• Эхлэл
  • Л.Энхболд гишүүн ЖДҮХС-гаас гэмт хэрэгтэнтэй хавсарч 4.1 тэрбум төгрөг хулгайлсан

Л.Энхболд гишүүн ЖДҮХС-гаас гэмт хэрэгтэнтэй хавсарч 4.1 тэрбум төгрөг хулгайлсан

2019/03/18

ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийн буухиаг УИХ-ын гишүүн Л.Энхболд манлайлж буй. Түүний охин Л.Мандухайн нэр дээр үүсгэн байгуулсан “Мийт экспорт интернэйшнл” компани нь 2016 оны арванхоёрдугаар сарын 21-нд 1.3 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан байна.

Тэгвэл охин Э.Мандухайн нэр дээр үүсгэн байгуулсан “Мийт экспорт интернэйшнл” компанийн бүх хувьцааг 2017 оны арваннэгдүгээр сарын 24-нд Э.Чагнаасүрэнд шилжүүлсэн болохыг улсын бүртгэлд тэмдэглэсэн байгаа юм. Э.Чагнаасүрэн гэх залуу нь Л.Энхболд гишүүний туслах бөгөөд шүүхээс ял сонсож байсан гэмт хэрэгтэн. Түүний эзэмшдэг “Хас говь транс” компани нь ЖДҮХС-гаас 2018 оны зургадугаар сарын 29-нд 950 сая төгрөгийн зээл авсан байна.

Тэгвэл ахиад ч Л.Энхболд гишүүнтэй хамаатай байж болох хоёр компанийн нэр хэвлэлээр дурдагдаад буй. Тодруулбал, ЖДҮХС-гаас 1.2 тэрбумын зээл авсан “Жаргалант харвест” компани 2009 онд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагджээ. Одоогийн эзэмшигч нь Л.Батсүрэн гэх хүн байдаг аж. Мөн тус сангаас 650 саяыг зулгааж чадсан “Азийн говь” гэж нэртэй компанийг ч Л.Энхболд гишүүний хамааралтай гэж үзэж буй.

Ингээд тооцвол, УИХ-ын гишүүн Л.Энхболд ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий дээр нэр дурдагдсан дөрвөн өөр компаниар дамжуулан нийт 4.1 тэрбум төгрөгийг эрх мэдэл, давуу байдлаа ашиглан Эрүүгийн хуулийн 22.1.3 дугаар зүйлийг зөрчиж, төрөөс их хэмжээний мөнгө хулгайлсан хэрэгт сэрдэгдэж байгаа юм.

Э.Чагнаасүрэн нь УИХ-ын гишүүн Л.Энхболдын ХОМ-т мэдүүлсэн “Ирээдүй инвест” ББСБ-д 2014 онд нягтлан бодогчоор ажиллаж байсан нэгэн. Тэрбээр энэ Л.Энхболд гишүүнтэй ойр дотно харилцаатай явсаар 2016 оны УИХ-ын 26 дугаар тойрогт нэр дэвшихэд нь Л.Энхболдод 1.5 сая төгрөг хандивлаж, гишүүнээр сонгогдсоных нь дараа туслахаар нь ажиллаж эхэлжээ.

Э.Чагнаасүрэн нь 1981 онд төрсөн нягтлан бодогч мэргэжилтэй. 2006 оны наймдугаар сарын 10-нд нэр бүхий дөрвөн хүнтэй хамтран “Хаан түшиг” нэртэй хадгаламж, зээлийн хоршоог үүсгэн байгуулж, бизнесийн гараагаа эхлүүлжээ. Гэвч тавхан сарын дараа тус хоршоо 15 харилцагчаа 64.3 сая төгрөгийн хохиролд оруулж, 2007 оны нэгдүгээр сарын 16-нд Эрүүгийн хуулийн 148.3-аар буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах зүйчлэлээр Чингэлтэй дүүргийн шүүхээс зургаан жилийн хорих ял сонсож байжээ.

