мянган төгрөгт хүрэхийн цагт уурлана, тавин мянган төгрөгт хүрэхийн цагт жагсана, зуун мянгад хүрэхийн цагт "Шинэ манан"-гийн дэглэмийг түлхэн унагах хувьсгал хийнэ шүү! 

Э.Бат-Үүл


ИХ УНШСАН
    Сонин хачин