Дээрх компаниуд Л.Энхболд гишүүнтэй холбоотой болох нь хууль хүчний байгууллагын мөрдөн байцаалтаас харагдаж буй. ЖДҮХС-гийн дуулиан дэгдсэн даруйд УИХ-ын гишүүн Л.Энхболдтой хамаатай гэгдэх “Жаргалант харвест” ХХК-ийн захирал Л.Батсүрэн болон “Хас говь транс” компанийн захирал Э.Чагнаасүрэн нарыг хууль хүчний байгууллагаас саатуулсан гэсэн мэдээлэл гарсан боловч өнөөдөр энэ асуудал ямар шатандаа яваа нь бүрхэг байна.

Хамгийн гол нь, ЖДҮХС-гаас 950 саяыг туусан гэх Э.Чагнаасүрэнгийн эзэмшлийн “Хас говь транс” компани үйл ажиллагаа явуулдаг эсэх нь эргэлзээтэй төдийгүй зээл авахаар байгуулсан цаасан дээрх компани ч байж магадгүй гэсэн яриаг албан бус эх сурвалж хэлсэн. Тийм ч учраас өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Энхболдыг прокуророос яллагдагчаар татаад байгаа юм. УИХ-ын гишүүн Л.Энхболд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны талаар товч тайлбар хийсэн байдаг. Тэрбээр "Миний өөрийн хамаарал бүхий компани буюу банк бус санхүүгийн байгууллага байдаг. Энэ ББСБ-д ЖДҮХС-гаас зээл авч, санхүүжилт оруулаагүй. Би мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй. Манай тойрогт махны үйлдвэр байгуулна гэсэн компани байсан. Тэр компанийг төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд асуудлыг шийдэх бололцоог судалж үз гэсэн бичиг явуулсан. Би бүрэн эрхээсээ түдгэлзэх боломжтой. Гэхдээ өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад журмын нөхдөө сонсохоос өөр аргагүй болчихсон. Өнөөдөр би бүрэн эрхээсээ татгалзах юм бол шударга бусын хонгил цаашаа явна. Тэгвэл олон бизнесмэн, улстөрч хохирох нөхцөл үүснэ" гэсэн.

УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өмнийн говиос сонгогчдын итгэлийг хүлээж, парламентад суух эрх авсан. Тэрбээр өнгөрсөн жил улсын баяр наадмын үеэр сонгогч олондоо гэнэтийн бэлэг барьсан нь өөрийн хөргийг жаазалж тараасан явдал байсан. Ийнхүү саяхныг хүртэл “Жааз” хочтой явсан тэрбээр өнгөрсөн зургадугаар сараас эхлэн “ЖДҮ-чин” хочтой болоод буй. ЖДҮХС-гаас 4.1 тэрбумыг хулгайлж, баячуудын эгнээнд ороод байгаа бололтой.

Түүний АТГ-т өгсөн ХОМ-т 315 сая төгрөгийн орлоготой гэжээ. Мөн гэр бүлийн орлого нь 13980 төгрөг, орон сууц, барилга байгууламж таван ширхэг байдаг аж. Орон нутгаас сонгогдсон түшээ 530 хонь, 390 адуу, 590 ямаатай. Хувийн хэвшлийн газаргүй, үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлгүй ч дансандаа 13.794.000 төгрөгтэй. Парламентад суухаасаа өмнө Өмнөговь аймгийн МАН-ын даргаар ажиллахын сацуу аймгийн – “Залуучуудын хөгжлийн төв” төрийн бус байгууллагын тэргүүний албыг давхар хашдаг байжээ. Мөн “Ирээдүй инвест” ББСБ-ын захирлаар ажиллаж байжээ. Түүний ББСБ 230 сая төгрөгийн өртэй ч 1600, 3216, 2080 ширхэг хувьцаатай. Нийт дүрмийн сангийн хэмжээ нь 2.081.600.000 төгрөг. Үүний ногдол хувь нь - 50, 50 хувийн харьцаатай аж.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН. Б.Бямбасүрэн.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин